УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа
2016.04.13

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа

УИХ-аар 2015 онд Батлан хамгаалах бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан билээ.

Бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсанаар батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг шинэчлэх боломж бүрдсэн юм. Тэгвэл энэ пүрэв гаригын чуулганы хуралдаанаар батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна. Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цэргийн албаны тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл гэсэн батлан хамгаалах салбарын багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Тэгвэл хууль тогтоох шатанд багц хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Дэмбэрэл нар өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа. Байнгын хороодын дарга, гишүүд, ажлын албаныхныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар угтан авснаар албан ёсны хурал эхэлсэн. Тэд эхлээд ЗХЖШ-т ажилласан бөгөөд багц хуулийн төслийн талаар ярилцахаас гадна Зэвсэгт хүчний хэмжээнд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд үдээс хойш нь Батлан хамгаалах яаманд ажиллав.

Ингэхдээ багц хуулийн төслийг боловсруулцсан БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн судлаач, эрдэмтэн докторууд, төрийн цэргийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулсан ажлын хэсэг болон өргөжин хуралдлаа. Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн хуралд байнгын хороодын гишүүд, салбарынх нь сайдаас гадна Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар болон дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Монголын Геополитикийн судалгааны хүрээлэнгийн захирал, хошууч генерал Д.Мягмар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр, ОБЕГ-ын орлогч дарга, хурандаа Г.Ариунбуян, байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, зөвлөх, хурандаа Т.Наранхүү нарын албаныхан хуралдлаа. Хурлаар багц хуулиуд тус бүрт нь дэлгэрэнгүй ярилцахдаа төрийн цэргийн байгууллагуудад хамаарах ХХЕГ, ОБЕГ-ын саналыг нь тусгайлан сонсч байсан юм. 

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулахын төлөө салбарын удирдлагууд, хууль тогтоогчид та бүхэн нэгдэн ажиллаж байна? 

-2015 онд Төрийн цэргийн үндэс бодлогын баримт бичиг Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг нэртэйгээр шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү баримт бичиг батлагдсанаар бусад дагалдах хуулийн төслүүдэд өөрчлөлт шинэчлэл хийх боломж бүрдсэн хэрэг л дээ. Мэдээж энэхүү бодлогын баримт бичиг маань батлагдах хүртлээ чамгүй хугацааг тууллаа. 10 гаруй жилийн туршид дуншсан байна. Яагаад шинэчлэгдэн батлагдаж чадахгүй байв гэхээр улс төрийн ойлголтын зөрүү нэлээд байсан.

Ялангуяа, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдал эрхэлсэн байгууллагуудыг төрийн цэргийн байгууллага болгоход улс төрийн зөвшилцөл шаардлагатай байлаа. Энэ зөвшилцлийг Монгол Улсын Ерөнхийлөгч амжилттай зохион байгуулж чадсан. Нэгэнт салбартаа маш их хүлээлттэй байгаа багц хууль учраас бид шуурхай ажиллахыг хичээж байна. Хууль тогтоогчдод ч энэ талын мэдээллийг нь хэлж ойлгуулахаар хичээн ажиллаж байна. Батлан хамгаалах сайд Ц.Цолмон маань салбарынхаа эрх зүйн өөрчлөлтөд хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа учраас салбарын хууль эрх зүйн орчин нэг мөр болох боломж харагдаж байгаа юм. Ер нь энэ салбарын сайдаар ажиллаж хүн бүхэн хуулийн төслийг батлуулах төлөө нэгдмэл санаа зорилготойгоор ажиллаж байгааг онцлох ёстой. Энэ дөрөв, тавдугаар сардаа багтаан УИХ-аар батлуулахыг зорьж байгаа. 

-Багц хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүдийн зүгээс дэмжиж байгаа юу? 

-Улс төрийн намууд нэг байр суурьтай байгаа. Дэмжинэ" гэсэн хариулт өгөв. 

Дашрамд сонирхуулахад, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд бүтцийн болон агуулгын томоохон өөрчлөлтүүд орж байна. Тухайлбал, бодлогын баримт бичигт туссан үзэл санааг хуульчлах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход нилээд анхаарал хандуулсан. Мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг агуулгаар нь хоёр хувааж Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болгон шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэх мэт ихээхэн өөрчлөлтүүдийг оруулж байна.