Чуулганы нэгдсэн хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2016.05.18

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.05.17/ хуралдаанаарПрокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулав.

 

Хууль зүйн байнгын хороо 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, зарим өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж байна хэмээн Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдсан.

Тухайлбал, Прокурорын байгууллагын дэргэдэх прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байх, прокурорын аюулгүй байдлыг Тахарын алба хангах, прокурорын нийгмийн баталгаатай холбогдох зарим заалтыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар өөрчлөх, хуулийн төсөлд заасан нэр томьёог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд нийцүүлэн өөрчлөх зэрэг саналыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуусан. Тэрбээр, прокурор өөрийн гаргасан шийдвэрээ оролцогч талд тайлбарлахгүй гэдэг. Хохирогч ямар үндэслэлээр шийдвэр гаргасан талаар тайлбар авахыг хүсдэг. Хуульд энэ талаар хэрхэн тусгасан бэ хэмээн лавласан.

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Прокурор гаргасан шийдвэрээ тайлбарлахгүй гэж хуульд байхгүй. Гарсан шийдвэрээ оролцогчдод өгнө, оролцогч хүсвэл тайлбар өгнө. Харин прокурор гаргасан шийдвэрийнхээ талаар хэн нэгэн албан тушаалтны өмнө тайлбарлах албагүй юм хэмээн хариулсан юм. Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулав.

 

Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараахь чиглэлээр өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж байна гэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх үүрэг бүхий хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрыг шинээр байгуулж, газрын чиг үүрэг, даргын бүрэн эрхийг тодорхойлох, Тахарын албыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын дэргэд шилжүүлэх заалтыг төслөөс хасаж, Тахарын алба хуулиар хүлээсэн чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх нөхцөлийг хангах, иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд шийдвэр гүйцэтгэгч нарын авдаг 0.5-10 хувийн урамшуулал олгох заалтыг төслөөс хасаж, үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санхүүжилтийг улсын төсөвт тусгаж байхаар өөрчлөхөөр төсөлд тусгажээ.

Түүнчлэн алба хаагчийн цолыг нэршлийн хувьд байгууллагынх байсныг албаны цол болгож өөрчлөх, мөн дэд комиссар цолыг хасах, төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орж ирсэн мөнгийг шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор төлбөр авагчид шилжүүлдэг байсныг түргэвчлүүлж даруй шилжүүлдэг байхаар өөрчлөх, төсөлд хүүхдийн тэтгэлэг албадан гаргуулах зохицуулалтыг шинээр нэмж тусгах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох саналыг хорих ангийн дарга прокурорт тавьж, прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэх зохицуулалтыг өөрчилж, дээрх асуудлаар хорих анги сар бүр прокурорыг оролцуулсан хурлаараа хэлэлцүүлж, нэгдсэн шийдвэрт хүрсэн тохиолдолд прокурор холбогдох саналаа хурлын шийдвэрийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлэхээр өөрчлөхөөр тусган оруулж иржээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор танилцууллаа.

Монгол Улсын 2016 оны макро эдийн засгийн төлөв байдал, 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 2016 оны 04 сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улс жилдээ 7,000 тонн ноолуур, 20,000 тонн ноос, 10 сая ширхэг арьс шир, 400 мянган тонн мах бэлтгэж байна.

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль /шинэчилсэн найруулга/ 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа бөгөөд дараах заалтууд ньүйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулж, дамжуулан борлуулагч, зуучлагчдад ашигтай байдлыг бий болгосон байна гэлээ.

 

Хуулийн 13.1.21 дэх заалтад “Экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир”-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд хамааруулахаар хуульчилсан нь тухайн салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, боловсруулалтын түвшинг харгалзаж үзээгүйгээс экспортод гаргах самнасан ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, өрсөлдөх чадвар буурах, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт буурах, ноолуур, арьс ширэнд өртөг шингээж, гүн боловсруулах сонирхол үйлдвэрлэгчдэд төрөхгүй байх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгээд байгаа аж

Хуулийн 14.1.4 дэх заалтад “ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, таван хошуу мал”-ыг оруулаагүйгээс тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг хасч тооцох боломжгүй болжээ. Ноос, ноолуур болон мах боловсруулах үйлдвэрүүдийн үндсэн түүхий эдээ худалдан авсан үнийн дүнд шингэсэн албан татварыг хасалт хийх боломжгүй болгож, улмаар бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа бууруулах, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний өртгийг багасгахын тулд малчдаас авдаг түүхий эдийн үнийг бууруулах, үйлдвэрлэгчдийн орлого, ашиг буурах зэрэг сөрөг үр дагавар бий болоод байгаа юм байна.

Иймд үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргахад зуучлан борлуулагчидтай өрсөлдөхүйц нөхцөлийг бий болгох зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Тиймээс хуулийн төслийн нэгдүгээр зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай “хуулийн 13.1.21 дэх заалтыг “Экспортод гаргасан түүхий болон угаасан ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, түүхий болон идээлсэн /ветблю, ветвайт/ арьс шир” гэж өөрчлөн найруулах, хоёрдугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад“ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал” гэж нэмэлт оруулахаар, гуравдугаар зүйлд хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар үйлдвэрлэгчдэд татварын таатай орчин бий болж, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах боломж бүрдэж, үйлдвэрлэл, экспорт, ажлын байр нэмэгдэж, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Төсвийн байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хог хаягдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн өдөр Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм.

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй 3 дахин нэмэгджээ.

Өсөн нэмэгдэж буй хог хаягдал, олон жилийн турш зайлуулагдаагүй аюултай хог хаягдлын улмаас хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүйд хүрсэн байна.

Орон нутагт хог хаягдлыг байгаль орчинд халгүй арга технологиор булшлах,хогийн цэг байгуулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын хэмжээ бага, тавигдах шаардлага, стандарт байхгүй, хүнхүчний нөөц, дадлага туршлага, техник тоног төхөөрөмж ихээхэн дутагдалтай байгаагаас шалтгаалан хог хаягдлын зүй зохистой менежмент хэрэгжихгүй байгаа аж.

Мөн зарим төрлийн хог хаягдал тухайлбал цахим болон цахилгаан хэрэгслийн, барилгын, хөдөө аж ахуйн болон хүнсний гаралтай хог хаягдлыг хэрхэн ямарарга замаар устгах, боловсруулах нь тодорхойгүй, энэ тал дээр хийгдсэн тооцоо,судалгаа, бүртгэл, мэдээлэл хангалтгүй байна хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон. 

Цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай болжээ.

Дээрх үндэслэл, шаардлагын дагуу 2012 онд батлагдсан “Хог хаягдлын тухай” хуульд тусгагдаагүй, нарийвчилж зохицуулах шаардлагатай зарчмын зарим өөрчлөлтийг оруулан энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хог хаягдлын тухай хуулийн төсөлд нэр томъёог баяжуулан тайлбарлаж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг нарийвчлан, хог хаягдлын талаар дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, ногоон худалдан авалтыг дэмжих, энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд болон байршлыг тогтооход тавигдах шаардлагыг нарийвчлан тусгажээ.

Байгалт орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн дэмжсэн юм.

Киноны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцууллаа. Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс баримтлах соёлын бодлого”-д баримтат болон уран сайхны кино туурвих орчин нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Монгол киног дэлхийн зах зээлд гарган өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мөн киноны салбарыг зах зээл, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Киноны тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна хэмээн сайд хэллээ.

Киноны тухай хуулийн төслийг боловсруулах явцад киноны салбарын уран бүтээлчид болон орон нутгийн соёлын мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг 4 удаа зохион байгуулж, хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайт дээр байршуулан олон нийтээр хэлэлцүүлэн санал авч хуулийн төсөлд нэгтгэн тусгажээ.

Хуулийн төсөлд кино урлагийн салбарт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүн, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын таатай орчин, урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх, тухайлбал, Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгох, кино бүтээх зориулалтын тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварөөс чөлөөлөх, киноны салбарыг дэмжиж өгсөн хувь хүн, аж ахуйн нэгжийн хандив, хөрөнгийг орлогын албан татвараас чөлөөлөх зэргээр киноны салбарыг хөгжүүлэх, дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл”-ийг энэ өдрийн хуралдаанаар сонслоо.

Мэдээллийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор хийв. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг 2012-2015 онд дунджаар 8.6 хувь өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар, хөдөө аж ахуйн салбарт гарсан өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд Оюутолгойн ил уурхайн олборлолт тогтворжсон, газрын тосны олборлолт жил тутам 40 орчим хувиар өссөн, мал сүргийн тоо 56 сая толгойд хүрсэн зэрэг нь нөлөөлсөн байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурсан тул макро эдийн засагт учирч болох эрсдлээс сэргийлж, төсвийн бодлогод шинэчлэл хийж, 2014 оноос төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн.

Энэ хүрээнд үр ашиг багатай, тэвчиж болох бараа, үйлчилгээний зардлыг 5-30 хувь хүртэл бууруулах, захиргааны удирдах тушаалын дэд сайд, орлогч буюу дэд дарга нарын орон тоог цомхотгох, чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн байгууллагуудад бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлснээр төсвийн зарлагын огцом өсөлтийг хязгаарлаад байна гэлээ.

Төсвийн тогтовортой байдлын тухай хууль 2013 оноос бүрэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төсвийн тусгай шаардлагуудыг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын бүх үе шатанд мөрдөж, мөн зарлага санхүүжилтийг төсвийн орлогын бодит гүйцэтгэлтэй уялдуулан олгож төсвийн тэнцвэржүүлэх бодлого баримталж байна хэмээгээд Төсвийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлого, үр дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа талаар Сангийн сайд дэлгэрэнгүй мэдээлсэн юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэх нь талаар тодорхойгүй байдал үүсэж, захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсчээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээрх зүйлд заасан баривчлах, торгох шийтгэлийн алинийг нь оногдуулах болон баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхойлж өгөөгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод байгаа аж.

Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуулиар үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар “улсын мэргэн” цол олгодог. Гэвч үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөөн их байгаа өнөө үед үндэсний сурын дархан мэргэн төрөх боломж хомс байгаа тул харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан тухайгаа тэрбээр дурдав.

Хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байрт шалгарсан харваачид “гоц харваач”, хоёрт шалгарсан харваачид “гарамгай мэргэн”, нэг түрүүлсэн харваачид “улсын мэргэн”, “улсын мэргэн” цолтон түрүүлбэл “улсын хошой мэргэн”, “хошой мэргэн” цолтон түрүүлбэл “даяар дуурсах мэргэн”, “даяар дуурсах мэргэн” цолтон түрүүлбэл “дархан мэргэн” цол олгохоор тусгажээ. Уг саналыг 2014 оны сүүлчээр хуралдсан харваачдын 15 дугаар их чуулганаар шийдвэрлэсэн юм байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ