Цуврал сургалтуудыг зохион байгуулж байна
Онцгой байдлын ерөнхий газар
2016.03.14

Цуврал сургалтуудыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас JCI Чэйрмэн салбар байгууллагатай хамтран “Онц офицер”  төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Онц офицер”  төслийн хүрээнд JCI Чэйрмэн салбар байгууллагын багш нар Онцгой байдлын албаны офицер бүрэлдэхүүний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх,  хувь хүний хөгжил, хамт олны амжилт, залуу манлайлагчдыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

Төслийн хэрэгжилттэй холбогдуулан 2016 JCI VP буюу JCI олон улсын байгууллагын Дэлхийн дэд ерөнхийлөгч ноён Руома Каяамас,  JCI Чэйрмэн салбар байгууллагын ерөнхийлөгч Ё.Баатарбилэг тэргүүтэй удирдах бүрэлдэхүүн өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаа, албан хаагчдад явуулж буй сургалтын явцтай танилцлаа.

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын талаар танилцуулга хийлээ. Мөн JCI байгууллагын төлөөлөгчид ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газар, Гал унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид гамшгаас хамгаалах хууль эрхзүйн бодлогын баримт бичгийг боловсруулах, гамшгаас хамгаалах үйлсэд сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх зэрэг бодлогын чанартай үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг үзүүлэх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа ноён Руома Каяамас илэрхийллээ.