Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форум 2015 зохион байгуулагдана
Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форум 2015 зохион байгуулагдана
2015.11.26

Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форум 2015 зохион байгуулагдана

Монголын Банкны Холбооноос Хас Банк, IFC, FMO, UNEP FI, БОНХАЖЯ, Монголбанк, НЗД болон МҮХАҮТ-тай хамтран Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015 арга хэмжээг “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдэв дор 2015 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 08:00-14:00 цагийн хооронд Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.  

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн хүрээнд нийт банкууд 2015 оноос эхлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон 4 салбар (уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах)-ын удирдамжуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсний дагуу банкууд аливаа зээл санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлдэг болж, ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзах болон өөрсдийн дотоод үйл ажиллагаанд ТоС-ийн зарчим, шаардлагуудыг баримтлах зэргээр амжилттай ажиллаж байгаа билээ.

Банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын ногоон эдийн засаг, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй, “ногоон” техник технологийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, ногоон төслүүдийг санхүүжүүлэх урамшууллын хөшүүрэг, тогтолцоо бий болгох шаардлага байна.

Иймд банк, банкны харилцагч, бизнес эрхлэгчдийн дунд ногоон зээл, санхүүжилтийн талаар мэдлэг ойлголт, чадавхийг нэмэгдүүлэх, ногоон төслүүдийг санхүүжүүлэх урамшууллын хөшүүрэг, төрийн бодлого, санхүүжилтийн механизмийг бий болгох, энэ хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар асуудлуудыг Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015 арга хэмжээгээр хэлэлцэх юм.

Форумтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг МБХ-ны веб сайтнаас авна уу.

Монголын Банкны Холбоо