Дүүргийн эмнэлгийг гемодиализийн аппаратаар хангана
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Багахангай дүүргийн зарим иргэн бөөрний гемодиализийн аппаратад долоо хоногт 2-3 удаа орох шаардлагатай байдгаас Улаанбаатар хот руу хэд дахин ирж, очих болж байгаа нь хүндрэлтэй тусдаг талаар хөндөж, тус дүүргийн эмнэлгийг энэ төрлийн аппаратаар хангах боломжтой эсэхэд Эрүүл мэндийн яам ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тодрууллаа.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Улаанбаатар хотын зургаан дүүрэгт тус бүр хоёр гемодиализийн аппаратыг тавихаар бэлтгэж байсан ч, хүний нөөцтэй холбоотойгоор өөрчлөлт оруулж нэр бүхий дөрвөн дүүргийн эмнэлэгт тус бүр 3 аппаратыг байршуулахаар болсон. Нэг гемодиализийн аппаратыг дагаж нэг эмч, хоёр сувилагч ажиллах шаардлагатай болдог. Тус аппаратыг ажиллуулах эмч, сувилагч нарыг гурван сар бэлтгэх шаардлагатай. Бэлтгэгдэж байгаа хүмүүс сар гаруйн хугацаанд сургалтад хамрагдаад явж байгаа. Хан-Уул дүүрэгт Багахангай харьяалагддаг учраас зохицуулалт хийгээд явна” гэсэн хариулт өгсөн юм.
Цаашдаа гемодиализийн аппаратаар эмнэлгийг хангахдаа бүсчилсэн байдлаар шийдэх бодлого барьж буй аж. Энэ нь бүсийн оношлогоо эмчилгээний төвийг нь түшиглэж буй зохицуулалт юм байна. Орон нутгийн зарим иргэд гемодиализийн аппаратад орохын тулд Улаанбаатар хотын иргэн болж, харьяаллаа өөрчлөхөөс аргагүйд ч хүрдэг байна.
Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хөдөлмөрийн зах зээлд ажилгүйчүүдийг олноор бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтыг чанаржуулахад салбарын яам нь ямар бодлого барьж байна вэ” гэдэг асуудлыг хөндлөө.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Дээд боловсролын чанарт зайлшгүй анхаарах шаардлага бий. Тэр дундаа Монголын хувьд инженерийн боловсролоо дэлхийн төвшинд гаргах шаардлага байгаа. Иймээс олон улсын жишигт нийцсэн 1000 инженерийг бэлтгэхээр Японд сургаж байна. Мөн инженер бэлтгэдэг 400 багштай болно.
Хувийн их, дээд сургуулийг шууд хаах боломжгүй учрас магадлан итгэмжлэлээр дамжуулж тодорхой шаардлага, стандарт тавина. Шинэ хуульд ийм зохицуулалт тусгасан. Хэрвээ дээрх хууль батлагдвал тодорхой шалгуур, стандарт тавигдаад эхэлнэ. Нөгөө талдаа хувийн сургууль ч гэсэн хараат бус гишүүнтэй байхаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө” гэсэн хариулт өгсөн юм.
Онцлоход, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд 91 арга хэмжээний 65 арга хэмжээ нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаагаас 50 арга хэмжээг улсын төсвөөр, 5 арга хэмжээг гадаад эх үүсвэрээр, 6 арга хэмжээг концессын гэрээгээр, 1 арга хэмжээг хувийн хөрөнгөөр, 4 арга хэмжээг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр туссан байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн нийт 91 арга хэмжээнээс:
- 27 арга хэмжээ 100 хувь буюу бүрэн биелж,
- 23 арга хэмжээ нь 90 хувь,
- 20 арга хэмжээ нь 70 хувь,
- 11 арга хэмжээ нь 50 хувь,
- 6 арга хэмжээ нь 30 хувь,
- 3 арга хэмжээ нь 10 хувийн биелэлттэй
- 1 арга хэмжээ үнэлэгдээгүй байна
Тухайлбал, 30 хувийн биелэлттэй арга хэмжээнд дараах ажлууд багтжээ.
- Цахилгаан дамжуулах сүлжээний 220 кВт, түүнээс дээш өндөр хүчдэлийн шугамыг байгуулах
- 1, 2 дугаар үе шатны төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлыг эхлүүлэх
- Мандал – Зуунмод – Багахангай чиглэлд Улаанбаатар хотыг тойруулан төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлыг эхлүүлэх
- Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн туршилтын үйлдвэрийг ажиллуулж эхлэх
- Шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй сумдыг өргөн зурвасын сүлжээнд холбох
- Улс, бүс нутгийн онцгой ач холбогдол бүхий боомтуудын үндсэн дэд бүтэц, барилга, байгууламжийг цогцоор нь барьж байгуулах
10 хувийн биелэлттэй ажилд
- Үйлдвэрлэлийн кластерт ажлын байр бий болгосон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
- Алтанбулаг-Улаанбаатар-Замын- Үүдийн хурдны авто замын барилгын ажлыг эхлүүлэх
- Бичигт–Баруун-Урт чиглэлийн авто замыг барьж ашиглалтад оруулах хэмээн тус бүр тодорхойлжээ.