Миний хувьд ажил хийнэ гэдгийг түлээ хагалахтай зүйрлэж ойлгодог
"Эксперт ярьж байна" ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор Зам тээвэр барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичиг асан, Булган аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таныг "зам тээвэр"-ийн Ж.Бат-Эрдэнэ гэдгээр ихэнх хүн мэддэг. Тэгэхээр яриагаа, таны эзэмшсэн мэргэжил, төгссөн сургууль, боловсролоос эхлэх саналтай байна?
-Ах нь 1983 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар сургуулийг төгссөн. Үүнийхээ дараа нэг жил Хөнгөн үйлдвэрлэлийн техник мэргэжлийн сургуульд суралцаад 1984 оны намар ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд явсан. Тэнд дөрвөн жил автын инженер мэргэжлээр суралцсан. Хожим буюу 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2001-2003 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистер цолтойгоор дүүргэсэн.
Ажлын тухайд 1992-2000 оны хооронд "Ашид эрдэнэ" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2000 оноос Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Авто Тээврийг Газарт даргаар томилогдож ажиллаад саяхныг хүртэл тасралтгүйгээр төрийн албанд зүтгэсэн гэхэд болно.
-Одоо та ямар албанд зүтгэж байна?
-Одоогоор Булган аймгийн МАН-ын даргын албыг хашиж байна.
-Өмнө нь та Зам тээвэр барилга хот байгуулалтын яам гэж байхад төрийн нарийн бичгээр ажиллаж байсан. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Миний хувьд 2000 оноос 2004 он хүртэл дөрвөн жил Авто тээврийн газрын даргаар ажилласан. Үүний дараа хоёр жил орчим төрийн ажлаас завсарлаад буцаад яаманд ажиллаж эхэлсэн. Ингэхдээ, 2007оноос Зам тээвэр, аялал жуулчлалын яам, 2009 оноос Зам тээвэр барилга хот байгуулалтын яам гэсэн хоёр яамыг дамжиж төрийн нарийн бичгийн даргаар 2012 он хүртэл ажилласан.
-Зам тээврийн яаманд ажиллаж байсан хүний хувьд энэ салбарын хөгжлийн талаар санаа бодлоо чилээх үе байдаг биз?
-Монгол Улсын авто замын сүлжээг бид хамгийн түрүүнд бүрэн гүйцэд бий болгох ёстой гэж үздэг. Нийт 6000 мянган км зам тавьж бүх аймгуудыг авто замаар Улаанбаатар хоттой холбоно гэсэн тооцоо, судалгаа бий. Одоо ажиллаж байгаа Засгийн газрын тухайд 3000 орчим км зам тавьчихлаа хэмээн ярьж байна. Цаашид ч аймаг хоорондын авто замын сүлжээгээ үргэлжлүүлэн бий болгох ёстой. Ингэж байж иргэдийнхээ төв рүү тэмүүлсэн нүүдлийг зогсоож бүсчилсэн хөгжлийн тухай ярих хэрэгтэй болно. Үүнд авто замын сүлжээний гүйцэтгэх үүрэг асар их. Ухаан нь, аймгууд хоорондоо хатуу хучилттай замаар холбогдсоноор зах хязгаар нутгуудад очих барааны өртөг хямдрах, үйлдвэр үйлчилгээний газрууд тухайн бүс нутагт олноороо бий болж ард иргэдийн амьдралд ахиц дэвшил гарах юм.
-Орос, хятадыг холбосон хэвтээ тэнхлэгийн хурдны зам баригдах асуудал нэг хэсэг эрчимтэй яригдсан. Энэ ер нь хэр боломжтой зүйл вэ?
-Азийн авто замын сүлжээнд манай улс нэгдэн орж өөрийн улсаар дамжин өнгөрч байгаа авто замаа хатуу хучилттай болгох үүргийг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, улс хоорондын холбоог сайжруулах буюу монголоор дайран өнгөрч байгаа замуудыг хатуу хучилттай болгож тээвэрлэлтийг саадгүй явуулна гэсэн үүрэг хүлээдэг. Энэ утгаараа хамгийн гол цэг болох Алтанбулгаас Замын-Үүд хүртэлх замыг хурдны зам болгоно гэсэн төлөвлөгөө байдаг. Бидний ажиллаж байх үеэс дээрх асуудал яригдаж төлөвлөгдөж байсан. Яг үнэндээ дотор нь орж ажиллаагүй болохоор энэ ажил өдгөө яг ямар шатандаа явж байгаа талаар сайн мэдээлэлгүй байна.
-Налайх-Улаанбаатарыг холбосон зургаан эгнээтэй хурдын зам барих тухай яригдаж байна?
-Энэ зам бол сая ярьсан замын нэг хэсэг нь байх ёстой л доо. Зургаан эгнээтэй болсоноор тээврийн хэрэгслийн урсгал чөлөөтэй болно. Улаанбаатар хотыг тэлж, Налайхыг дагуул хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд энэ замыг зайлшгүй засаж сайжруулах хэрэгтэй. Бидний үед АНУ-ын мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Баянзүрхийн гүүр болоод Налайх хүртэлх 17 байдаг шиг санагдах юм км замыг хийхээр гэрээ зурагдаад санхүүжилт хүрэхгүй цуцлагдаж байсан юм. Зайлшгүй хийх ёстой ажил. Хийгдэх гэж байгаа бол маш сайн байна.
-Нийслэлийн хэмжээнд авто замын түгжрэл гэдэг зүйл тулгамдсан асуудал болоод нилээдгүй хугацааг элээж байна. Үүнийг яаж шийдвэл зүгээр юм бол?
-Хэрвээ би андуураагүй бол Улаанбаатар хотын авто замыг 2050 он хүртэл хөгжүүлэх Япон улсын Жайка төслийн хүрээнд хийгдсэн судалгаа бий. Энэ судалгаанд Улаанбаатар хотын хэд хэдэн уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах, гол замуудын уулзварыг хоёр түвшинд болговол үндсэндээ түгжрэлгүй байх бололцоотой гэж үзсэн байдаг. Баруун, зүүн дөрвөн зам, Саппорогийн уулзвар гээд хэд хэдэн уулзварыг хоёр түвшинд зөрдөг болгох хэрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд Чингис бондын хүрээнд "Гудамж төсөл" хэрэгжлээ шүү дээ. Үүний давуу болон дутагдалтай талыг та хэрхэн хардаг вэ?
-Олон сайхан гудамжуудыг бий болгож, уулзавруудыг шинэчилсэнд баяртай байдаг. Дээрхи Жайкагийн судалгааны хүрээнд хийгдсэн төлөвлөгдсөн Улаанбаатар хотын уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах төлөвлөгөөнд орчихсон ажлууд эхнээсээ хийгдээд явж байгаагийн илрэл нь энэ Гудамж төсөл.
Нэг шүүмжлэл явдаг. Хэтэрхий өндөр өртгөөр энэ төслийг хэрэгжүүлсэн гэдэг. Миний тухайд мөн л дотор нь орж ажиллаагүй болохоор ямар хэмжээний үнэ өртгөөр энэ уулзаврууд бий болсныг сайн мэдэхгүй байна.
Өөр нэг шүүмжлэлтэй зүйл нь, аймгийн төвүүд дээр хийгдэж байгаа замууд. Зөвхөн "Аймгийн төв дээр бүтээн байгуулалт хийлээ" гэдэг нэр зүүхийн төлөө зам барих бус үнэхээр тэр аймгийн төв дээр байгаа хэрэгцээтэй, уулзвар, замуудыг л засах ёстой. Дээрээс нь аймгуудад ямар хэмжээний түгжрэл байдаг билээ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Жишээ нь, Булган аймагт л гэхэд төв талбайн саадны хоёр талаар зам тавъя гэдэг төлөвлөлт явж байна лээ. Би бол хувьдаа үүнийг зөвшөөрөхгүй байгаа. 100 метрийн цаана ямар ч асуудалгүй зам явж байгаа. Нөгөө талд нь дахиад л 100 метрийн цаана ямарч түгжрэлгүй зам байж л байна. Ингэхийн оронд хөндлөн хэд хэдэн гарц хийгээд тойрч давхидаггүй болгочихвол энэ бол ажил. Хүндрэл бөглөрөл үүсээд байгаа газар зам тавь. Ажил хийсэн гэх нэр зүүхийн тулд зам барина гэдэг бол туйлын буруу. Зам гэдэг тоглоом биш маш их мөнгө.
-Төмөр зам бас өдгөө тулгамдсан асуудал болоод байна. Өнгөрсөн хугацаанд манай улс өөрийн гэсэн төмөр замын сүлжээтэй болох ёстой гэсэн бодлогыг гаргасан ч энэ нь төдийлөн амжилт олсонгүй?
-Би 2012 оны найман сард төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Ажлаа өгөхдөө Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 240 км төмөр зам, Тавантолгой-Сайншанд чиглэлийн 460-аад км төмөр зам барих концессын гэрээг "Энержи ресурс", "Болдтөмөр Ерөө гол" гэсэн хоёр компанитай концессын гэрээ зураад дараагийн Засгийн Газарт хүлээлгэж өгсөн. Миний бие бүхэлд нь гэрээн дээр суусан. Энэ гэрээний дагуу уг төмөр замыг 5 жилийн хугацаанд барих, төмөр зам ашиглалтанд орсноос хойш 19 жилийн дараа Монголын тал 51 хувыг эзэмшинэ гэсэн нөхцөлтэй байсан. Тухайн үед Төрийн өмчийн өмчийн хороон дээр концессын газар гэж байлаа. Гэрээнд гарын үсэг зурна зурахгүй гээд зөндөө болгоомжлол байсан. Аргагүй шүү дээ. Бид урьд нь ийм том гэрээг тэр тусмаа концессын гэрээ хийж үзээгүй юм чинь. Тэгээд зориглоод л зурсан. Тэр үед Ц. Дашдорж сайд байсан. Зураад л үлдээсэн шүү дээ. Үнэндээ өөр зүйл ярьмааргүй байна.
-"Энержи ресурс" компантай байгуулсан концесийн гэрээг цуцлан уг ажлыг төр мэдэлдээ авсан нь буруу алхам гэж харж байна уу?
-Би сая хэллээ тухайн үед хийх зүйлээ хийгээд үлдээсэн. Ер нь бол Монголын Төмөр Зам компаниар хийлгэх, МТЗ компанийг өрсөлдөх чадвартай ТЗ-ын том компани болгох бодлого явж ч байсан цаашид ч ийм бодлого барих л байх.
-Ер нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажил ямар ажил вэ. Маш их мөнгө төгрөгтэй холбодог гэх яриа байдаг?
-Миний хувьд аливаа ажлыг хийнэ гэдгийг түлээ хагалахтай зүйрлэж ойлгодог. Түлээ хагална гэдэг бол ажил. Түлээ хагалахад гардаг зомгол бол төрийн ажил хийхэд байдаг л хөнгөлөлт, дэмжлэг туслалцаа гээд л амьдралд зөндөө л юм байдаг биз дээ, тэр л зүйл нь юм. Түлээг хагалахдаа зомгол гаргаж авъя гээд хагалаад зомголыг нь хормойлоод байвал хагалсан түлээгүй дан зомгол болно. Үүнтэй адил хувьдаа ашиг харж ажиллаад байвал хийсэн бүтээсэн ажилгүй өөрөө түнтийгээд эцэст нь хана мөргөх л байх даа. Зүгээр л түлээгээ цэвэрхэн зөв хагал. Тэртэй тэргүй зомгол гарна.
-Та МАН-д хэдэн онд гишүүнээр элссэн бэ. Энэ намыг сонгох болсон шалтгааныхаа талаар ярихгүй юу?
-Би 1992 онд ОХУ-аас монголдоо ирсэн. Үүний дараа нэг хэсэг бизнес гэж явсан. Улмаар 1996 онд энэ намд элссэн. 1996 оны сонгуульд МАН ялагдал хүлээгээд байлаа. Энэ ялагдлынх нь дараа буюу 1996 оны 10 дугаар сард намд элсэж орсон. Ялагдсан талыг нь өмөөрөх монгол сэтгэхүй байдаг шүү дээ. Тэр сэтгэхүй бас нөлөөлсөн болов уу.
-Булган аймгийн МАН-ын даргаар ажиллаж байгаагийн хувьд энэ байр суурин дээрээс УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх бодол танд байгаа юу?
-Энэ асуултад хариулахгүй байж болох уу? Сүүлийн гурван жил орчмын хугацаанд Булган аймагт ажиллаж, амьдарлаа. Энэ утгаараа Булган аймгийн өнөөгийн байгаа байдал, эдийн засгийнх нь чадавхи, хөгжлийг өөрийнхөө нүдээр харж дүгнэлт хийх бололцоо бүрдсэн.
Тухайлбал, манай аймагт өнөөдөр хүнсний аятайхан зах байхгүй байна. Байршлын хувьд Эрдэнэт хоттой ойрхон учир зах зээлийн утгаараа хөгжих боломж нь хумигдмал байх шиг. Хүн ам багатай, үйлдвэр үйлчилгээний газрууд байдаггүй зэрэг учир дутагдлууд бий. Гэхдээ өөрчлөгдөх боломж харагдаж байгаа.
-Булган нутаг анхдагчдын өлгий гэдгээрээ алдартай. Гэтэл анхдагчдын өлгий нутаг маань хөгжлөөрөө тааруухан яваа гэдгийг та сая хэллээ. Үүнтэй би бас тухайн орон нутагт очиж байсны хувьд санал нэг байна?
-Булган бол анхдагчдын гэсэн тодотголтой аймаг. Салбар, салбарын маш олон анхдагчид, алдартнууд энэ аймгаас төрж гарсан байдаг. Гэтэл Булган аймагт очиж үзсэн хүмүүс үнэхээр сэтгэл дундуур буцдаг. Томхон сумын төв шиг гэж хүртэл ярьцгаадаг. Үнэндээ манай аймагт гаднаас ирсэн улсууд хоног төрүүлчих аятайхан буудал ч бараг байдаггүй юм шүү дээ.
Булган чинь барагтай бол ган зуд болдоггүй тийм онцлогтой газар. Энэ утгаараа тэнд амьдарч байгаа хүмүүс нь их тайван, налгар хүмүүс. Гадна аймгаас ирсэн хүмүүс танайхан түлээнийхээ модыг хүртэл жиргээд тавьчихгүй том томоороо байж байх юм аа гэж хэлдэг. Тэгэхээр хүмүүсийн энэ мэт хандлага, хөдөлмөрч бус байдлыг орвонгоор өөрчлөх л хэрэгтэй. Ер нь хүн тэгээд ажилтай орлоготой болохоороо хүссэн хүсээгүй ажилсаг л болдог юм даа.
-МАН хэдхэн хоногийн өмнө 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн онцлог нь юундаа байв?
-Аливаа намын мөрийн хөтөлбөр гэдэг бол улс орон, хүн амаа хөгжүүлье гэсэн цорын ганц зорилготой хувилбар байх учиртай. Энэ хувилбар нь ард иргэдийнхээ санаа бодол дээр үндэслэгдсэн байх нь чухал. Түүнээс биш хэдэн дарга нар сууж байгаад зохиочихдог зүйл биш. Манай намын энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн тухайд эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ санаа оноон дээр тулгуурлагдаж, судалгаа шинжилгээний үр дүнд боловсруулагдсан тун боломжийн мөрийн хөтөлбөр болсон гэж бодож байна.
-МАН, МАХН хоёр эвсэж сонгуульд орох тухай яригдаж байгаад төдийлөн амжилтыг олсонгүй. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Зарчмын хувьд авч үзвэл, энэ хоёр намын хуваагдал анхнаасаа дэмий шахуу зүйл байсан. Ингэж хуваагдах нь өөрөө улстөрийн хүчний хувьд аль аль талдаа маш том алдаа болсон. Тэгэхээр МАН, МАХН гэдэг хоёр улстөрийн хүчин өнөөдөр биш юм гэхэд хэзээ нэгэн цагт нийлж, нэгдэх ёстой гэсэн бодолтой явдаг.
-Төр суларсан байна. Энэ утгаараа засаглалын хямрал гэдэг зүйлд нэрвэгдлээ гэдэг зүйлийг сүүлийн жилүүдэд улстөрчид их ярих болж. Үүнтэй та санал нийлэх үү?
-Яг үнэндээ бид үүнээс илүү засаглалын хэлбэрийг бид олж чадахгүй байх аа. Парламентийн 76 гишүүнтэйгээр хууль тогтоомжоо гаргаад явж байгаа энэ засаглал маань зөв зүйтэй хэлбэр шүү дээ. Засаглалын институцийг өөрчлөх хэрэгтэй гэх мэтээр хүмүүс сүүлийн үед их ярьж, бичих болж. Би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй. Зүгээр л боловсон хүчний тогтолцоогоо л зөв байлгах хэрэгтэй.
Яам тамгын газарт ажиллаж байгаа хүмүүсээ л зөв томилдог төрийн алба цэвэр зөв байх л чухал. Түүнээс төр гэдэг зүйл функциараа буруу болчихоод ингээд байгаа юм биш. Хаант засаглалтай эсвэл парламентын хоёр танхимтай улс орнууд хөгжөөд болж л байна. Төрд ямар ч мэдлэг боловсролгүй, хаа хамаагүй хүмүүс танил талаараа дамжуулан олноороо орсон нь асуудал дагуулж байна. Барилга хот байгуулалтын сайдаар л гэхэд эмч хүн ажиллаж байх жишээтэй. Орон нутагт мөн адилхан. Нэг нам гарч ирээд өмнө нь ажиллаж байсан төрийн алба хаагчдаа бүгдийг нь халаад танил талынхаа хүмүүсийг оронд нь авдаг. Үүнээсээ болоод ажил нь явдаггүй. Энэ бол төрийн хямрал. Төрийн уналт гэдэг маань ердөө л энэ.
-Орон нутагт эдийн засгийн хямрал хэр мэдрэгдэж байна. Иргэдийн халаас хоосорч, худалдан авах чадамж муудсан тухай бас л хаа сайгүй ярих болж?
-Миний тухайд аймгийнхаа бизнес, худалдаа эрхлэгчидтэй уулзаж байхад манай дэлгүүр лүү хүн орж ирэхгүй байна. Гуанз ресторанаар хүн үйлчлүүлэхээ больчихлоо гэдэг зүйлийг гол төлөв ярьдаг. Уг нь бол тийшээ орж наймаа хийж үйлчлүүлдэг хүмүүс халаасандаа мөнгөтэй байж л үйлчлүүлнэ биз дээ. Мөнгөгүй хүмүүс юугаа хийж дэлгүүр хэсэж гуанзанд хоол идэх юм бэ. Хүмүүс зүгээр л ядуу байна шүү дээ. Мянган төгрөгийн зөрөө хараад л цаг заваа үрээд Эрдэнэт давхиад байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л иргэдийнхээ халаасыг зузаан болгох тал дээр л анхаарч ажиллах хэрэгтэй.
Яг үнэндээ өнөөдөр бид хойд солонгос шиг болчихсон байна. Үүнийгээ харамсалтай нь анзаарахгүй юм. Иргэдээс асуухаар төр засаг их юм хийж байна. Ийшээ ч зам тавьлаа, тэнд ч тамгын газар сайхан барилгатай боллоо, байшин будлаа, тэгж тууз хайчиллаа тэнд ч усан бассейн барилаа дарга нар их юм хийж байна гээд л ярих юм. Тэгээд л өөрсдөө гэртээ хариад хоосон хоноод байдаг. Мянгат малчин болоод л байдаг мал нь зарагддаггүй бас л кармандаа мөнгөгүй.
Гэтэл мянгат малчин боллоо гээд төрөөс "шовгор" малгай өмсүүлээд энгэрт нь тэмдэг наачхаар тэрэндээ баярлаад төрөө магтаад байхаас мал мах зарагдахгүй байна гэж ярихаа больчихдог. Төр, захиргаа иргэдээ аргалаад байна шүү дээ. Гэтэл хүмүүсийн ихэнх нь мөнгөгүй, өлсгөлөн байж байх жишээтэй. Шовгор малгай, гоё байшин, цэцэрлэгт хүрээлэнг бид хөгжил гэж харж болохгүй. Хөрөнгөтэй мөнгөтэй ажилтай иргэнтэй байхыг л хөгжил гэнэ. Маш товчхондоо, хүнээ хөгжүүлж, боловсролтой, эрүүл, чинээлэг болж байж л бид хөгжинө. Монгол Улс хөгжлийн бодлогоо үе шаттайгаар энэ зүйл рүү чиглүүлмээр байна.
эх сурвалж: http://www.zuvsongolt.mn/page/newsmore/1233