“Монгол Улс дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт онол практикийн бага хурал боллоо
2016.05.06

“Монгол Улс дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт онол практикийн бага хурал боллоо

Монгол Улсад жил бүхийн 05 дугаар сарын 08-ны өдөр тэмдэглэдэг Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, МУЗН-ээс хамтран зохион байгуулж байгаа “Монгол Улс дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр эхэллээ.

Онол практикийн бага хурлыг нээж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар үг хэллээ. 

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тохиолдож буй гамшиг, ослын тоо нэмэгдэж, давтамж улам ойртож, түүнээс үүссэн хор хохирол улам өссөөр байна.  Тохиолдож буй гамшиг осолд жилд дунджаар 100 мянга гаруй  хүн өртөж амь насаа алддаг гэсэн дэлхий нийтийн судалгаа байдаг. 

Монгол орны хувьд ч байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж буурахгүй байна.

Хамгийн сүүлийн жишээ бол 2009-2010 он болон 2015-2016 оны зудын гамшигт өртсөн малчдад туслах хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газар болон дотоодын болон олон улсын байгууллагуудаас хамтран зохион байгуулан ажилласан.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг шинээр тусган өгч байгаа нь ч цаашид гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаан дах хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт болон зохион байгуулалтыг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

“Монгол Улс дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт онол практикийн энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой хурал болж байгаа төдийгүй Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Олны хүч оломгүй далай” хүмүүнлэгийн чуулга уулзалтыг ирэх даваа гарагт зохион байгуулах гэж байна.

 

Тус онол практикийн бага хурлын үеэр “Гамшгийн эрсдэл ба хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны хандлага”, “НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн бүтэц, зохион байгуулалт”, “МУЗН-Хүмүүнлэгийн тусламж-2016”, “МАА-н салбарын зудын эрсдэл, хүмүүнлэгийн тусламж”, “Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Монгол дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа”, “Монгол Улсын энхийг сахиулагчдын хүмүүнлэгийн туршлага, сургамж” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдаж хуралд оролцогчид санал бодол, зөвлөмжөө илэрхийллээ.