Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүн хуулиа зөрчиж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдэл хийсэн нь улс төрд ялангуяа эрх баригчдын дунд “гал асаасан” үйлдэл боллоо. Төр түшилцэж яваа хүний хувьд түүний энэ мэдэгдлийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Сонгууль дөхөөд ирэхээр хаа сайгүй их л эмзэг болдог юм байна. Улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа. Аль аль талдаа зохицож ажиллахаар хичээж байгаа байх. Хувь хүмүүсийн хооронд томоохон зөрчил байна л гэж харж байна. Эрх баригч нам дотооддоо их л зөрчилтэй байгаагийн илрэл.
Нийслэлийн мандатын тоог нэмэх хуулийн төслөө Ш.Түвдэндорж гишүүн энэ долоо хоногт өргөн барихаа илэрхийлсэн. Гэтэл сонгууль болоход хоёр сар ч хүрэхгүй хугацаа үлдэж байна шүү дээ. Нэгэнт баталсан хуулиа ингэж өөрчлөх нь зөв эсэхэд таны байр суурь ямар байгаа вэ?
-Ер нь нийслэлийг хүн амын тоотой харьцуулсан байдлаар авч үзээд мандатын тоог нэмэх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ 2015 оны арванхоёрдугаар сарын 26-нд Сонгуулийн хуулиа батлахад яагаад энэ заалтаа оруулж ирээгүй юм бэ гэдэг нэг асуудал байна. Нөгөө талаас хэрвээ хуульд өөрчлөлт оруулчихвал магадгүй сонгуулийн дараа дахиад л Үндсэн хуулийн Цэц дээр очиж маргаан үүсэх, сонгуулийгхүчингүй гэх байдал үүсч багагүй маргаан дагуулах шинж харагдаад байгаа юм.
Ерөөсөө болгоомжлол энд л байна. Харин хувь гишүүн нийслэлийн иргэний хувиар дүүрэг орон нутгийнхаа хөгжлийг бодсон ч яах аргагүй нийслэлийн мандатын тоог нэмэх ёстой гэж боддог. Ингэж байж энд бүтээн байгуулалт, сургууль цэцэрлэг гэх мэт дэд бүтцийн маш олон ажлыг хувь тэнцүүлсэн байдлаар хувааж хийж таарна шүү дээ. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргээс УИХ-д 4-5 гишүүн байна гэвэл миний хувьд дэмжлэгтэй, сайхан хамтран ажиллах боломж бололцоо бүрдэнэ л гэж харж байгаа. Гэхдээ үүнд бүлгийн буюу улс төрийн шийдвэр гарах учраас энэ бол миний л хувь гишүүний байр суурь шүү. Манай бүлгийн хувьд энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдэг талдаа шийдвэр гаргасан.
-Уг нь сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулиа өөрчилж болохгүй гэсэн заалт хуульд байсныг энэ удаад орхигдуулсан. Энэ нь хожим буюу сонгууль дөхсөн үед ийм алхам хийх зорилгоор албаар орхисон юм биш үү гэх хардлага төрүүлээд байгаа л даа?
Магадгүй, хуульд хугацаа заагаагүй учраас хожмоо ийм байдлаар хуулиа өөрчилнө гэж тооцоолсон байхыг үгүйсгэхгүй.
Чуулганы завсарлагааны хугацаанд эрх баригч намынхан анхаарал татсан цөөнгүй алхмыг хийлээ. Үүний нэг нь УИХ-ын дэд дарга, ахмад парламентч Р.Гончигдорж гишүүн Цэцийн даргад өөрийгөө нэр дэвшүүлсэн явдал байлаа. Түүний энэ үйлдлийг та хувьдаа хэрхэн дүгнэсэн бэ. Ер нь Р.Гончигдорж гишүүний энэ үйлдэл хэр ёс зүйтэй алхам бэ?
Аливаа зүйл хэм хэмжээ, ёс зүйтэй байх ёстой. Төрийн ажилд ингэж хандаж болохгүй ээ.
Өмнөх даргын асуудлыг нь эцэслээгүй байхад дараагийн хүн нь өөрийгөө нэр дэвшүүлээд яваа нь хуульд хэр нийцэж байгаа юм бэ. Ж.Амарсанааг Цэцийн даргаас чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдол Цэцэд оччихоод байгаа шүү дээ?
-Ер нь эрх баригчид илт л хууль зөрчөөд яваад байгаа шүү дээ. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө хуулиа дээдлэх, хүндлэх, биелүүлэх зэрэг улс төрийн соёлтой байх ёстой. Энэ бол наад захын л жишээ. Гэтэл Р.Гончигдорж гишүүний хувьд хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа атлаа хуулиа зөрчөөд байж болохгүй.
-Энэ чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ. Хаврын чуулган эрх баригч намын хурцхан “зодоон”-оор эхэлсэн болохоор олон нийт энэ чуулганаас тодорхой үр дүн хүлээх хэрэггүй гэх юм. Үүнийг та чухам хэрхэн харж байна вэ?
-Улс орны эрх ашигтай холбоотой олон хуулийг энэ чуулганаар хэлэлцэхээр байгаа. Ямар ч байсан эхнээсээ батлаад явж л байна. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа эцэслэсэн, олон нийтэд үр дүнтэй чуулган болоосой л гэж хүсч байна. Хамгийн гол нь маргаан багатай, эв нэгдлээ хангаж, асуудалд хандаасай гэж бодож байна. Мэдээж сонгууль дөхсөн учраас эв нэгдэлтэй байна гэдэг амаргүй. Олон хүний хүсэл сонирхлыг нэг чигт зангидна гэдэг амаргүй байх нь ойлгомжтой. Ер нь улс төрийн сонгууль дөхөөд ирэхээр болох болохгүй, мэдэх мэдэхгүй гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээлэл ар араасаа гараад эхэлсэн байна. Хараад байхад сонгуулийн жил хүмүүсийн аливаад хандах хандлага нь их эмзэг болчихдог юм байна шүү дээ.
-Чуулганы завсарлагаанаар төлөвлөсөн ажлуудаа хийж амжив уу. Хоёр ч удаа ээлжит бус чуулган зарлаж байгаа нь энэ гээд гишүүдийг дуудчихсан учраас ингэж асууж байна л даа?
-Ерөөсөө бүх зүйл хууль дүрмийнхээ дагуу л явах ёстой. Улс төрийн намууд, УИХ-д байгаа намын бүлгүүд хоорондоо маш сайн ярилцаж, зөвшилцөж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Чуулганы завсарлагаанаар гишүүд маань хөдөө орон нутагт ажиллах, тойргийнхонтойгоо уулзах, чуулганаар баталсан хууль тогтоомжоо сурталчлах хэрэгтэй байдаг. Ялангуяа Монгол Улсын хөгжил дэвшилд гацаа, садаа болж байгаа зүйлүүд дээр ард олны санаа бодлыг, УИХ-аас баталсан хуулиудын хэрэгжилт ямар байгаа талаар сонсох, яг ард иргэдийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэх талаас нь хүмүүсийн гомдол хүсэлтийг сонсохоос авахуулаад УИХ-ын гишүүдийн хийх ажил мундахгүй их. Гэтэл тэр их ажлын хажуугаар болсон болоогүй хоёр ч удаа ээлжит бус чуулган зарлалаа шүү дээ. Хоёр удаагийн ээлжит бус чуулганы аль нь ч цаг үеэ олоогүй. Тиймээс Монгол төрийн ажлыг ингэж хийж болохгүй байх л гэж харж байгаа.