Чингэлтэй дүүргийн АН-ын нэр дэвшигчид тодорлоо
2016.05.27

Чингэлтэй дүүргийн АН-ын нэр дэвшигчид тодорлоо

Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам өчигдөр /2016.05.26/ хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-ыг төлөөлөн Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган, Б.Батбаатар нар олонхийн санал авч  нэр дэвшихээр болсон байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хувьд тус дүүргээс хоёр удаа сонгогдсон бөгөөд ийнхүү гурав дахь удаагаа нэр дэвших нь. Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн тухайд Хан-Уул, Баянгол дүүрэгт нэр нь сонсогдож байсан ч Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр болсон байна. Б.Батбаатарын хувьд тэрээр 2008 , 2012 оны сонгуулиудад өвдөг шороодсоныхоо даагыг нэхэхээр нэрээ дэвшүүлж байна Бусад гурвыгаа бодвол О.Эрдэнэбулган шинэ хүн. Гэхдээ түүнийг аль эрт мандатаа өвөртөлсөн гэж улс төрийн хүрээнийхэн үнэлдэг.  Шатахууны үнийн өсөлтийг зогсоох хэлэлцээрийг амжилттай хийж Засгийн газраа дөрвөн жил нэг ч гэсэн толгойны өвчнөөс салгаж чадсан түүнийг З.Энхболд Ардчилсан намын дарга болсныхоо дараахан дуудаж Ардчилсан намын шинэ нүүр царай болж сонгуульд өрсөлдөх даалгавар өгсөн гэдэг.