Онцгой байдлын алба музейтэй боллоо
2016.06.20

Онцгой байдлын алба музейтэй боллоо

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байжээ.

 Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсаны 13 жилийн ойн түүхэн энэ өдөр Онцгой байдлын албаны бүтээн байгуулалтын нэгэн томоохон ажил болох Онцгой байдлын албаны түүхэн музей нээлтээ хийж байна. Нээлтийн ажиллагаа ОБЕГ-ын байранд 09:00 цагаас эхэлнэ.  

Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгий, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх,  хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх,  олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү музейд Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдээд байна. 

Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах юм. 

127 албан хаагч тангараг өргөнө 

Мөн энэ өдөр Онцгой байдлын албанд шинээр томилогдсон албан хаагчдаар төрийн тусгай албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа болно. Нийт 127 албан хаагч оролцон тангараг өргөх юм. 

Албан хаагчид “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая” хэмээн тангарагладаг.