Ж.Батсуурь: УИХ-ын сонгуулийн тогтолцоог орон нутагт шууд хуулж болохгүй
2012.08.28

Ж.Батсуурь: УИХ-ын сонгуулийн тогтолцоог орон нутагт шууд хуулж болохгүй

 
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай удахгүй болох орон нутгийн сонгуулийн тухай ярилцлаа.
-Өнгөрөгч сонгуулийн үр дүн, маргаан нь эцэслэж амжаагүй байхад орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Гэтэл орон нутгийн сонгуулийг холимог системээр явуулна, явуулахгүй, зөв буруу хэмээн намын бүлгүүд маргалдаж эхэллээ. Энэ тал дээр таны байр суурь юу байна?
-Орон нутгийн ИТХ-ыг байгуулах сонгуулийн тогтолцоо бий болоод 20 гаруй жил болжээ. Энэ бол багагүй хугацаа учраас тодорхой хөгжлийн хугацааг туулсан гэж үздэг. Сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа шинэчлээд явах нь буруу биш. Гэхдээ тогтолцооны хувьд орон нутгийн сонгуулийг УИХын сонгууль шиг пропорцониаль, мажоритараар хольж явуулах нь зохимжгүй гэж үзэж байна. Тэр тусмаа сумын төвшинд бол ямар ч боломжгүй зүйл. Сумын ИТХ-д намын санал авч орж ирсэн төлөөлөгч гээд суугаад байх хэцүү биз дээ. Манай улсад 1000 хүрэхгүй сонгогчидтой сум олон. Ингэж улстөрийн зорилгоор сум, орон нутгийг улстөржүүлж болохгүй. Ялангуяа 2008 оноос хойш улстөржилт арай хэтэрч байна. Сум орон нутгийн хэмжээнд, бүр багийн хэмжээнд халдварлалаа. Үүнээсээ болоод эх захгүй талцал бий болжээ. Улаанбаатар хотын хувьд хүн амын төвлөрөл үүссэн учраас энэхүү улстөржилт ил тод мэдэгдэх нь гайгүй, арай бага байна.Аймаг, сумын төвшинд бол арай хэтэрсэн. Ийм байхад дээрээс нь улстөрийн намуудаас нэр дэвшүүлээд, улстөрийн намд санал өгч, улстөрийн нам нь ИТХд хүн оруулж ирнэ гэдэг бол сумын төвшинд бол яагаад ч болохгүй.
-Та багагүй хугацаанд орон нутаг удирдаж явсан хүн. Сумын ИТХ-д намын жагсаалтаар ороод ирлээ гэж бодьё. Хамгийн энгийн зөрчил юу байх бол?
-Сумын төвшинд улстөрийн олон намуудын талцал угаасаа хэрэггүй. Яагаад гэхээр ард иргэд, сонгогчид, намын гишүүдийг талцуулаад ямар ч ажил явагдахгүй. Аймаг болон сумынхаа ИТХ-д нэр дэвшин гарч, сумын Засаг даргын томилгоонд оролцож, түүгээрээ дамжуулан ах дүү, танил дотны хүнээ байгууллагын даргаар тавих сонирхол их болжээ. Албан тушаалын ийм хэнээрхэл хаа сайгүй бий болсон. Аймаг, сумын төвшинд ИТХ-ын төлөөлөгчид нь иргэдтэйгээ ажиллаад, тэдний дуу хоолой болж байна уу гэвэл үгүй. Маш ховор шүү. Захын нэг аймгийн төв дээр явж очоод танай төлөөлөгч хэн бэ гэхээр мэддэггүй. Хэний төлөө саналаа өгснөө ч мэддэггүй. Нөхцөл байдал ийм байхад дээрээс нь намын жагсаалтаар нэр дэвших тухай ярьж талцуулах нь орон нутгийн ажил цаашаа явахгүй гэсэн үг. Ерөөсөө УИХ-ын сонгуулийн тогтолцоог шууд хуулж, орон нутгийн сонгуульд ашиглаж болохгүй.
-Одоо хуульд гар хүрэх хугацаа бага байна. Нөгөө талаар өөрчиллөө гэхэд цаг хугацааны хувьд боломжгүй. Урьд өмнө энэ тухай ярьж байхгүй яасан юм бол. Заавал цагийг нь тулгаж ярьдаг тийм жишиг тогтлоо?
-Өнгөрсөн парламентад ажиллаж байхад Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд тогтолцоог нь өөрчлөх тухай ярьж байсан. Сонгуулийн тогтолцоог аймаг, сумын төвшинд өөрчилж, аймгийн Засаг даргыг ИТХ-д гарсан хэдэн хүний талцлаар биш, Ерөнхий сайд санал болгож, шууд Засгийн газрын үргэлжлэл гэдэг утгаар нь томилж байя. Харин ИТХ нь Засаг даргынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж ярьж байсан. Энэ нь ч зөв.
-Сумын Засаг даргыг бас л ИТХ-ын төлөөлөгчдийн саналаар аймгийн Засаг даргын саналыг харгалзан батлуулдаг биз дээ. Үүнийг ямар арга замаар томилох вэ?
-Сумын Засаг даргыг шууд аймгийнх нь Засаг дарга томилдог байх хэрэгтэй. Түүнээс биш манай сум Ардчилсан намын сум, манай сум Ардын намын сум гээд сууж ерөөсөө болохгүй. Ингэж талцаад ирэхээрээ л болохоо байж байгаа юм. Өнөөдөр ингэж талцдаг цаг үе биш ээ, бид талцалгүй Монголынхоо төлөө гэдэг зарчим баримтлахгүй бол явахаа болилоо. Аймгийн ИТХ-ын хувьд аймаг өөрөө тэр чигээрээ багтаж байдаг. Аймаг өөрөө сумын гэсэн засаг захиргааны нэгжид хуваагдаад, цаашаа баг гээд явна. Тэгэхээр аймгийн ИТХ-ыг төлөөлөгчдийн байгууллага гэдэг утгаар нь сум болгоноос төлөөлөлтэй байлгах ийм сонгуулийн тогтолцоо байвал үр дүнгээ өгнө гэж ойлгож байгаа. Түүнээс биш энэ намын жагсаалтаар орж ирсэн хүн гээд хэт туйлширсан байдлаар асуудалд хандаж магадгүй байдал бий боллоо. Орон нутгийн ИТХ бол улстөржөөд сууж байх газар биш шүү.
-Сумын төвийн хувьд, тэр тусмаа цөөн хүн амтай суманд бол бүр ч хэцүү юм байна?
-Сум цөөн хүн амтай. Тэр тусмаа 50 гаруй хувь нь хүүхэд, насанд хүрээгүй хүмүүс. Нөгөө нэг хэсэг нь өндөр настнууд. Цөөн хэсэг нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Гэтэл энэ цөөн тооны хэсэг нь улстөр яриад байлдах нь халаг сууж болохгүй л дээ. Энэ мэт зүйлийг цааш гааруулмааргүй байгаа юм. Сумын ИТХ-д хүн амынхаа тооноос хамаарч 15-20 хүнтэй байна шүү дээ. Гэтэл 600 сонгогчийг 15 хуваагаад хэдэн хүний төлөө санал өгөх вэ. Багийн нэг хэсгийг аваад үзэх юм бол тэр чигээрээ ах дүү нар. Ийм жалга довны үзэл гаргасан, ах дүү, амраг садан харсан сонгуулийн үр дүнгээс хөгжил дэвшил харагдахгүй. Тиймээс сумын ИТХыг яаж бүрдүүлэх вэ гэдэг оновчтой хувилбарыг бид шийдэх хэрэгтэй болжээ. Миний энэ ярьж байгаа зүйлүүд Үндсэн хуулийн зарим заалт, үзэл баримтлалтай зөрчилдөх ч юм бий. Хамгийн наад зах нь гэхэд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилоод явчихна гэх ч юм уу. Тэгэхээр үүнийг хуулиар нь өөрчилж байж шийдэх болно. Одоо болох гэж байгаа сонгуульдаа хэрэглэж чадахгүй бол энэ удаагийн парламент үүнийг хийж, дараа дараагийн сонгуульдаа хэрэгжүүлэх ёстой л гэж боддог.
-УИХ-ын сонгуульд Ардын нам цөөн суудлаар ялагдал хүлээлээ. Орон нутгийн сонгууль хаяанд ирж байхад орон нутгийн сонгуулийн тухай нэг л ярьж, хийж байгаа зүйл харагдахгүй байх шиг?
-Саяхан болсон намын Бага хурлаар Удирдах зөвлөл өөрөө шийдвэр гаргаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Миний хувьд Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Тиймээс бид сонгууль зарлагдаагүй байхад тийм зүйл хийж байна, ингэнэ тэгнэ гээд байхгүй л дээ. Орон нутгийн сонгууль удахгүй болох учраас намын зүгээс бэлтгэл ажил хийгдэж байгаа. Орон нутгийн намын байгууллагуудад ерөнхий чиг үүрэг хүргүүллээ. Зарим орон нутагт удирдлагын төвшинг шинэчлэх шаардлага бий болжээ. Орон нутагт намын удирдлага гэдэг бол маш чухал зүйл. Ард иргэдийн үзэл бодолд нийцсэн үйл ажиллагаа явуулж байж нам өөрөө нэр хүндтэй байдаг. Үүгээрээ дамжин нам өөрөө сонгуульд амжилттай дүн үзүүлдэг. Өнөөдөр зарим аймагт ийм хүмүүс бий. Ард түмний дунд нэр хүндээ алдсан удирдагч бол цаашдаа явахгүй гэдэг зарчмыг баримталж байгаа. Хэрвээ ийм хүн удирдаад сонгуульд орох юм бол аюултай, цаашдаа ажиллахад хэцүү болно гэх зэргээр ард иргэд үзэж байгаа бол бид түүнийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Энэ байдлыг хувь хүн өөрөө ойлгож, дараагийнхаа хүнд зайгаа тавьж өгөх ёстой. Түүнээс биш би энэ сонгуульд ороод ялалт байгуулчих юм бол дарга болно гэж сууж байгаа бол дэндүү эрсдэлтэй хэрэг. Ийм хүмүүс дарга гээд суугаад байх юм бол намын нэр хүндэд халтайгаас гадна тухайн ард түмний нийтлэг эрх ашгийг зөрчиж байгаа гэсэн үг.
-Таны хувьд аймгийн Засаг даргаар хоёр ч сонгуулийн хугацаанд буюу найман жил ажилласан хүн учраас орон нутгийн тухай тогтож ярих гэсэн хэрэг. Удахгүй болох орон нутгийн сонгуулиар ямар хүмүүс гарч ирээсэй гэж хүсэх юм?
-Аймгийн Засаг даргаар хоёр сонгуулийн туршид ажиллана гэдэг амьдралын томоохон их сургууль төгсч байна гэсэн үг. Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэдэг бол асар их мэдлэг боловсрол ёс зүй, хүн чанар шаардсан ажил. Үүн дээр хувийнхаа эрх ашиг, ах дүү төрөл төрөгсдийн эрх ашгийг дээдлээд байж болохгүй. Эдийн засгийн ашиг сонирхлоо орхих хэрэгтэй. Хамгийн гол нь улстөрийн соёлтой, ёс зүйтэй хүн байгаасай гэж хүсдэг. Сүүлийн үед аймаг, сумын төвшинд буруу яваад байгаа зүйл их ажиглагдах боллоо. Ер нь хөдөө, орон нутагт улстөржих, хувийн ашиг сонирхлыг өмнөө тавих хандлага ихэсч байна. Тэгэхээр бид юуны өмнө эвлэлдэн нэгдэж, нэгнээ сонсдог байх, улс орныхоо эрх ашгийг өөрөөсөө дээгүүрт тавьж чаддаг байх тийм улстөрч, албан хаагчийн хандлага бол алга болох гээд байгаа. Хэн дуртай нь дарга, сайд болоод явдаг ч юм биш. Хамгийн гол нь ёс зүйтэй хүн төрд хэрэгтэй байна. Үүнийг орон нутгийн төвшинд бий болгох шаардлага бий болжээ.
 
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.