С.Одонтуяа гишүүн “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээ“-г санаачилж эхлүүллээ
2016.04.04

С.Одонтуяа гишүүн “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээ“-г санаачилж эхлүүллээ

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Соёлын төвөргөөнд зохион байгуулагдаж байна.

УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртож байгаа цаг үетэй давхцан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжийн талаар тус чуулган хэлэлцэж байгаа юм.

Чуулганд  330 сум, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн  ИТХ-д сонгогдсон 2200 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 450 гаруй төлөөлөгч эмэгтэй, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл 600 гаруй хүн оролцож байна. 
    
Үндэсний чуулганы үдээс хойшхи хуралдааныг нээж, УИХ-ын гишүүн, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа илтгэл тавилаа. Тэрбээр УИХ-ын хамгийн сүүлийн сонгуулийн үр дүнд Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 14,5 хувь болж өссөн ч дэлхийн дундаж болох 21,9 хувиас доогуур байгааг онцолж, 2012 онд УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд анх удаа намын харъяалал харгалзахгүйгээр Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж, аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл мэнд, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой олон чухал хуулийг батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэснийг сайшаасан юм. 
    
С.Одонтуяа гишүүн цааш нь хэлэхдээ “Миний бие Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдоод хоёр сар болж байна. Энэ хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж АН-ынхаа бүх аймаг, дүүргийн удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцож, бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжихийг намынхаа удирдлагууд, гишүүдэд уриаллаа. 
    
Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаагаас  гадна  үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр орныхоо ажлыг давхар нуруундаа үүрч байдаг эмэгтэйчүүд бидэнд хаана байгаагаасаа үл хамаааран асуудлаа хамтран шийдэх асар том боломжийг шинэ зууны цахим ертөнц буюу “ЗӨӨЛӨН ДЭД БҮТЭЦ” олгож байна. Өнөөдөр цахим ертөнцөд үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгдсэн олон группүүд идэвхтэй ажиллаж байна. Эдгээр ашигтай, амьдралд хэрэгтэй, сургамжтай зөвлөгөө, нөү хау, амьдралын түүхүүд, шийдэл хичнээн олон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж, урамшуулж, зоригжуулж байгааг тооцож баршгүй. Түүнчлэн олон улсад эмэгтэйчүүдийн эрх ашгийг нэгтгэсэн цахим сүлжээнүүд амжилттай ажиллаж байна.

Тиймээс бид “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээг“ санаачлан эхлүүлж байна. Энэ бол хэн нэгний, аль нэг намын бус Монгол эмэгтэйчүүдийн асуудлаа хамтран хэлэлцэж шийдэхиндэр байх болно. Энэхүү сүлжээнд Монгол улсын өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд нэгдэхээс гадна гадаад улс оронд амьдарч байгаа монгол эмэгтэйчүүд нэгдэн оржасуудлаа хэлэлцсэнээр цаг алдалгүй шийдлээ олох боломжийг нээх зорилготой юм.” гэлээ.

Тэрбээр илтгэлээ өөрийнхөө байнга хэлэх дуртай “Эрчүүд алсын онч хараатай байдаг бол эмэгтэйчүүд бид хараандаа бүх асуудлыг зэрэг байлгах чадвартай.” гэсэн ишлэлээр төгсгөв.