"Хэрэглэгч танд- нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Худалдан авах ажиллагааны алба хамтран өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд нэг дор хүргэх “Хэрэглэгч танд-нээлттэй өдөрлөг”-ийг өчигдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр тус газрын алба хаагч нар Сүмбэр сумын гэр хорооллын 1, 2, 3 дугаар багийн 310 айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж 106 зөрчил илрүүлж, 58 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 48 зөрчлийг арилгах талаар заавар, зөвлөгөө өгч 1061 иргэнд Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжоор яриа таниулга хийв.
Аймгийн ЗДТГ-ын өмнөх талбай болон Сүмбэр сумын ЗДТГ-т болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулд иргэдийн амь нас, эд хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх, гамшиг осол, гал түймэр, онцгой байдлын албаны үйл ажиллагааны талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, галын аюулгүйн дүгнэлт гаргуулахыг хүссэн хоёр хүний санал хүсэлтийг хүлээн авч, 78 иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг аван, эрэн хайх аврах ажиллагааны сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжийг дэлгэн танилцуулаа. Өдөрлөгөөр гал түймэр, мал, амьтны халдаварт өвчин, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гарын авлага материалыг бэлтгэн 250 ширхэгийг тараасан.
Түүнчлэн арга хэмжээний хүрээнд МХГ-тай хамтран Политехникийн коллежийн 30 оюутан, сурагчдад ”Хүнсний аюулгүй хэрэглээ-Зөв сонголт”, “Газар хөдлөлтийн аюул-Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.