Сонгуулийн хууль зөрчиж байж болзошгүйг хянах хэрэгтэй
2016.04.13

Сонгуулийн хууль зөрчиж байж болзошгүйг хянах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрог болон хөдөө орон нутаг ажиллалаа. Танай тойргийн иргэд ямар асуудлыг голдуу тавьж байна вэ?

-Өвөрхангай аймгийн зарим сумаар орж, иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэд хэд, хэдэн асуудлыг голлон ярьсан. Тухайлбал, бэлэн мөнгөний эргэлт тааруу болсонтой холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар эрс багассан байна. Тиймээс төр засгийн зүгээс худалдан авах чадварыг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг анхааруулж байлаа. 

Ялангуяа, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар анхаарч ажиллахыг хэлж байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэнгүй. Гэтэл худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Мөн хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ ханш жил ирэх тусам унасаар байгаа. Тиймээс түүхий эдээ боловсруулж нийлүүлдэг байя. 

Цаашид мал аж ахуйн чиглэл рүү анхаарч, төрийн бодлогоо тогтвортой хэрэгжүүлдэг болох хэрэгтэй. Тухайлбал, “Монгол мал”, “Таван эрдэнэ” хөтөлбөр, ноосны урамшуулал болоод хөдөө аж ахуйгаа дэмжиж байсан ажлуудыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Үүнийгээ дагаад малын гаралтай бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилладаг байх талаар саналаа хэллээ. Засгийн газар халуун намраар мах экспортлоно гэж ярьсан. Гэвч одоо энэ ажлыг хийж байгаа эсэх мэдээ, мэдээлэл огт байхгүй байгаа тухай ч хөдөөгийн иргэд хэлж байна. 

-Төсвийн байгууллагууд болоод төрийн албан хаагчдын хувьд нөхцөл байдал ямар байна. Энэ жил төвийн байгууллагуудын төсвийг нэлээд танасан шүү дээ?  

-Эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагын хувьд төсвийг нь нэлээд танасан, хямралтай байна. Өөрөөр хэлбэл, төсөвт байгууллагууд өрийн сүлжээнд орсон. Ялангуяа, Өвөрхангай аймгийн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд үүсээд байгаа тэрбум гаруй төгрөгийн өрийн сүлжээнээс болоод хэвийн ажиллагаа явуулахад хүндрэл учирч байна. Зөвхөн боловсролын байгууллага төдийгүй төрийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудад төсвийн хүндрэл их гарч байгааг арилгах талаар анхаарч ажиллах нөхцөл үүссэн байна. Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын анхан, дунд шатны үйлчилгээг тасалдалгүй, хүндрэл, чирэгдэлгүй болгоход анхаарах хэрэгтэй. 

Иргэдийн зүгээс тавьж байсан дараагийн нэг асуудал бол улстөрчдийн ёс зүй, улс төрийн намуудтай холбоотой асуудал байсан. Улс төрийн намууд боловсон хүчин, улстөрчиддөө тавих шалгуур, босгоо өндөр болгох шаардлагатайг сонгогчид хэлж байна. Ард түмнээ манлайлж, төр засгийг удирдаж байгаа хүмүүс хэлж буй зүйлээ хянахгүй, хийж байгаа үйлдэлдээ алдаа гаргаж байна. Үүнийг дагаад Монгол төрийн дархлаа суларч, төрийн нэр хүнд унаж байгааг олон газар ярьж байсан. 

-Сонгууль ойртлоо. Энэ үед Сонгуулийн хуулийн хэрэгжилт орон нутагт хэр  байна вэ?

-Сонгуулийн хуулийг нэлээд удаан хугацаанд ярилцаж, нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ эрх баригч хүчин өөрсдөдөө тааруулж, эрх ашигтаа нийцүүлж хүч түрж баталсан. Сонгуулийн хуулийн өнөөгийн хэрэгжилтийн байдлыг нь авч үзвэл хуульд заагдсан зүйлүүд нь явж байгаа ч сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулж аймаг, орон нутагт сонгогчдын саналыг татах зорилгоор улс төрийн намууд, нэр дэвшигчдийн зүгээс хийж болохгүй олон үйлдлийг хуульд зааж өгсөн. Гэвч эдгээр нь зөрчигдөөд байна уу гэсэн зүйл ажиглагдаж байгаа. 

Ялангуяа, эрх баригч намын дарга З.Энхболдоос эхлүүлээд АН-аас нэр дэвшиж болзошгүй нэр дэвшигчдийн зүгээс Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүдийг хийж байгаа нь анзаарагдаж байна. Тэр дундаа сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгөн амлалт өгдөг, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлыг сонгогчдод хандан хэлж байна. Үүнээс гадна олон хүнийг хамарсан төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах болсон. Тиймээс Сонгуулийн хуульд заасан холбогдох байгууллагууд улс төрийн намууд, сонгуульд нэр дэвшиж болзошгүй улстөрчдийн үйлдлийг анхааралтай ажиглаж, хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. 

-Сонгуулийн хуультай холбоотойгоор хуульдаа өөрчлөлт оруулах санал гарч байгаа? 

-Сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт гаргах, үүнтэй холбоотой асуудал өнөөдөр Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд очсон. Энэ утгаараа сонгогчдын бүртгэлийг гаргах  асуудал хэр хуулийн дагуу явж байгаа. Мөн Сонгуулийн хуулийн бэлтгэл ажлыг хангах ажил ямар байгаа талаар гүйцэтгэх засаглалын зүгээс УИХ дээр мэдээлэл хийх хэрэгтэй гэж бодож байна. Иргэдийн санал үнэн зөв тусах, сонгуулийн дүнд ард түмэн сэтгэл ханамжтай байх нөхцлийг бүрдүүлэх, сонгуулийг будлиангүй, сонгогчдын үймээн самуун багатай явуулах үүднээс хуулиа ягштал мөрдөх шаардлагатай. Гэтэл сонгуулийн хуулийг богино хугацаанд өөрчлөх санал хүртэл эрх баригчдын зүгээс гаргаж байна. 

Сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн хууль өөрчлөх нь Сонгуулийн хууль болон УИХ-аас баталсан бусад хууль, тогтоомжоор хаалттай байгаа. Сонгууль ойртсон үед улс төрийн нэг нам, эрх баригч хүчин өөртөө нийцүүлж хуулиа өөрчлөөд байвал сонгогч болоод өрсөлдөгч улс төрийн хүчин, нэр дэвшигчдэд ч ойлгомжгүй байдлыг бий болгоно. Энэ нь эргээд сонгуулийн дүн нийтээр хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй. Ер нь УИХ дээр орж ирж байгаа асуудлууд хүртэл сонгуульд чиглэсэн байгаа. Засгийн газар нь хүртэл 10.8 хувийн хүүтэй заал аваад эхэлсэн. Бодит байдал дээр ярьж байгаа зүйл нь эдийн засгийн талаасаа болоод улс орны эрх ашигт нийцэх үү. Яагаад сонгууль дөхөхөөр малчдын зээлийн хүү, орон сууцны зээлийн хүүг бууруулах ёстой гэж. Энэ ажлаа сонгуульгүйгээр хийж болдоггүй юм уу зэргээр асуудал байна шүү дээ. Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд ихэвчлэн цаанаа сонгуульд оноо нэмэх, сонгогчдыг нэг удаагийн үйлдлээр хуурах гэсэн хуулийн асуудлыг зүтгүүлж байна. 

Нөгөө талаасаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх гээд байсан асуудлууд нь таг болчихлоо. Хаврын чуулган хүлээхгүй долоо хоног дутуу байхад л яаран сандран захирамж гаргаж, ээлжит бус чуулган хуралдаж цөмийн хог хаягдалтай холбоотой конвенцид нэгдэх эсэхийг шийднэ гэсэн. Одоо хаврын чуулган эхэлчихлээ. Гэтэл ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэнэ гэж байсан асуудлууд нь алга байна. Яаралтай, дээрээс нь улс оронд хэрэгтэй байсан бол одоо яагаад хэлэлцэхгүй байгаа юм. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ч багтаагүй байна. Үнэхээр улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс байв уу эсвэл хэн нэгэн гадны болон дотоодын эдийн засгийн бүлэглэлүүдийн захиалага байсан уу гэдгийг ч бид анхаарах ёстой. Бид тухайн конвенцид нэгдэхийг буруутгаагүй. 

Гэхдээ хууль эрхзүйн талаасаа Монгол Улсын аюулгүй байдал болоод манай улс ямар үүрэг, хариуцлага хүлээхийг мэргэжлийн судлаачдын саналыг авч, ард түмний оролцоотой өргөн хэлэлцүүлэг хийж, ярилцах нь зүйтэй гэсэн байр сууринаас хандсан. Хэрэв тэр конвенцуудад нэгдвэл бидний харж байгаагаар Монгол Улсад цаашдаа цөмийн хог хаягдлыг булшлах, импортлох, экспортлох асуудал эрх зүйн хүрээнд буюу олон улсад үүрэг хүлээхээр байсан. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцсэн. 

-Тэр дундаа цөмийн хаягдлыг Монгол Улс хариуцах гэсэн нь олны анхаарлыг татсан заалт байсан шүү дээ? 

-Ер нь хоёр үндэслэл тавьж эсэргүүцсэн. Яагаад  долоохон хоногийн хугацаанд ийм чухал асуудлыг тавьж байгаа юм гэж. Монгол Улс хэн нэгнээс асуухгүйгээр дотооддоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой тэр дундаа төрийн эрх барих дээд байгууллага парламент нь асуудлаа шийдээд явах  ёстой. Гэтэл олон улсад  нэг хурал болох гэж байгаатай холбоотой эсвэл гадны хэн нэгэн байгууллагын хүсэлтийн дагуу энэ парламент шийдвэр гаргах нь буруу. Тиймээс ээлжит чуулганыхаа хүрээнд олон талаас нь шийдэх нь зүйтэй гэсэн санаа байсан юм. 

Нөгөө талаас нэгдэн орох гэж байгаа конвенцуудын цаана Монгол Улсад ямар үр дагавар, ашиг байгаа юм. Конвенцид нэгдэн орсноор Монгол Улс цөмийн хог хаягдлыг булшлах, урааныхаа эсвэл шар нунтгийнхаа оногдох хаядлыг Монгол Улс буцааж өөрөө авах үүрэг хүлээж байгаа юм биш биз. Энэ нь өнөөдөр биш юм гэхэд ирээдүйд Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой хүн байгаль орчны тэнцвэртэй байдалд сөрөг нөлөө үзүүлэх юм биш байгаа гэсэн хоёр үндэслэлээр ээлжит бус чуулганыг эсэргүүцсэн. 

-Өөр нэг асуудал нь УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа татгалзахыг танай намын бүлгээс шаардлаа. Сонгууль дөхсөн үед сөрөг хүчин ийм алхам хийх нь үр дагавартай биш үү?

-УИХ-ын дарга хуульд заасан ямар эрх, үүрэгтэй байдаг. УИХ өөрөө ямар чиг үүрэгтэй байгууллага билээ гэдгээ бид эхлээд авч үзэх хэрэгтэй. УИХ бол зөвшилцөл, ойлголцлын байгууллага. УИХ-ын гишүүд сонгогчид, ард түмнээ төлөөлж энэ Их Хуралд суугаа. УИХ-аар баталж байгаа хууль болоод хэлэлцэж байгаа асуудал бүрт ард түмнээ төлөөлөн харилцан ярилцаж, зөвшилцөж шийддэг. 

Харамсалтай нь З.Энхболд УИХ-ын дарга болсноос хойш парламентын мөн чанар их алдагдаж байгаа. УИХ-ын дарга хууль бус, хууль зөрчсөн байж болохуйц үйлдлийг сүүлийн үед гаргаж байна. Тухайлбал,Үндсэн хууль зөрчсөн асуудлаар иргэд асуудал тавиад, үүнийг нь Үндсэн хуулийн цэц авч хэлэлцээд явахаар Үндсэн хуулийн цэцийг оролдоод эхэлдэг. Дарга, цэргийг нь сольдог. Нэг ёсны өөрийнхөө эрх ашгийг өмнөө тавьж, улс орны эрх ашиг, парламентын мөн чанарыг алдагдуулж байна гэж бид үзэж байгаа. Тиймээс УИХ-ын даргыг энэ үйлдлийнхээ төлөө ард, иргэдээсээ уучлал гуйхыг шаардаж байгаа.