Ази номхон далайн орнуудын чанарын сүлжээ /APQN/ -НИЙ 2016 оны жилийн нэгдсэн хуралдаан боллоо
2016.07.05

Ази номхон далайн орнуудын чанарын сүлжээ /APQN/ -НИЙ 2016 оны жилийн нэгдсэн хуралдаан боллоо

Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагуудын олон улсын сүлжээний INQAAHE FORUM 2016 “Өөрчлөгдөж буй цаг үе дэх дээд боловсролын чанарын баталгаажуулалт” сэдвийн дор 2016 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд; Ази, Номхон далайн орнуудын чанарын сүлжээ /APQN/-ний 2016 оны жилийн нэгдсэн хуралдаан “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтвортой хөгжил” сэдвийн дор 26-28-ны өдрүүдэд Бүгд найрамдах Фижи улсын Сигатока хотхоны Интерконтинентал зочид буудалд болж өнгөрлөө. Тус хурлуудыг Фижи улсын дээд боловсролын комисс /FHEC/ зохион байгуулсан бөгөөд дэлхийн 47 орны 140 гаруй төлөөлөгч оролцлоо. Манай улсаас БМИҮЗ болон Газарчин дээд сургуулийн төлөөлөл оролцов.

Хурлын төлөөлөгчид Бүгд найрамдах Фижи улсын ерөнхийлөгчийн хамт

INQAAHE FORUM 2016

Хуралдааныг Бүгд найрамдах Фижи улсын ерөнхийлөгч Жиоже Конроте, Фижи улсын дээд боловсролын комиссын дарга Милика Нагасима Собей болон INQAAHE-гийн ерөнхийлөгч доктор Жаганат Патил нар нээж үг хэлэн, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Хуралдаанд дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ:

  • Тасманийн их сургуулийн чанарын стратегийн зөвлөх /гадаад/, Австралийн хувийн их, дээд сургуулиудын боловсролын чанарын судалгааны газрын захирал (COPHA), доктор Сара Бут, “Бенчмаркинг ба шинжээчийн үнэлгээ: Хамтын ажиллагаагаар дамжуулан чанарыг хангах нь”
  • Нидерландын Лейден их сургуулийн профессор, доктор Марья Вееркенс “Өөрчлөгдөж буй орчны чанарын байталгаажуулалт: тулгамдаж буй асуудлууд”
  • Тайванийн Фужэнь католик их сургуулийн профессор, APQN-ний дэд ерөнхийлөгч, доктор Юнг чи Хоу “Дээд боловсролын өөрчлөлтөд бид өөр юу хийх вэ?”
  • INQAAHE-гийн дэд ерөнхийлөгч, Армянийн үндэсний магадлан итгэмжлэлийн комиссын дарга, доктор Сузанна Караханян, “Үндэсний чанарын баталгаажуулалтын системийн тогтвортой байдал”
  • Каталонийн их сургуулийн чанарын баталгаажуулалтын агентлагийн захирал, доктор Марти Касадесис Па “Чанарын баталгаажуулалтын үр нөлөө, бид хэрхэн үүнийг нотлох вэ?”

Мөн илтгэлүүдийн дараа дараах хэлэлцүүлэгүүд явагдав:

Доктор Сара Бут "Дээд боловсролын салбарт чанарын баталгаажуулалттай холбоотойгоор бенчмаркинг хийх, шинжээчийн үнэлгээг тэгш хянах, түүнийг тодорхойлох тухай", Доктор Юнг чи Хоу “Дээд боловсролын өөрчлөлтөд бид өөр юу хийх вэ?”, Доктор Марья Вееркенс “Өөрчлөгдөж буй орчны чанарын байталгаажуулалт: тулгамдаж буй асуудлууд” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлсэн бол Доктор Сузанна Караханян Их, дээд сургуулиудад боловсролын чанарын асуудал анхаарлын төвд байсаар байгааг онцлон тэмдэглээд үндэсний чанарын баталгаажуулалтын тогтолцооны үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоо, баталгаажуулалт, олон нийтийн мэдээлэл зэрэг функцүүдийг оролцуулаад нэгдмэл загварын бүтцийг тодорхойлох шаардлагатай байна. Нэгдмэл загварын бүтцийг тухайн байгууллага өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохируулан маш нарийн боловсруулах нь зүйтэй гэж дурьдлаа.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.inqaahefiji.fhec.info/Contact/Documentsхолбоосоор авна уу.

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ЧАНАРЫН СҮЛЖЭЭ /APQN/-НИЙ

2016 ОНЫ ЖИЛИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН

Ази, Номхон далайн орнуудын чанарын сүлжээ /APQN/-ний 2016 оны жилийн нэгдсэн хуралдаан “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтвортой хөгжил” сэдвийн дор 2 хоног болж өнгөрлөө. Тус хурлын үйл ажиллагааг нээж APQN-ний ерөнхийлөгч доктор Жаганат Патил, Фижи улсын үндэсний архив, урлаг, өв соёл, боловсролын сайд Махендер Рэдди нар үг хэллээ.

Нэгдсэн хуралдаануудаас гадна 4 секцэд хуваагдсан салбар хуралдаанууд зохион байгуулагдав. Нэгдсэн хуралдаан ба салбар хуралдаанууд дээр Ази, Номхон далайн орнуудын илтгэгчид өөр өөрийн орны магадлан итгэмжлэлийн үйл явцад гарч буй өөрчлөлт шинэчлэлт, ололт амжилт, чанарын баталгаажуулалтын ашиг тус, өвөрмөц онцлогуудыг харуулсан илтгэлүүдийг тавьж санал бодлоо солилцлоо.

Хоёр өдрийн хуралдааны төгсгөлдзөвхөн гишүүн байгууллагуудын хүрээнд 2015 оны жилийн нэгдсэн тайланг хэлэлцлээ. Уг тайланд тус байгууллагын 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон ирэх жилд хийгдэх ажлуудынхаа талаар тус байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөлийн гишүүд тодорхой тайлагнаж, шилдэг байгууллагуудаа шалгарууллаа.

 

Тайланд дурдсанаар өнөөдрийн байдлаар уг байгууллага Ази, Номхон далайн 50 орны 166 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 2015 онд шинээр жинхэнэ гишүүн 1, дунд шатны 1, байгууллагын 8, анхан шатны болон ажиглагч 1 гишүүн буюу нийт 11 байгууллага шинээр элсэн орсон байна. Газарчин дээд сургууль Ази, Номхон далайн орнуудын чанарын сүлжээ /APQN/-ний жинхэнэ гишүүн байгууллага болж гэрчилгээгээ гардан авлаа.

 

Хуралдаанаар тус байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Юнаны их сургуулийн профессор, Юнан мужийн дээд боловсролын үнэлгээний төв, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Жианхин Занг томилогдлоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://sites.google.com/site/apqn2016/ холбоосоор авна уу.