Онгоцны буудлын тамхины өрөөнд долоон сар амьдарч буй хүний түүх
2016.03.10

Онгоцны буудлын тамхины өрөөнд долоон сар амьдарч буй хүний түүх

Москвагийн Шереметьево онгоцны буудалд хагас жил амьдарч буй Сирийн цагаач Хасан Ясины түүх

"Би Оросод хагас жил гаруйн өмнө ирсэн. Би гурван сарын жуулчны визтэй байсан. Визний хугацаа дуусахад цагаачийн хувиар орогнол хүссэн юм. Гэвч татгалзсан хариу авсан. Эхлээд миний мөнгийг авч, дараа нь Сири лүү буцаж болно гэж хэлсэн. Москвад би нэгэн танилынхаа нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан юм. Би нэхмэлийн ажилд мэргэшсэн, туршлагатай. Сирид би үйлдвэрийн даргаар ажилласан удаа бий.

Москвад ажиллахад хэцүү байлаа. Үйлдвэрийн байранд яг л гудамжинд байгаатай адил хүйтэн. Өөрийгөө байдгаараа дулаалж өдөрт 12 цагаар ажиллана. Үйлдвэр дээр Оросын цагаачлалын албаныхан ирж байнга шалгана. Ирэх болгондоо намайг ажиллах эрхгүй гэж хэлдэг байв. Тэр нь ч үнэн. Яагаад гэвэл би жуулчны визтэй. Миний танил Сири миний бичиг баримтын асуудлыг шийдэж өгнө гэж амласан ч юу ч хийгээгүй. Эсрэгээрээ намайг хуурч мөнгийг маань хулгайлсан. Тэр үйлдвэр дээр ажиллаж байсан сиричүүд бүгдээрээ жуулчны визтэй, бүхнийг мөнгөөр аргалдаг байлаа.

Түүнээс гадна цагдаа нар намайг зүгээр байлгадаггүй. Таарах болгондоо зогсоож мөнгө нэхнэ. Эхлээд “бүртгэл байна уу?” гэж асууна. Байхгүй гэхээр “мөнгө өг” гэнэ. Би хахуульдаж бус, хуулийн дагуу амьдрахыг хүссэн. Би танилуудаараа дамжуулж асуудлыг шийдэх гэж оролдсон. Нэг залуу надад туслахаар болж 1000 доллараар ажилчны виз гаргаж өгнө гэж хэлсэн. Гэвч тэр виз нь хуурамч байж таарсан.

Энэ тухай би онгоцны буудал дээр ирсэн хойноо мэдсэн юм. Би Туркийн Анталь руу явах гэсэн боловч хил дээр намайг саатуулж паспорт хурааж авсан. Гаалийн ажилтан надаас яагаад Турк явах болсон, яагаад Оросод үлдэхийг хүсээгүй тухай асуусан. Би хариулсан. Яагаад гэвэл Оросод намайг байнга хуурч, мэхэлдэг байсан юм. Би орос хэл муу мэддэг. Ингээд л би онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд гацчихсан юм. Энд би долоон сар амьдарч байна. Цаашид яахыг надад хэн ч хэлж өгөөгүй.

Өдөр хоногууд яг л америкийн “Тарваганы өдөр” кинон дээр гардаг шиг уйтгартай. Ихэнх цагийг ном уншиж өнгөрөөдөг. Миний амьдарч байгаа хэсэг бол дамжин өнгөрөх бүсийн тамхи татах өрөө. Нэг хүний өгсөн майханд амьдардаг. Унтахад хэцүү. Байнгын гэрэлтэй,  их чимээтэй. Онгоцны буудалд хүнсний зүйл маш үнэтэй. Надад кафед хооллох хэмжээний мөнгө байхгүй. Цагаачдад тусалдаг хүмүүсийн долоо хоног бүр илгээдэг түргэн хоолоор л амьдарч байна. Зарим зорчигчид хүнсний зүйл өгдөг. Ийм маягаар хагас жил амьдарсан гээд бод доо. Үнэхээр галзуурмаар. Би үлдсэн амьдралаа онгоцны буудалд өнгөрөөмөөргүй байна. Онгоцны буудалд долоон сар амьдарна гэж зүүдэлж ч явсангүй. Шударгаар хөдөлмөрлөж амьдрахыг л зорьсон. Гэтэл одоо намайг хэнд ч, ямар ч муу юм хийгээгүй байхад гэмт хэрэгтэн шиг мөшгөж байна.

Би жирийн хүн. Олон улсын харилцаа  надад сонин биш. Улс орны хэмжээний асуудал бодолгүй өөрийн амьдралаар амьдармаар байна. Би гэр бүлгүй хүн. Сирид дайн эхлэхээс өмнө ажил дээр хамаг цагаа өнгөрөөж, амралтын өдрөөр найзуудтайгаа гандбол тоглодог байсан. Тэгж амьдрах надад сайхан байлаа. Гэтэл одоо Сири там болон хувирсан. Хаа саагүй бөмбөгдөлт, цус. Би энэ дайнд хэний ч тал биш. Улс төр гэдэг угаас хуурмаг зүйл. Хүний эрхийг хүндэлдэг тийм газар л би амьдрахыг хүсдэг. Одоо би визгүйгээр Турк, Ливан хоёроос өөр орон руу явах боломжгүй. Дайн эхэлсний дараа би Ливанд жил амьдарсан. Гэхдээ энэ улс жижигхэн, Сирийн цагаачид маш их.

Хасаны амьдарч байсан Сирийн Алеппо хот. 2016 он.

Би хэд хэдэн удаа онгоцны буудлын ажилтнуудаас “Одоо яах вэ?” гэж асуухад хүлээх хэрэгтэй гэж хэлдэг. Юу хүлээх тухай хэн ч тайлбарладаггүй. Энд амьдрах болсноос хойш таван сарын дараа онгоцны буудлын нэг ажилтан Иран, эсвэл Сири лүү явж болно гэж хэлсэн. Гэхдээ надад Иран руу явах хэрэг байхгүй. Тэнд миний таних нэг ч хүн байхгүй. Сири лүү явахыг бүр ч хүсэхгүй байна. Тэнд очоод буудуулж мэднэ. Сирид болж байгаа бүхэн мэдээнд гардагаас ч аймшигтай. Сирид амьдарснаас онгоцны буудалд байсан нь дээр. Ядаж дээрээс бөмбөг хаяхгүй.

НҮБ-ын нэгэн комиссар надад туслахыг оролдож байна. Женевт бас туслах гэсэн хүмүүс бий. Харин Москвад туслах хүн нэг ч байхгүйг ойлгосон. Намайг яагаад бичиг баримтгүй энд гацаасныг хэлж өгөх хүн алга. Би эндээс Турк руу явж, тэндээсээ Европ руу, Герман руу явахыг хүсч байна. Тэнд манай найзууд бий. Би тэтгэлэг авахын тулд тийшээ явахыг хүсээгүй. Зүгээр л ажил хийж амьдармаар байна. Оросод ажиллахыг хүссэн ч таарсан болгон нь хуурч, мэхлээд байхаар тийм боломж алга. Европод асуудал байдаг ч хүний эрхийг хүндэлдэг. Би Орос шиг оронд дахиж очихыг хүсэхгүй байна."

Хасан Ясин