Улсын онцгой комисс хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв
2016.07.08

Улсын онцгой комисс хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв

Улсын онцгой комиссын 2016 оны III хурал өнөөдөр боллоо. Хурлаар цаг үеийн дөрвөн асуудлыг хэлэлцэв.

Эхний асуудал нь Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг уялдуулан зохицуулах зорилгоор байгуулагдсан Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн хийсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэх байв. Шуурхай ажлын хэсгийн ажлын тайлан, үр дүнгийн талаар ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд танилцууллаа.

Энэ оны эхний 5 сарын байдлаар 27363 иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин сүүлийн 7 хоногийн байдлаар 116 хүн өвчилсөн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Өвчний дэгдэлт буурч байгаа бөгөөд дархлаажуулалт хийсэн насныхны хувьд өвчлөл 1.5 дахин буурсан гэдгийг тэрбээр онцолсон юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дархлаажуулалтын ажлыг өргөн уудам нутагтай Монгол Улс маш сайн зохион байгуулсан гэж үнэлж дүгнэжээ.

Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь ойрын өдрүүдэд үргэлжлэх хэт халалт болон үер усны тухай асуудал байв. Энэ асуудлаар УЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир мэдээлэл хийлээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 10 хүртэл ихэнх нутгаар 32-39 градус хүрч халах бөгөөд долоодугаар сарын 8, 9-нд нутгийн зүүн хагаст 35-40 градус хүрч, их халуун үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Харин баяр наадмын өдрүүд нар хур тэгширсэн сайхан өдрүүд болох юм байна. Гэхдээ долоодугаар сарын 13-наас цаг агаар өмнөх өдрүүдээс сэрүүсэн, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа гэнэ. Ийнхүү хэт халалтын дараагаар сэрүүсэх нь үер усны болон мөндөр, хүчтэй салхи зэрэг үзэгдэл болох магадлалтай гэдгийг санууллаа.

Мөн Улсын Онцгой комиссын эхний хагас жилийн ажлын тайлан, цаашид шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байгаа хөрөнгийн асуудлуудын талаар тус комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар танилцуулсан юм.

Үүний дараагаар “Хатан туул” ТББ болон ХЭХНҮХолбооноос Туул голын бохирдол, иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн.

Ингээд хуралдааны төгсгөлд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ц.Оюунбаатар шуурхай ажлын хэсгийг татан буулгаж байгааг онцлоод улаанбурхан өвчин есдүгээр сараас дахих магадлалтай гэсэн ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөмжийн дагуу ЭМСЯ-нд нөхөн дархлаажуулалтыг үргэлжүүлэн зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн комиссын гишүүдэд хариуцсан чиглэлээрээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах, гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.