Алтан мөрдэстнүүддээ хүндэтгэл үзүүллээ
2016.04.29

Алтан мөрдэстнүүддээ хүндэтгэл үзүүллээ

Алтан саат мөрдэсээ наранд гялалзуулсан олон хүн Сүх жанжны хөшөөний дэргэд цуглан бие биенээ хүндэтгэн ёслоод гар барин мэндчилэн, хаваржаа, бие тэнхээгээ асууцгаана.

Монгол генерал төвтэй хамтран Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг “Генералуудын өдөр"-ийн арга хэмжээнд оролцохоор ирж буй нь энэ. Энэ жил уг өдрийг зохион байгуулах ажил ОБЕГ-т таарсан юм. Монголд генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойн хүрээнд өчигдөр албан үүргээ гүйцэтгэж буй болон чөлөөнд байгаа генералууд төв талбайд ирж, жанжин Д.Сүхбаатар, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Түүний дараа Төрийн ордонд алтан мөрдэст генералуудад ЕТГ-ын дарга П.Цагаан, Шадар сайд Ц.Оюунбаатар, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэндчилгээг уламжилсан юм.

Дараа нь онцгой байдлын албанд ашиглаж байгаа техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэй генералуудыг танилцуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол генерал төгөл байгуулан мод тарьлаа.

Энэ арга хэмжээний үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шивдвэр гүйцэттэх зэрэг найман байгууллага эл үйл ажиллагааг ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна. Удахгүй Засгийн газрын тогтоол гарч, албан ёсоор Монголын генералуудын баярын өдрийг тэмдэглэлт баяр болгохоор болсон. Энэ арга хэмжээг зохвон байгуулах нь үүрэг гэхээсээ илүү хүндэтгэл гэж би ойлгож байгаа” гэж ярилаа.

ОБЕГ, Монгол генерал төвтэй хамтран зохион байгуулсан Генералуудын өдрийн арга хэмжээвд цэргийн дээд цол хүртсэн 170 хүн байдгийн сэрүүн тунгалаг буй 87 алтан мөрдэстөнөөс 80-аад нь оролцов. Тэдний 10 гаруй нь өдгөө цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, хил хамгаалах албандаа ажиллаж буй юм. Хамгийн залуу нь Хэнтий аймгаас төрсөн генералуудын нэг, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, өдгөө 40 настай, бригадын генерал Л.Онцгойбаяр. Хамгийн ахмад нь 1939 оны Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 98 настай, чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл гуай юм.

Сэрүүн тунгалаг байгаа генералуудаас хамгийн өндөр цолтой нь хурандаа генерал С.Лувсангомбо. 2006 онд хурандаа генерал цолыг хассанаас хойш өдгөө Зэвсэгт хүчинд хэрэглэж буй хамгийн өндөр цол нь дэслэгч генерал. Уг цолыг хүртсэн Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Ц.Бямбажав, Л.Моломжамц зэрэг хүмүүс энэ баярын арга хэмжээнд оролцсон.

Генералуудын үр хүүхдүүдээс цэргийн цолтой олон хүн бий. Аав хүү хоёр генерал цол хүртсэн тохиолдол Монголдоо ганц. Хурандаа генерал Б.Цогийн хүү нь хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий агсан.