Б.Төмөрчулуун: Үйлдвэрлэл бол бизнес биш
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Сэргэн мандалт группын үүсгэн байгуулагч, техникийн ухааны докторант, инженер Б.Төмөрчулуун
2016.06.03

Б.Төмөрчулуун: Үйлдвэрлэл бол бизнес биш

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Сэргэн мандалт группын үүсгэн байгуулагч, техникийн ухааны докторант, инженер Б.Төмөрчулууныг “Явуулын студи” нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.

-Өнгөрсөн 20-иод жил манай улс уул уурхайгаа хөгжүүлж байж эх орноо хөгжүүлнэ гэсэн бодлоготой байсан. Харин сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөөд байх шиг байна. Уул уурхайгаас илүү мал аж ахуй, газар тариалан, үүнийг дагаад экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортын бүтээгдэхүүнийг орлодог хөнгөн үйлдвэрийг олноор нь хөгжүүлэх ёстой юм байна гэсэн бодлогыг эрдэмтэд, бизнесмэнүүд гаргаж тавьдаг болжээ. Энэ ч утгаараа танай үйлдвэр дээр Ерөнхий сайд ирж ажилласан болов уу гэж бодож байна. Танай үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?

-Ерөнхий сайд “Шийдлийн цаг” уулзалтаа манай үйлдвэр дээр ирж хийсэн. Ингэхдээ хоёр зүйлийг шийдсэн.

-Үйлдвэрт орж ирээд цагаан утас ээрч, эцсийн бүтээгдэхүүн болгон уул уурхайн компаниудад ашиглах том шуудай үйлдвэрлэдэг юм байна гэж ойлголоо?

-Тийм, гурилын шуудай ч үйлдвэрлэж болно. Өнөөдөр бол уул уурхайн шуудай үйлдвэрлэж байна. Би Монголын эдийн засаг гэдэг машиныг уул уурхай руу угзчин чирээд асахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр Монголын эдийн засаг гэдэг машиныг асаая гэж бодож байгаа хүн бол асаж болох бүхнийг асаах хэрэгтэй. Харин хамгийн амархан асч болох бүтээгдэхүүн бол хөнгөн хүнсний үйлдвэр.

Тийм ч учраас бид өмнө нь хөнгөн хүнсний яам гэж хүртэл байгуулж байсан юм. Хүний гар харахгүйгээр сав баглаа боодлоо өөрсдөө хийдэг байх ёстой. Хүний гар харахгүйгээр дэлхийн хэмжээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх ёстой. Мал аж ахуйгаа ч гэсэн дээд хэмжээнд хөгжүүлэх ёстой. Гэтэл бид авч болох шимтэй бүхнээ орхичихоод уул уурхай руу явчихлаа. Харин одоо бол бизнесмэнүүд бидний ярьдаг байсан сайн сайхан зүйл болох үйлдвэрлэл дээр бууж ирсэн.

Гэхдээ уул уурхайгаа орхи гэж байгаа юм биш. Эрдэнэт, Оюутолгой шиг шимтэй хэдэн үйлдвэрүүдээ үлдээж бололгүй яах вэ.

-Энэ шуудайнууд дээр Эрдэнэт үйлдвэр гэсэн бичиг байна. Эрдэнэт үйлдвэрт зориулж хийж байгаа юм уу?

-Ерөнхий сайд “Шийдлийн цаг” уулзалтаа манайд хийгээд дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ аваарай гэсэн үүргийг өгсний дараа манай үйлдвэртэй хамгийн анх "Эрдэнэт" үйлдвэр гэрээ хийж 30 мянган шуудайны захиалга өгсөн.

-Товчхондоо бол Эрдэнэтийн баяжмал энэ уутанд савлагдаад экспортод гарах нь байна шүү дээ?

-Тийм. Нэг уут нь ойролцоогоор гурван тоннын багтаамжтай. 7.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн савлагдана. Энэ уутыг үйлдвэрлэхэд манай үйлдвэрт 3.5-5 хувийн л ашигтай. Ажилчдынхаа цалинг тавиад илүү мөнгөөр нь түүхий эдээ захиалаад л болдог. Хүмүүс үйлдвэрлэлээс их ашиг олдог гэж боддог. Үнэндээ бол үйлдвэрлэл хөдөлмөрчдийг цалинтай байлгахад л чиглэж байгаа юм. Наймаа бол өөр байдаг байх.

-Үйлдвэрлэл бизнес биш гэж үү?

-Бизнес биш. Үйлдвэрлэл бол улс эх орондоо өнгө жавхаа нэмж, бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нэг түшиг нь л байгаа юм.

-Танай үйлдвэр хэдэн ажилтантай вэ?

-Одоо бол 125 хүн ажиллаж байна. Үйлдвэрийн өргөтгөлөө Толгойтод барьж байгаа. Тэр ашиглалтад орохоор 200 ажилчин нэмэгдэнэ. Тэр үйлдвэрт гурилын уутыг нууцлалтайгаар үйлдвэрлэнэ. Ирэх жил нээлтээ хийнэ. 

-"Эрдэнэт" үйлдвэрээс гадна Монголын баялгийг экспортод гаргадаг маш олон үйлдвэр байдаг. Тэд ч бас танайхаас уут, шуудайгаа авах боломжтой юу?

-Хоёр, гурван үйлдвэр байдаг. Гэхдээ тэд нар бол Хятадаас материалаа авчирна, уутаа бэлнээр нь ч Хятадаас авчирдаг. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн ямар ч тохиолдолд Хятадын бүтээгдэхүүнтэй бат найдвартай өрсөлдөж байгаа, чанараараа ч тэр, үнээрээ  ч тэр.

-Ерөнхий сайдыг танай үйлдвэрт ажиллахад дотооддоо үйлдвэрүүд байхад гаднаас ижил төрлийн бүтээгдэхүүн авчирч байгаа талаар ярьсан уу?

-Энэ талаар Оюутолгойгоор жишээ аваад ярьсан. Оюутолгой бол Хятадаас уутны материал авч ирээд Монголд оёулдаг. Ерөнхий сайд ирж ажилласны дараа Оюутолгойгоос ирж уулзсан. Цаашид манайхаас авах байх гэж бодож байна. Манайх бол Монголдоо ганц байгаа олон улсын чанарын сертифкат авсан үйлдвэр шүү дээ.

-Үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ?

-Үйлдвэр байгуулагдаад 10-аад жил болж байна. Анх 60 хүнтэй үйлдвэрээ эхлүүлж байсан. Одоо бол 125 хүнтэй. Гурван ээлжээр ажиллаж байна.

-Ажилчдын цалин хэр вэ?

-Манай үйлдвэрийн ажилчдын дундаж цалин нэг сая 350 мянган төгрөг.

-Үйлдвэрийн хүчин чадлын тухайд?

-Манай үйлдвэрт захиалга л ирэх юм бол Эрдэнэт, Оюутолгой зэрэг үйлдвэрүүдийг зэрэг хангаж чадна. Одоо бол нийт хүчин чадлынхаа 40 хувийг л ашиглаж байна.

-Үйлдвэрийн тоног төхөөрөмж сүүлийн үеийнх үү?

-Энэ бол хагас автомат үйлдвэр. Манай өргөтгөл бол орчин үеийн автомат үйлдвэр юм. Ер нь үйлдвэрийг байгуулахаасаа илүү удирдах нь чухал. Манайд үйлдвэрийг бойжуулах улс төрийн бүтээгдэхүүн хийхгүй байна. Жишээ нь, анх үйлдвэр байгуулж байгаа бол гурван жил татвараас чөлөөлнө гэдэг ч юм уу. Үйлдвэрийн бойжилтын балансыг гаргадаг түүнийг нь шалгаад танай үйлдвэр бойжсон бол одоо татвараас төл гэдэг зарчмаар явах ёстой.

Дараа нь мэдлэг чухал шүү дээ. Тоног төхөөрөмж авчирсан болгон л үйлдвэрлэл биш. Ямар ноу-хаутай байгаа вэ гэдэг нь чухал. Манай үйлдвэрийн ноу-хау бол усыг 10 жил хэрэглэж байна. Анх гурван тонн устай л байсан одоо ч гэсэн түүгээрээ л үйлдвэрлэлээ явуулж байна.

-Та Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Иргэдийн хурлын төлөөлөгч улиралд 80 сая төгрөг авдаг гээд л нэг хэсэг шүүмжлэлд өртөөд байсан. Авсан тэр мөнгөөрөө юу хийдэг юм бэ?

-Би хоёр дахь удаагаа сонгогдохдоо тэр мөнгийг авсан. Бид нар гэхдээ 17 сая төгрөг авдаг. Би 17 сая төгрөгөө гэр цэцэрлэг байгуулахад зарцуулсан. Мөн худаг ус гаргахад зарцуулсан. Гэхдээ одоо бол тэр мөнгийг нь авахаа больчихсон. Гэхдээ надад хийхээр хүлээгдэж байгаа олон ажил байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт хоёр худаг ашиглалтад оруулаад өгье гэхэд Ус сувгийн удирдах газарт мөнгө нь байхгүй. Уг нь таван сая төгрөгтэй бол хоёр худаг ашиглалтад орчихоор л байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрэгтэй хүндээ очвол тэр мөнгө чинь рашаан шиг л гэсэн үг.

-Та үйлдвэрээ үүсгэн байгуулсан ч гэсэн одоо бол нэг их оролцохоо больсон гэж байна. Ер нь үйлдвэр дээрээ хэр их ирдэг вэ?

-Би сүүлийн гурван жил ирээгүй. Харин хүмүүстэй ярилцах, уулзах үедээ л ирдэг юм. Мөн ажилчиддаа шагнал урамшуулал гардуулах үед ирдэг. Тэрнээс дотоод ажилд ерөөсөө оролцдоггүй. Харин үйлдвэрийн ирээдүйн талаар ярихад Удирдах зөвлөлд саналаа хэлдэг.

-Үйлдвэрийнхээ ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Энэ сав баглаа, боодлын үйлдвэр тодорхой зах зээл болон зорилттой. Тодруулбал, бид нар Монголын сав баглаа боодлын 51 хувийг хангана гэсэн зорилготой.  Бид Монголын ард түмэнд хэлсэн, амласандаа хүрнэ.