Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд ШШГЕГ болон түүний харьяа байгууллагуудад ажиллалаа
2016.04.14

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд ШШГЕГ болон түүний харьяа байгууллагуудад ажиллалаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон.

Тус ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин нар өнөөдөр /2016.04.13/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 461 дүгээр анги, Төв аймаг дахь Цагдан хорих байр болон Тахарын ерөнхий газарт ажиллалаа.

 

Ажлын хэсгийн гишүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, дэд дарга, хурандаа Г.Туулхүү болон албаны бусад хүмүүс угтан авч, байгууллагынхаа үйл ажиллагааг товч танилцуулсан. Мөн хуулийн төсөлд оруулах санал солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм. Тухайлбал, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж алба хаагчид нэг газраа удаан ажиллах боломжгүй болдог тул хооронд нь сольж ажиллуулах шаардлага гардаг бөгөөд ингэснээр ар гэрт хүндрэл үүсдэг. Нийгмийн халамж, цалин хөлс, урамшууллын системийг сайжруулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийг хувцас формоор хангах зэрэг хэд хэдэн асуудлыг хуулийн төсөлд тусгуулах шаардлагатай байгааг гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсгийн гишүүд ч энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлээд даваа гарагт хуралдах ажлын хэсгийн хуралд дээрх дурьдсан асуудлуудаа саналын томьёолол болгон оруулахыг хэлэв.

 

Үүний дараагаар ажлын хэсгийн гишүүд Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газрыг байгуулсан.

Тус байгууллага нь:

  • Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах,
  • Гэрч хохирогчийг хамгаалах,
  • Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх,
  • Яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх,
  • Ялтан шилжүүлэх
  • Оргон зайлсан ялтан, яллагдагчийг эрэн сурвалжлах,
  • Бусад /нотлох баримт хадгалах, хамгаалах, шүүгчийн шийдвэр биелүүлэх/ зэрэг долоон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар нийт 551 алба хаагч ажиллаж байна хэмээн Тахарын ерөнхий газрын дарга, тэргүүн тахар Ц.Азбаяр танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны гишүүд танилцуулгатай холбоотой асуулт асууж, хариулт авсны дараагаар хуулийн төсөлд оруулах асуудлаар санал солилцлоо.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд үргэжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги, Төв аймаг дахь Цагдан хорих байранд ажиллалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн тухайд 283 алба хаагчтай. Үүний 60 гаруй хувь нь эрэгтэй. Одоогийн байдлаар цагдан хорих байранд 489 хоригдогсод байгааг тус ангийн дарга Д.Дамдинцэрэн танилцуулаад алба хаагчид 24/72 цагийн хуваариар ажиллах ёстой боловч 24/48 гэсэн хуваариар гурван ээлж ажиллаж байгаа гэлээ. Мөн тэрээр, хэдийгээр Хууль сахиулах их сургуульд боловсон хүчин бэлтгэгдэн ирж байгаа ч ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн халамжийн асуудлаас шалтгаалан тогтвор суурьшилтай ажиллах сонирхолгүй байна. Иймд хуулийн төсөлд энэ талын асуудлыг нарийвчлан тусгах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч буйг онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.