Бүтээлч оюутнуудын санаачилгыг урамшууллаа
БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж оюутнуудын дунд зарласан билээ.
Төслийн тэтгэлэг горилох оюутнууд:
- Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах
- Оюутны суралцах орчныг сайжруулах
- Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Дотуур байрны орчныг сайжруулах
- Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэсэн найман үндсэн чиглэлээр төсөл бичиж оролцож, шилдгүүд тодорлоо.
Тэтгэлгийн уралдаанд нийт 36 их, дээд сургууль дээр 279 төсөл бичиж уралдсан. Хоёрдугаар шатанд Олон талт төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо нийт 36 их, дээд сургуулийн 117 төслийг сайжруулах нөхцөлтэй шалгарууллаа. Энэхүү шалгарсан 117 төслийн багт нийтдээ 483 оюутан тэтгэлэгт хамрагдах юм. Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр өнөөдөр шалгарсан 117 төсөлд 340 сая төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардууллаа.
Энэ үеэр салбарын сайд “Бид гарцаа байхгүй мэдлэг бүтээдэг ард түмэн болох ёстой. Бүтээсэн мэдлэгээ 7 тэрбум хүнд санал болгодог ард түмэн болох ёстой. Тэр ард түмний тэргүүн эгнээнд энд сууж байгаа залуучууд байж чадна гэдэгт итгэж байна. Мэдлэг бүтээхийн тулд оюутан байхаасаа бүтээлч баймаар байна. Бүтээлч оюутнуудаа дэмждэг засагтай баймаар байна. Тиймээс бид анх удаа 340 орчим сая төгрөгийг оютнуудынхаа санал санаачилгад зориулж гаргаж байгаа юм. Монгол түүхэндээ анх удаа гэж ойлгож болно. Залуучууд өөрсдөө бодсон зүйл бол үнэ мөнхөд удаан үргэлжлэх ёстой. Энэ тэтгэлгийг та бүхэнд өгч байгаа итгэл гэж бодоорой. Итгэл даагаарай” гэж онцоллоо.