Бяцхан үрс "алба"-тай болоход УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын оролцоо их бий
Улаанбаатар хотын өнгө төрх сүүлийн дөрвөн жилд өөрчлөгдсөн гэдэгтэй нийслэлчүүд санал нийлнэ.
Гэхдээ улс орны нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалт, тэрхүү өөрчлөлт, ахиц дэвшлийг хотынхон тэр тусмаа алслагдсан дүүргийн иргэд хүртэж амжсан уу. Энэ асуултад хариулт хайж нийслэлээс алслагдсан Багануур ажиллалаа.
Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог, найман мянга гаруй өрх, 29 мянга гаруй хүн амтай. Хүн амын 36 хувийг 13-36 хүртэлх насны залуучууд эзэлдэг. 1978 онд байгуулагдсан, 599 сая тонн буюу 150 жилийн нөөцтэй, жилд дөрвөн сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай Багануурын уурхай дүүргийнхний амьдрал, эдийн засагт голлох байр суурь эзэлдэг.
Өнгөрсөн оны намраас “Багануур дүүргийн багачууд 100 хувь цэцэрлэгт хамрагдсан” гэх сайхан мэдээ сонсогдож эхэлсэн. Үнэн, худлыг нь мэдэхгүй ч энэхүү мэдээнд жирийн иргэний хувьд битүүхэн баярлаж байснаа санаж байна. Tус дүүргийн ээж аавуудын гол асуудал болсон цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг 100 хувь шийдсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгийн насны бүх хүүхэд “алба”-тай болжээ. 28 мянга гаруй хүн амтай дүүргийн бага насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадсан туршлагынхаа талаар дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж ийн ярьж байна.
-Танай дүүрэгт өнгөрсөн онд бүтээн байгуулалтын ямар ямар ажил өрнөв. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сан, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар багагүй ажлыг хийлээ. Үр дүнд хүрсэн нэг том ажил бол цэцэрлэгийг олноор барьж, ашиглалтад оруулсан явдал. Дүүргийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний оролцоо чухал байдаг. Өнгөрсөн 2015 онд хүүхдийн 100 ортой хоёр цэцэрлэг ашиглалтад оруулсан. Мөн анх 280 хүүхдийн цэцэрлэг байх зориулалтаар барьсан ч өөр зүйлд ашигласан барилгыг цэцэрлэг болгон хүлээлгэж өглөө. Энэ барилгыг Орон нутгийн хөгжлийн сангаас 400 гаруй сая төгрөг гаргаж засварласан.
-Сургуулийн өмнөх боловсролын асуудлыг бүрэн шийдсэн гэдэг үнэн үү?
-Манай дүүрэг цэцэрлэгийн насны 2230 хүүхэдтэй. Тэдний 400 гаруй нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан. Өнгөрсөн онд гурван цэцэрлэг ашиглалтад орж бид энэ асуудлыг 100 хувь шийдсэн. Цэцэрлэгийн анги дүүргэлт өмнө нь 30-аас дээш гарч байсан бол энэ жилээс нэг ангид 20 хүүхэд авах боломжтой болсон. 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтээ 30 хүүхэдтэй хоёр сувиллын анги нээж, хоол хүнс, тэжээлийн дутагдалтай, асаргаа сувилгаа шаардсан хүүхдүүдийг авч, шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийж байна. Бид эцэг, эхчүүдээс “цэцэрлэгт хүүхдээ хамруулж чадахгүй байна, цэцэрлэг олдохгүй байна” гэдэг гомдол сонсохоо больсон.
-Хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хийсэн хамгийн том ажил юу байв?
-Чухалд тооцох бүтээн байгуулалтын нэг нь Багануур дүүргийг үер, усны аюулаас хамгаалах зориулалттай зургаан км-ын урт үерийн далан ашиглалтад орлоо. Мөн концессын гэрээгээр гэр хороололд 6.4 км урт авто зам тавигдсан. Энэ зам үерийн далан, ногоон байгууламж, дугуйн замтай, цогц шийдэлтэй хийгдсэн ажил. Товчхон хэлэхэд, гэр хорооллыг хөгжүүлэх боломж нээгдсэн. Гэр хороолол гэхээр л навсайсан, шороонд дарагдсан гэдэг ойлголтыг яваандаа арилгана. Замаа дагаад хөгжил ирдэг шүү дээ.
-Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ. Ажилгүйдэл их байгаа гэж сонссон?
-Ажилгүйдэл бий шүү. Ялангуяа уул уурхайн зогсолттой холбоотойгоор ажилгүй иргэдийн тоо өссөн.
-Ажилгүйдлийг шийдэх ямар гарц хайж байх юм бэ?
-Ажилгүйдлийг багасгахын тулд түр ажлын байрыг бий болгодог. Тухайлбал, 100 мянган модны төгөл байгуулах ажил өрнөж байна. Энд зөвхөн усалгаан дээр гэхэд зундаа 40-өөд хүн ажилладаг. Мөн Хөдөлмөрийн хэлтсүүдэд нэг ажлын байр нэг сая төгрөг төсөл хэрэгжиж байна. Сүүлийн хоёр жилд 600-700 иргэнийг ажлын байраар хангасан. Шинээр цэцэрлэгүүд ашиглалтад орсноор олон эмэгтэй байнгын ажилтай болсон.
Тэрбээр ярианыхаа төгсгөлд бяцхан үрсээ нэгийг ч үлдээлгүй “алба”-тай болгосон нь тус тойргоос парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гавьяа гэдгийг онцолсон. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар дүүргийн иргэдээс олонхийн санал авч УИХ-д сонгогдсон хоёр гишүүн амласан амлалтаа биелүүлж, цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь болгож өгсөнд иргэд, тэр тусмаа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд баярлаж байгааг уламжилсан юм.
Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр гурван цэцэрлэг шинээр барьж, ашиглалтад оруулж амжсан Багануур дүүрэгт одоогийн байдлаар хоёр ч цэцэрлэг нэмж баригдаж байгаа аж. Энэ цэцэрлэгүүдийн барилгын ажил хэдийнэ талдаа оржээ.
Т.Эрдэнэчимэг: Цэцэрлэгүүд сувиллын ангитай болсон
Дүүргийн Засаг даргатай уулзсаны дараа бид Боловсролын хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэгтэй уулзсан. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж, гаргасан. Энэхүү хөтөлбөр нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл, авьяас, ном гэсэн гурван дэд хөтөлбөртэй. Дээрх хөтөлбөрүүд дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн багш нар амжилттай хэрэгжүүлж байна. Хүүхдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна “Ном” хөтөлбөрийн хүрээнд олон бүтээлч ажил хийж байна. Мөн боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд багш, сурагчдыг чадавхижуулах, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг ч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, манай 125 дугаар сургууль багш нарыг чадваржуулах, бага ангийн сурагчдын хэлний чадварыг дээшлүүлэх төсөл бичиж, амжилттай оролцон 3000 ам.долларын тэтгэлэг авсан.
Одоо хүүхдүүдийнхээ авьяас чадварыг дээшлүүлэхэд бэлэн болсон. Үүнээс гадна ахлах ангийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Үүнийг сургагч багш нарын дэмжлэгтэйгээр дүүргийн түвшинд амжилттай зохион байгуулж байна” гэв.
Харин бага насны хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадсанаар өмнө нь хүүхдээ хараад гэртээ байдаг байсан эцэг, эхчүүд ажил хийж, амьдралаа дээшлүүлэх боломжтой болжээ. Ингэснээр айл өрхийн амьжиргааны түвшин дээшилж, ядуурлыг бууруулах давуу тал бий болсон байна. Хамгийн гол нь шинээр цэцэрлэг баригдсан нь олон эмэгтэйчүүдийн хувьд ажлын байр нь болсон аж. Энэ талаар болон сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн асуудлаар Т.Эрдэнчимэг даргаас дараахь зүйлийг тодруулсан юм..
-Танай дүүрэгт нэлээд олон цэцэрлэг ашиглалтад орж. Шинээр цөөнгүй ажлын байр бий болсон байх. Ажиллах боловсон хүчин хангалттай бий юу?
-Хангалттай. Бид ажлын байран дээр журмын дагуу сонгон шалгаруулалт зарладаг. Түүнд хамгийн өндөр оноотой хүнийг ажилд авдаг. Дараагийн хүн нь нөөцөнд үлддэг. Дахин ажлын байр бий болохоор нөөцөөсөө л авдаг. 193 дугаар цэцэрлэг 2015 онд ашиглалтад орсон. Энэ цэцэрлэгт дүүргийн удирлагуудын санаачилгаар хоёр сувиллын анги нээсэн. Энэ ангид өвчлөмтгий, цэцэрлэгт тэр бүр хамрагдаж чаддаггүй, тураалтай, эмзэг бүлгийн хүүхдүүд сурч байгаа. Энд багш нараас гадна эмч, сувилагч ажилладаг. Хүүхдүүд өдөр бүр цай, ургамлын ханд бүхий ваннтай усанд орж, тосон бариа болон сэргээгдэх эмчилгээ хийлгэдэг юм. Үр дүн ч гарч байгаа.
Хүүхдүүдийн өвчлөл багасаж, жин нэмэгдэж байна. Энд авах хүүхдээ өрхийн эмч нарын сонголтоор, үнэ төлбөргүй авдаг.
“Дэгдээхэй багачуудын маань цагаа өнгөрөөдөг хамгийн сайхан газар аль вэ” гэж асуувал томчууд, багачуудын олонх нь цэцэрлэг гэж хариулна. Гэвч хүн ам ихээр төвлөрсөн нийслэл хотод маань цэцэрлэгийн хүртээмж хангалттай биш. Дүүргийн боловсролын хэлтсийн даргатай уулзсаныхаа дараа бид өнгөрсөн онд ашиглалтад орсон 193 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Биднийг 193 дугаар цэцэрлэгийн үүдээр ороход хүүхдүүд унтлагын цагаасаа сэрж, үдийн хоолондоо орж байв.
Багануурын 23095 иргэн газраа авсан
Монгол Улсын хэмжээнд иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжээд олон жил болж байна. Энэхүү хуулийн хэрэгжилт эхний 10 жилийн хугацаанд маш удаашралтай байсан гэхэд болно. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар нийт иргэдийн 11-12 хувь газраа өмчилж, хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн гэх судалгаа ч бий. Хуулийн хэрэгжилт удаашралттай байгаа асуудалд дүн шинжилгээ хийж үзэхэд газар эзэмшүүлэхэд тавьдаг шаардлага, төрийн үйлчилгээний хүнд суртал их нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнд эхлээд газрыг нь эзэмшүүлдэг.
Дараа нь хашаагаа барьж, ингэснээр гэрчилгээг нь олгодог. Эцэст нь дахин газраа өмчлүүлэх зэрэг шат дараалал нь их байсан аж. Энэ нь иргэдэд эрхээ эдлэх боложмийг олгож чадаагүй бөгөөд нөгөө талаас нээлттэй, ил тод байдлаар иргэдийг хангах, төрийн үйлчилгээнийхээ олон шат дамжлагыг багасгахгүй байсантай холбоотой мөн иргэд газар өмчлөлийн талаар мэдлэг бага байдаг байсан гэхэд болно. Энэ жишгийн дагуу хэдхэн жилийн өмнө багануурчуудын 20 хүрэхгүй хувь нь өөрийн гэсэн газартай байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ тоо хэд дахин нэмэгдсэн. Энэ талаар Багануур дүүргийн Өмч, харилцааны албаны дарга Ш.Отгонбаяраас дараахь зүйлийг тодрууллаа.
-Таныг ажлаа хүлээж авахаас өмнө багануурчуудын 20 хүрэхгүй хувь нь өөрийн гэсэн газартай байсан гэж сонслоо. Харин эл тоог өнөөдөр хэд дахин нэмж чадсан нь ямар хүчин зүйлтэй холбоотой вэ?
-Намайг ажлаа хүлээж авахад багануурчуудын нийт иргэдийн 13-14 хувь нь буюу 2800 иргэн л газраа өмчилж авах эрхээ эдэлсэн байсан. Тухайн жилд бид шууд өмчлөлийн хуулийн дагуу 700 гаруй иргэнд газрыг олгосон. Иргэд маш тааламжтай хандсан. Энэ их чухал гэдгийг нийслэлд ч бас харсан байх. Дараа нь иргэдэд газрын цахим хэлбэрээр өмчлүүлэх ажил амжилттай хэрэгжсэн.
-Танай дүүрэгт цахим хэлбэрээр хэчнээн иргэн газартай болов?
-Нийслэлийн хэмжээнд 52 байршилд цахимаар газар өмчлүүлэхэд манай дүүргийн гурван том байршил орсон. Бид 25 мянга гаруй иргэнээ газартай болгох төлөвлөлт хийж 2014 оноос энэ ажлыг хэрэгжүүлсэн. Газрыг өмчлүүлэхдээ сугалааны зарчмыг үндэслэл болгосон нь шинэлэг бас цаг хугацаа хэмнэсэн өгөөжтэй ажил болсон. Манай тойргоос сонгогдсон гишүүд цахим өмчлөлд зориулж, интернэт орчинд ажиллах боломжгүй иргэдэд үйлчлэх ажилчид гаргаж өгсөн. Ингэснээрээ бид иргэддээ хүрч ажиллаж, бодит тусламж үзүүлж чадлаа. Манайх л гэхэд таван хороотой. Хороо тус бүрд нэг нэг хүн ажилласан.
-Сүүлийн хоёр жил танай байгууллага маш их ачаалалттай ажиллажээ. Зохион байгуулалтыг хэрхэн хийж байв?
-Ажлын үндсэн ачаалал бараг л арав дахин нэмэгдсэн. Одоогийн байдлаар дүүргийн маань нутаг дэвсгэрт 23095 хүн газартай болсон. Үүнээс Багануур дүүргийн 13600 гаруй иргэн газартай болсон.
-Энэ нь нийт иргэдийн хэдэн хувь гэсэн үг вэ?
-47 хувь. Үлдсэн нь нийслэлийн бусад дүүргийн иргэд. Энэ нь улсын дунджаас хоёр дахин их, харин нийслэлийн дунджаас ч мөн хоёр дахин их. Одоо иргэн өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий болсон гэсэн үг.
-Хөдөө орон нутгийн иргэд цахимаар газраа өмчлөх боломж бий болов уу?
-Боломжтой байлгүй яах вэ. Гагцхүү цахим орчин хязгаарлагдаж байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд хүнд биш болсон цаг.
Газрын харилцааны салбарт гарсан бас нэг нааштай алхам бол газрын дуудлага худалдаа. Энэ ажил манай дүүрэгт хэвшсэн гэхэд болно.