"Оюун санааны наран мандана"
"Хан Хэнтийн Хүү" хөгжлийн сангийн тэргүүн Н.Учрал
2016.05.10

"Оюун санааны наран мандана"

Бодлогын алдаа боловсроогүй жимстэй адил

Аливаа юмс үзэгдэл бүхэн үүсэлтэй. Бүх зүйлийн үүсэл язгуур нь эх байгаль юм. Амьд биеийн тухайд ус эрдэнэ. Хүний биед химийн бүхий л элемент бичил язгуур цөм бий. Яах аргагүй бид бичлээс цогцолсон байгаль агаад дэлхийн хэмнэлд би буюу хүн амь биеэрээ хараат байж таарна. Иймд хүн байгаль гэдэг бол нийгэм улс төр, эдийн засгийн цогц ойлголт аж. Дорнын зурхай үүний тод жишээ мөн. Нар одод-дэлхий-бид.

Өвчлөлтийн явц, өсөлтийн хийгээд өтлөлтийн шинж, үхэл хагацал туйлшрал бүгд байгалийн жам. Хүнийг бурхан ч юм уу, харь гариг бий болгоогүй, сармагчнаас ч үүсээгүй. Тэмээ тэмээгээрээ, аалз аалзаараа үүссэн шиг хүн хүнээрээ л үүссэн хэмээн бодно. Хүн хүй нэгдлээс өмнө холимог идэшт араатан амьтны ёсоор аж төрж, мангас буюу үлэг гүрвэл зэрэг аварга амьтдын хоол болж ч явсан юм бил үү.

Хүн рефлекст, болзолт I рефлекст амьтан бөгөөд гагцхүү түүнийгээ илэрхийлэх чадварын хөгжлийг нь оюун санаа, ойлголцсон хэлбэрийг нь ухамсар хэмээн ойлговол зохилтой. Амьтанд бол тэр нь хязгаарлагдмал. Амьдрал эхэлсэн цагаас хүний түүх эхэлнэ. Гал шүтсэнээр оюун ухаан нь хөгжиж, модон зэвсгийн үеэс нийгмийн түүхээ эхэлсэн болов уу.

Модоор барьсан урц, жодгор, хэдрэг буйл, уурга, хом, шат, ожуу, чавх, нум, хавчаахай, уур, нүдүүр тэр үеэс өвлөсөн дурсгал ч байж болох юм. Тэгээд ч чулуун зэвсэг монгол оронд одоогоос 700 мянган жилийн тэртээд хүн иргэншин амьдарч ирснийг нотолжээ. Харамсалтай нь, модон зэвсэг хэврэг юм даа.

Монгол хэл хүнтэй хамт үүссэн байж таарна. Түүний дурсгал нь аварга амьтдыг үзсэн үеийн мангаст үлгэр ч юм бил үү. Тиймгүй бол хүн төрөхдөө ярих авьяасгүй байхсан.

Хүний соёл нууц эрхтнээ хаацайлан ичдэг болсон тэр цагаас эхтэй болов уу, Адсага, хом илэг, савхи гээд үйлдвэрлэл нь нарийсч, ур чадвар нь өссөн биз. Сайхан муухайг мэдэрсэн цагаас ахуйн соёл үүссэн биз. Дарвины онолоор хүн үүсээгүй харин байгалийн шалгарал хүний хөгжлийг л түргэтгэсэн. Хүн нэгэн газар үүсээд тархаагүйн баталгаа нь хар, шар, цагаан арьстнууд байгаа явдал юм.

Монголын Хүннү гүрэн   анхны   төрт   улс   биш   зөвхөн   түүхийн   бичигт тэмдэглэгдэх, том дайнд ялалт байгуулсан үеэс мэдэгдэж буй анхны хүчирхэг төр улс гэлтэй.

Хэсэг бүлгийн тэмцэл эхэлсэн үе бол төр улсын анхны хэлбэр бөгөөд хөгжилгүй төр улсууд баларч морь мал хөсгийн хэрэглээ нэвтэрч, туулах чадвар нь сайжирч, дайн тэмцлийн хүрээ нь өргөжсөн байж болох юм.

Түүхийн алслал бидэнд “БҮҮ МЭД”  байна.  Галбын учрыг бид гүйцэд ойлгоогүй байна. Монгол хүн европ хүнээс үүссэн ч гэх юм уу төв Азид Европоос сүүлд хүн суурьшсан гэх нотолгоо үгүй юм. Мэдэж байгаагаар нь Чингисийг магтах гэж тэр үеэс л бүх юм үүссэн мэт ярих, монгол орон, монгол хүн л бүхнээс мундаг хэмээн ойлгох нь бас нэгэн гажуудал гэлтэй.

МЭӨ IV- III  зууны үед хүчирхэг байсан Хүннү гүрэн, МЭӨ 209 онд тодорсон Модун хаан аугаа их гүрнийг  байгуулахдаа цэрэг аймгийн нэгж аравт, зуут, мянгат, түмт гэсэн хуваариар хувааж цэргийн сургууль хийж байсан нь дэлхийн цэргийн үүслийн анхны хэлбэр. Хүннү нарын хүч чадал Хятадын цагаан хэрмийг байгуулахад хүргэсэн биз ээ.

МЭ II зууны дундуур Сүмбэ улсын хаан Таньшихуай тодорч, зэр зэвсэг нь хурц, морь нь хурдан, ур чадвар нь өндөржиж, Монголын төдийгүй дэлхийд байлдааны бэлэн байдлыг хангасан хүчирхэг армийг байгуулсан юм.

Их Чингис хааны үед техникээс бусад нийгмийн бүхий л салбар дэлхийд сүр дуулиан болон хөгжиж байсныг түүх сударт тэмдэглэн үлдээснийг бид мэднэ. Гэтэл өдгөө 70 жилийн ойнууд тэмдэглээд байгаа нь гутамшиг бөгөөд түүхийг ийн хэсэглэж, тэмдэглэдгийг цэглэхсэн. Монголын армийн түүх лав 2000 гаруй жилийн түүхтэй атал 70 жил л гэнэ.

Сумын ой гэдэг алтан ургийн сурвалжит цагаан ястнуудыг нухчин дарсан пролетарийн засаглалын коммунист ой төдий юм. Дэлхийн түүх ч эргэлзээтэй бөгөөд гагцхүү европынхны нүдээр нээж харсныг хэлж байгаа мэт санагдана.

Тахь монгол нутагт хэдэн мянганы турш амьдарч байсан атал бараг цөөрч сүйдэж асан XVIII зуунд харснаар нь Прежевальскийн адуу гэгдэж, дэлхийд “нээлт” болжээ. Түүний дэргэд хэдэн мянганы турш монгол нутагт аж төрснөөр нь “монголчуудын тахь” гэж яагаад нэрлэсэнгүй вэ. Бидний түүх сая сая жилийн настай агаад би ч, та ч анхны хүн гээч амьтны 1000000  дахь үеийн ач зээ мөн билээ. Түүх нь боловсролоор бол хязгаартай бөгөөд амьдрал, хар ухаанаар дамжин өвлөгдсөн нь хязгааргүй юм.

Хар ухаан шиг үе дамжсан, туршлагаас үүссэн өргөн их мэдлэг бий гэж үү. Монголчууд хар ухаантай хүнийг төрийн хар хүн гэдэг байж.  Яагаад төрийн гэх болов! Төрийн хар хүн өрх гэрийн сайн  эзэн, жинхэнэ ухаалаг монгол хүн байв. Бичил, язгуур  бүхнийг шинжлэх ухаан судалж чадахгүй болохоор бидний мэдлэг хязгаартай бөгөөд тэр бүхэн бидний эд эсэд буйн учир бид өөрсдөө ирээдүйн их нээлт юм.

Шинжлэх ухаан гэдэг зүйл амьдралаас холдож хөгжил нь саарсан санагддаг. Хүннү гүрний үед харин эрчимтэй хөгжсөн бус уу. Айраг, тараг, борц (ахуйн хими физик), сур дээс, хүрд, төмөр, хүрэл бүгд шинжлэх ухааны ололтын үр дүн юм. Бид өнөөдөр ч зарим зүйлийнх нь учрыг үл олно. Овгийн түүхээ байтугай овгоо ч мэдэхгүй. Хүний хувьд овог бол шинжлэх ухааны нарийн ойлголт юм.

Хотод суучихаад судалгаа хийж буй эрдэмтний ухаан миний хөгшин эмээгийн мэдэх ухааныг л эрж хайж байх шиг санагддаг. Монгол газарт одоогоос 90 гаруй жилийн тэртээ мал дагасан баахан бүдүүлэг нүүдэлчид, учир утгыг нь мэдэхгүй тангад ном дуржигнуулсан лам нар, бичиг мэдэхгүй хэдэн   харгис ноён бүхий таг харанхуй орон байсан гэж хэт өрөөсгөлөөр дүгнэж болохгүй.

Тэгээд л  Зөвлөлтийн мэр­гэжилтнүүд ирж худалдаа, тээвэр, мал аж  ахуй, газар тариалан, өртөө холбоо гэж ийм юм байдаг хэмээн зааж залруулж, байгуулж бүтээж өгч дээ. Гэтэл тэр заасан нь бас буруудаж, ардчилсан хувьсгал гараад өөр багш мэргэжилтнүүдийг урьжээ. Монголчууд яг л эзгүй арлын хүй нэгдлийн иргэд шиг байгаа биз? Уг нь монголчууд дэлхийн түүхийг хоёр удаа манлайлсан аугаа их ард түмэн бөгөөд их хаан Чингис энэ дэлхийн сүүлийн мянган жилийн суут хүн хэмээн өргөмжлөгдсөн юмсан.

Үнэхээр байгаль нь унаган төрхөөрөө буй улс дэлхийд Монголоос өөр ховор шүү дээ. Нийгмийн амьдралаа байгалийн жам ёстой холбосон төр Монголынх байсныг түүхийн шарласан хуудсууд бэлхнээ гэрчилнэ. Уур бухимдалгүй уудам цэлгэр нутгийн малч түмний гүн сэтгэлгээ, зөн совин, цогц ухаан энэ хорвоод хосгүй билээ.

Барууны орнуудын техникийн хөгжил хүн нийгэмд төдийгүй байгальд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Холыг ойртуулах ч хоёрыг холдуулах ухаалаг утсаа маажиж “урт” гэж нэрлэх амьдралаа товчлоод байх шиг. Байгальтай уялдаагүй хөгжил бол үхэл, мөхлийн сүүдрийг дагуулдаг аж. Монголчууд бид барууныг хоосон шүтэх биш, уламжлалаа судалж, шинэчлэлтэй зөв хослуулах хэрэгтэй байна. Монголын хаад, сайд түшмэд цөм малчид байсан. Үхрийн давсаг шиг төгөлдөр сав, ааруул мэт гойд бохь, оонын шөрмөс адил бөх утас дэлхийд байхгүй.

Байгалаас авах бүдүүлэг гэмээр энэ хэрэглээний уламжлалыг шинэ соёл, шинжлэх ухааны ололтоор баяжуулахын оронд Америкийн гялгар уут, гутал хувцас, турк нэхий, япон чихэр, солонгос утас, герман, япон машин л гэж  бэлэнчлэх юм. Монголчуудын босоо бичиг дэлхийн найман бичгийн нэг бөгөөд бидний дээдэс шиг 67 оронтой тоо нэрлэн хэрэглэж байсан улс орон үгүй билээ.

Монголчууд эртний түүх домогтой орон боловч, манж, орос зэрэг орны колоничлолоос шалтгаалж хараат сэтгэлгээний хэвшилд бүрэн автжээ. Хараат сэтгэлгээ маань өөрийн түүхээ өрөөлийн хавсарга болгон судалж, баяраа хүртэл будилж тэмдэглэдэг болов. АН, МАН гэх улс төрийн хоёр нам нь түүхийн баатруудыг хүртэл өмчлөөд авчихлаа. Түүхэн өдрийн цаг хугацааны талаар маргаж өнгөрсөнд хэрвээ гэх үгийг харамгүй хэрэглэж өнөөдрийг харахгүй атлаа ирээдүйг ярьж байна. Сайд дарга болоогүй бол АНУ, Европ руу зугтаж америк ах нараараа амьдралынхаа хэвшлийг заалгах нь халгүй байдал газар авлаа.

Харийн шашны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг алгаа тосч дэмжиж явуулчихаад үндэсний гэх хэдэн компаниа хааж боож дарамтлах нь тэдний сурч ирснийх нь хариу юу. Монголоор дүүрэн шашны сүм шиг их, дээд, дунд сургуулиуд борооны дараах мөөг шиг олшрох нь үндэсний бахархал уу.

Ирээдүй үр хойч маань харийн суртлаар програмчлагдаж хараат бодлогоор угаагдаж ирээдүйг маань харийн нөхөд эвтэйхэн худалдаад авч буйн өрийг хэн төлөх гэж байна. Бодлогын алдаа гэдэг бол боловсроогүй жимстэй адил шүү.

Монголын Модун, Чингис, Хубилай, Өгөөдэй, Батмөнх хаад, Мандухай цэцэн хатан, их эрдэмтэн Чойжи-Одсэр, Ц.Жамсрано, Б.Ринчен, их зохиолч Инжинаш Данзанравжаа, Д.Нацагдорж, Ц.Дамдин­сүрэн, их соён гэгээ­рүүлэгч Занабазар, эх оронч Чингүнжав, Амарсанаа, Ардчиллын алтан хараацай С.Зориг, шударга үнэний дуу хоолой О.Дашбалбар нарын зуу зуун билэгт хөвгүүн, охидын буян хишиг арвижиж, зөвхөн нэрийг тань л мэдэх төдий монголчуудынхаа нүглийг өршөөх болтугай.