1072 хувьцааг худалдан авах тогтоолын төсөл хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар өнөөдөр "Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүллээ.
Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн 1 сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ.
Иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа буюу нийт 3 тэрбум хувьцааг мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэд, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж тогтоол санаачлагчид үзэж байна.
Тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг хүссэн гэж Су.Батболд гишүүн мэдээллээ.
1072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "1072 хувьцаа бол нийт иргэдэд хамаарах асуудал. Энэ талаар УИХ шийдвэр гаргаад дөрвөн жил гаруй болж байна. 1072 хувьцааг иргэдийн зонхилох хэсэг нь мөнгөөр авах санал тавьж байсан. УИХ анх гаргасан тогтоолдоо Засгийн газар 1072 хувьцааг мөнгөжүүлэн худалдаж авч болох заалт тусгасан байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил энэ асуудлаар ахиц гарсангүй. Өнөөдөр ард иргэд мөнгөний гачаалтай, өр зээлтэй байна. Иймд 1072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг зургаадугаар сард багтаагаад шийдэх саналыг Засгийн газарт тавьж байна" гэв.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Гурван сая иргэн 1072 хувьцааг эзэмших эрхтэй байсан. Харин үүнээс хоёр жил дараалан 180 мянган оюутан сургалтын төлбөрөө төлүүлж, 270 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлнээр авсан. 1.5 сая иргэн мөнгөөр авах хүсэлт гаргасан байдаг. Эдүгээ 971 мянган иргэн 6.5 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс 216 мянган ахмад настан тэтгэврийн, 75 мянган иргэн ипотекийн, 82 мянган малчин малчны, 214 мянган иргэн арилжааны зээлтэй байна гэсэн судалгааны дүн гарсан. Иймд ард иргэдээ өр зээлийн дарамтаас салгах хэрэгтэй гэж тогтоолын төсөл санаачлагчид үзсэн" гэж хэллээ.