"Гамшигт өртсөн хүмүүсийг хэвийн амьдрал руу нь хурдан оруулах тал дээр ажиллаж байна"
2016.07.28

"Гамшигт өртсөн хүмүүсийг хэвийн амьдрал руу нь хурдан оруулах тал дээр ажиллаж байна"

БЕГ-аас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшиг, нэрвэгдэгсдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж, газар дээрх нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал хэлэхдээ "Энэ жил 110 түймэр гарсан байна. Энэ зуны хувьд харьцангуй зуншлага сайтай байна. Нийт газар нутгийн 75 хувь нь зуншлага сайхан байна гэж хэлж болно. Гэхдээ гурван аймгийн зургаан суманд хуурайшилттай байна. 

Ер нь 2016 оны хувьд хаа сайгүй усны түвшин нэмэгдсэн, үер ихтэй байгаа.

Үерээс болж 2014 онд 116 хүн, 2015 онд 84 хүн, 2016 оны долоодугаар сарын байдлаар 71 хүн амь насаа алдсан. Энэхүү 71 хүний 29 нь хүүхэд байсан.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны долоодугаар сарын 10-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орох үеэр тус сумын 1,6,9,11,13 дугаар багийн нутаг дэвсгэр үерийн усанд автагдан 160 гаруй айлын 640 орчим хүн нэрвэгдэн, 105 байшин нурж, 70 байшин нурах эрсдэл үүссэн билээ. Мөн нэг хүүхэд амь насаа алдсан.

Үүссэн нөхцөл байдлын үед Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар дараах шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Гамшгийн үеэр бол нүүлгэн шилжүүлэх, ариутгах гэх мэт ажлуудыг явуулах хэрэгтэй болдог. Өнөөдрийн байдлаар ариутгалын ажил болон нүүлгэх явц дуусан.

Одоо бол нурсан 110 барилга, 70 барилга нурахад бэлэн болсон байгаа бөгөөд нурсан барилгуудыг цэвэрлэх асуудал үлдсэн. Түүнчлэн гамшигт өртсөн хүмүүсийг хэвийн амьдрал руу нь хурдан оруулах тал дээр ажиллаж эхэлсэн.

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

  • Өлгий сумын 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт ус зайлуулах суваг байхгүй тул 150-160 см хүртэл гүн ус тогтсоныг 1,500 м орчим урт суваг татаж, сувгийн хоёр талын айлуудыг хамгаалах зорилгоор 216 m3 элс буулган шинээр далан босгож, үерийн ус тулсан авто замыг сэтэлж урсгах арга хэмжээ авсан байна.
     
  • Аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу үерт нэрвэгдсэн 104 айлд 0.7 га газрыг Өлгий сумын ЗДТГ-аас шинээр олгосон бөгөөд тухайн газарт ус, гэрэл цахилгааны асуудлыг шийдвэрлэж байна. Мөн 60 хүүхдийн гэр цэцэрлэг ажиллаж эхэлсэн.
     
  • Үерт нэрвэгдэж орон гэргүй болсон 29 өрхийн 107 хүнийг түр хорогдох байранд байрлуулсан./Дорнод Казахстаны салбар сургуулийн дотуур байр, Өлгий сумын таван ахлах сургуулийн биеийн тамирын заал/
     
  • Аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төвтэй хамтран Өлгий сумын үер усны аюулд нэрвэгдсэн 6, 9 дүгээр багуудын өрхүүдийн эзэмшлийн газруудын хөрсний бохирдлыг цэвэрлэх, халдваргүйтэхэд шаардагдах хөрөнгийн тооцоо судалгааг гаргаж, тухайн байгууллагуудад бэлэн байгаа ариутгал халдваргүйтгэх бодисыг төвлөрүүлж, хөрсний бохирдлыг цэвэрлэх, хог ачуулах, хөрсийг халдваргүйжүүлэх ажлыг үргэлжлүүлэн, өнөөдрийн байдлаар 3.5 тонн жабелионы уусмалаар 56,000 m2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
     
  • Орон гэргүй үлдсэн ард иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, төрийн бус байгууллагууд болон хүмүүнлэгийн байгууллагын хоол хүнсээр хангаж байна.
     
  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын нөөцөөс орон гэргүй болсон 70 өрхөд 175.0 сая төгрөгийн эсгий гэр, 700 хүнд10 хоногийн 93.3 сая төгрөгийн хоол хүнс, 3.4 сая төгрөгийн 290 кг ариутгалын бодис, тээвэрлэн хүргэх зардал 52,9 сая төгрөг нийт 324.6 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг  2016 оны долоодугаар сарын 18-ны өдөр тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулсан.
     
  • Аймгийн Онцгой байдлын комисс болон Засаг даргад гамшгийн үеэрх авах ёстой арга хэмжээ гэсэн зөвлөмжүүдийг тараасан. 

Бид хүмүүнлэгийн тусламжуудыг хэрэгтэй хүнд, хүрэх ёстой газарт нь хүргэж байгаа

Одоогийн байдлаар дараах тусламжууд ирсэн:

  • “Сод монгол" группээс 31.5 сая төгрөгийн 21 ширхэг дан эсгий гэр,
     
  • "Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллагаас 12.3 сая төгрөгийн 5 ширхэг давхар эсгий гэр,
     
  • Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс 7.5 сая төгрөгийн 200 ширхэг хөнжил, 200 ширхэг гудас, 100 ширхэг хуванцар сав, хуучин хувцас, мөн 10 хайрцаг ариутгалын бодис,
     
  • “S Outlets3 компаниас 15.4 сая төгрөгийн 20 нэр төрлийн 14 баглаа гутал хувцас,
     
  • “Exclusive LLC” ХХК-иас 2.5 сая төгрөгийн 41 ширхэг ажлын хувцас хандивласан.

Ингээд нийт дотоодын таван байгууллага, аж ахуй нэгжүүдээс 69.2 сая төгрөгийн хүмүүнлэгийн бараа, материалыг хандивласан бөгөөд уг ачааг тээвэрлэх 17.3 сая төгрөгийн зардлыг “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллага шийдвэрлэж хүргэсэн.

Монгол Улсын Засгийн газраас болон аж ахуйн нэгжээс нийт 393.8 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

Түүнчлэн АСЕМ-ын хуралдааны үеэр Казахстан улсын ЗГ-аас гамшигт нэрвэгдсэн орон нутаг, хүмүүст 200,000 ам.доллар олгохоор шийдвэрлэсэн билээ.

ОБЕГ-аас хүмүүнлэгийн тусламж хэнд, ямар байдлаар олгогдсон талаар хяналт шалгалт тавьж байгааг хэлэхэд таатай байна.

Мөн аймгийн зарим аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрсдийн сайн дурын үндсэн дээр үерийн усны аюулд нэрвэгдсэн иргэдийн шинээр суурьшсан газарт тусламж үзүүлэх ажпыг зохион байгуулж байна. Үүнд:

  • УИХ-ын гишүүн А.Баделхан 13.0 сая төгрөгийн хоол хүнс,
     
  • УИХ-ын гишүүн Д.Мурат 5.4 сая төгрөгийн барилгын материал,
     
  • Монголын мусылман шашны төв 2.0 сая төгрөгийн хүнсний бараа,
     
  • Казахстан Улсад шилжин суурьшсан иргэдээс 12.5 сая төгрөгийн барилгын материал,
     
  • “Алтаншах” ХХК-иас 1.2 сая төгрөгийн хүнсний бараа, нийт 34.1 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын даргын 2016 оны долоодугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаар захирамжаар Өлгий сумын 1,6,9,11,13 дугаар багуудын үерт нэрвэгдэж орон гэргүй болсон айл өрхөд дэмжлэг үзүүлэх, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, гамшгийн үеийн цахилгааны гэмтлийг засварлах, бохирлогдсон талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, газрын хөрсний бохирдлыг цэвэрлэх.хог ачуулах, далан босгох, авто замыг сэтлэх зэрэг ажилд нийт 107.3 сая төгрөг зарцуулсан.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон байгалийн гамшиг уруйн үерийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар, Баян-Өлгий аймгийн Онцгой комисс, иргэд аж ахуйн нэгж, олон улсын байгууллагаас нийт 552.5 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн Засгийн газрын анхны хуралдаанаар орон гэргүй болсон 70 өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн гэрийн үнэ, гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх хүнсний бараа материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, тээврийн зардал, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт болон нислэгийн зардалд шаардагдах 329.5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн Ерөнхий сайд болон Шадар сайдаас бидэнд "Хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй" гэсэн үүрэг өгсөн. Тиймээс ОБЕГ нь цаашид уриалга гаргаж, ажиллаж эхэлсэн.

Эцэст нь хэлэхэд, Монголчууд бид өөрсдийн аюулгүй байдлыг хангах, хэн нэгэн амь насаа алдах гэж байвал туслахыг хүсч байна" гэв.