Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлнэ
Герман-Монголын хамтарсан хөрөнгө оруулалтаар (4.5 сая орчим евро) менежментын зохион байгуулалт болон цогцолборын дэд бүтцийг нь сайжруулахаар сонгон шалгаруулсан нийт 11 тусгай хамгаалалттай газар, нутгуудыг 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр олон нийтэд танилцуулав.
Дээрх арга хэмжээнүүд нь Герман-Монголын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй, нийт 15 сая орчим еврогийн төсөв бүхий “Байгалийн олон янз байдлыг хадгалан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнээс Германы тал өөрийн хувь нэмэр болох 11,5 сая еврог Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)- аас авах боломж олгожээ.
Тусгай хамгаалалттай газар нутгуудын төлөөлөгчидтэй хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н. Батцэрэг хэлэхдээ: “Герман Улс Монгол орны тусгай хамгаалалттай дахин давтагдашгүй газруудыг онцгойлон дэмжиж байгаад бид баяртай байна. Биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахын сацуу түүнээс харилцан хамааран аж төрж буй хүмүүсийн амьдрал ахуйн эх үүсвэрийг сайжруулах нь чухал билээ. Зөвхөн ингэснээр л бид тогтвортой хөгжлийг бий болгож чадна.” хэмээн цохон тэмдэглэв. Дараах тусгай хамгаалалттай газар, нутгуудад дэмжлэг үзүүлнэ. Үүнд Дорнод, Горхи Тэрэлж, Хангай, Хан хэнтий, Хустай, Онон Балж, Орхон, Отгонтэнгэр, Тарвагтай, Улаан Тайг болон Зэд хантай нар багтсан болно.
„Биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах, уур амьсгалд ээлтэй тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг бид дэмжин, цаашид ч найдвартай түнш нь байх болно. Ийнхүү, 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд хамтдаа хувь нэмэр оруулах юм“, хэмээн ХБНГУ-ын Элчин сайд Герхард Тийдеманн онцлов. Элчин сайд цааш нь хэлэхдээ, Холбооны Засгийн газраас дэлхий даяар ойн болон экологийн тэнцвэртэй байдлыг хадгалан хамгаалахад зориулж жилд 500 сая еврог зарцуулдаг гэв.
Тусгай хамгаалалттай газар нутгийг сонгон шалгаруулахад ирүүлсэн өргөдөл, баримт бичгийн агуулга, чанар чухал үзүүлэлт нь байв. Санхүүжилт хүссэн өргөдлүүдэд өрсөлдөөний зарчмын дагуу дүн шинжилгээ хийснээр хамгийн сайнуудыг нь сонгосон болно. Дараагийн ээлжэнд төсөлд хамрагдсан газар, нутгуудийн нөхцөл байдлын судалгааг хийж, эдгээрт үндэслэн нутгийн уугуул иргэдийн оролцоотойгоор нэн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг ханган, хэрэгжүүлэх юм.