Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь олон талын хамтын ажиллагааны үр дүнгээс шалтгаална
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхийн хэрээр дэлхийн дулаарал эрчимжиж, дэлхийн нийгэм-эдийн засаг, байгаль орчинд бодитой аюул учруулж байна.
Иймд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (цаашид Конвенц гэх)-д оролцогч бүх тал цаашид дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2°С-аас доош барьж 1.5°С-т хязгаарлах, бүх улс орон заавал дагаж биелүүлэх шинэ баримт бичиг батлан гаргах зорилт тавин ажиллалаа. НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс “Конвенцийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол улсын оруулах хувь нэмэр” (товчоор үндэсний зорилтот хувь нэмэр)-ийн баримт бичгийг боловсруулан, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт албан ёсоор хүргүүлсэн.
Тус баримт бичиг нь тийнхүү хувь нэмрээ тодорхойлон ирүүлсэн бусад 180 гаруй орны бичиг баримтын хамт Конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлаар хэлэлцэх үндсэн асуудлын суурь болж өгсөн юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурал 2015 оны 11 дүгээр сарын 30-аас 12 сарын 11-нд Франц улсын нийслэл Парис хотноо хуралдаж Парисын Хэлэлцээр (Paris agreement) хэмээх баримт бичгийг батлан гаргасан. Үүнтэй холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмрийг тодорхойлох төслийн хаалтын тайлан-семинар болж байна.
Энэхүү тайлан-семинарыг нээж Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: Цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь дан ганц Байгаль орчны салбарын үүрэг хариуцлага биш бөгөөд холбогдох бүхий л талуудын хамтын ажиллагааны үр дүн байх болно гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Тус тайлан-семинарын хүрээнд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын бага хурлаас гарсан шийдвэр, манай улсын зорилтот хувь нэмрийн талаар мэдээлэл хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон байна. Мөн тайлан-семинарын үеэр “Уур амьсгалын өөрчлөлт Монголд” сэдэвтэй фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдсан.
Конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурал (COP21)-ын талаар товч:
Дэлхийн 195 орны албан ёсны төлөөлөгчид, иргэний нийгмийн болон бусад байгууллагын төлөөлөл нийт 50 мянга гаруй хүн оролцсон Конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурал Францын Парис хотноо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөн, 2020 оноос авч хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг тусгасан “Paris agreement” хэмээх шинэ баримт бичгийг батлан гаргасан. Энэ удаагийн талуудын бага хуралд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй 20 гаруй албаны төлөөлөгчид оролцсон байна. Тус хурлын нээлтийн өдөр буюу 11 дүгээр сарын 30-нд дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар оролцсон “Удирдагчдын уулзалт” арга хэмжээ болсон бөгөөд уг арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож Монгол улсын байр суурийг илэрхийлэн үг хэлсэн.
Тус бага хурлын өндөр хэмжээний хуралдаан 12 сарын 7-8-нд болж 130 гаруй орны сайд нарын түвшний төлөөлөгчид оролцов. Уг хуралдаанд БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг оролцож үг хэлсэн бөгөөд тэрээр Монгол улс “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Ногоон хөгжлийн бодлого”-оо батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа болон үндэсний зорилтот хувь нэмрээ боловсруулж хүргүүлсэн талаар дурдаад, тэдгээрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд технологи, санхүүжилт, чадавх бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай талаар цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг "Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны форум"-д оролцож, энэ чиглэлийн хамтын ажиллагааг дэмжиж, оролцохоо илэрхийлсэн байна. Тус форумд БНХАУ-ын улсын сайд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар энэ чиглэлээр нийт 3.1 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөж байгааг мэдэгдэж, уг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Сайд Н.Батцэрэг талуудын бага хурлын үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр /НҮББОХ/-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ахим Штайнэр, Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мишел Жаррауд, Даян дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн /ДДНХХ/-ийн удирдах зөвлөлийн дарга Индонез улсын Ерөнхийлөгч асан Сусило Бамбанг Юдойоно, Ерөнхий нарийн бичгийн дарга Иво дэ Бур, Япон улсын Парламентийн Зөвлөхүүдийн танхимийн гишүүн, Байгаль орчны сайд хатагтай Тамаёо Марукава, АНУ-ын Төрийн департаментын Уур амьсгалын асуудал хариуцсан орлогч, тусгай элч хатагтай Карэн Флорини, БНХАУ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Си Зинхуа зэрэг өндөр албаны хүмүүстэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Талуудын бага хурлын үеэр Парис хотноо орон нутгийн удирдлагад зориулсан тусгай арга хэмжээнүүд зохион байгуулж хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтөд хотуудын оруулах хувь нэмэр, эргээд хот суурин газар уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн өртөх, түүнээс сэргийлэх талаар хэлэлцүүлгүүд хийв. Эдгээр арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцож яриа хэлцэл хийсэн байна.
Конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурал (COP21)-аар хөгжингүй болон хөгжиж буй бүх улс орон Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, санхүүжилт, технологи, чадавх бэхжүүлэх асуудлуудын талаар хамтран хэлэлцэж, тодорхой хэмжээний үүрэг хүлээх “Парисын Хэлэлцээр” гэсэн шинэ баримт бичгийг батлан гаргасан. Тус баримт бичигт 2020 он болон түүнээс хойш дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг 2°C-аас хэтрүүлэхгүй байх, 1.5°C-ын дотор байлгахад бүх улс орон бүхий л хүчин чармайлтаа дайчлах талаар онцлон тусгасан байна.
Далайн жижиг арлууд болон ган гачаал, үер усны аюул зэрэг байгаль цаг агаарын аюул гамшигт өртөмтгий 20 улс орныг нэгтгэсэн “Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орнуудын форум”-д энэ хурлын үеэр Монгол улс зэрэг 10-аад улс шинээр нэгдэж орсон юм. Энэ форумд оролцогч орнууд уур амьсгалын өөрчлөлтийн босгыг 2°С биш 1.5°С болгох зарчмын шинэ санал дэвшүүлсэн бөгөөд бусад хөгжиж байгаа болон хөгжингүй 120 гаруй улс орон энэ саналыг дэмжсэн юм. Энэ нь хэдийгээр боловсруулсан бичиг баримтын төсөлд багагүй өөрчлөлт оруулахад хүргэсэн хэдий ч саналыг Талууд нийтээрээ хүлээн зөвшөөрч Хурлаас батлан гаргасан “Парисийн хэлэлцээр”-т шинэ нэмэлт зорилт байдлаар томьёологдон орсон юм.
Тайлан-семинарт “Ногоон хөгжил ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдэвт илтгэлийг БОНХАЖЯ-ны мэргэжилтэн Т.Гэрэлт-од, “НҮБУАӨСК-ийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол Улсын оруулах хувь нэмрийн баримт бичиг” сэдэвт илтгэлийг БХС-ын УАӨТХН-ийн төслийн менежер Б.Тэгшжаргал, “Конвенцийн Талуудын XXI бага хурал ба Парисын хэлэлцээр” сэдэвт илтгэлийг БХС-ын УАӨТХН-ийн зөвлөх З.Батжаргал нар тус тус танилцууллаа. Мөн энэ үеэр “Уур амьсгалын өөрчлөлт Монголд” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн юм.