Ж.Батсуурь: Бид дэлхийн жишгийг баримжаалж боловсролын салбараа хөгжүүлнэ
БСШУС-ын сайд Ж.БАТСУУРЬТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил, хэр хангагдаж байна вэ. Төрийн болон төрийн бус өмчийн хэчнээн сургууль, цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах вэ?
-Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг нэлээд хангаж байна. Ерөнхийдөө сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил хичээл эхлэхээс өмнө дуусна.
2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг улсын хэмжээнд нэмэгдүүлж 79, бага болон суурь боловсролын хамрагдалтыг 97 хувьд хүргэхээр төлөвлөсөн.
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 62 мянга гаруй хүүхэд хамрагдана. Үүнээс 35 мянга гаруй нь орон нутгийн цэцэрлэгт элсэнэ гэсэн судалгаа гаргалаа.
Харин урьдчилсан тооцоогоор 69100 хүүхэд энэ жил I ангид элсэн орно. Тиймээс бид сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Энэ онд 39 цэцэрлэг, 22 сургууль, таван цэцэрлэг ба бага сургуулийн цогцолбор, зургаан спорт заал, найман дотуур байр шинээр ашиглалтад оруулна.
Одоогоор нийслэлд шинээр барьсан XI сургууль, Хөвсгөлийн Бүрэнтогтох болон Мөрөн сумын сургууль сурагчдаа хүлээж авахад бэлэн болсон. Харин нийслэлд Баянгол дүүргийн 89-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 45, 31-р сургууль, Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн засвар дууссан байна.
Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль нь төрийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмрийг оруулж байна. Энэ онд Улаанбаатар хотод төрийн бус өмчийн 44 цэцэрлэг, найман сургууль шинээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан.
-Эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэх гээд дараалал үүсгэж, хонож өнждөг жишиг тогтоод удаж байна. Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг ямар журмаар явуулах вэ?
-Цэцэрлэгт хамран сургах тойргийн хүүхдийг бүртгэнэ. Улаанбаатар хотын хувьд 79 цэцэрлэгт хамран сургах тойргийн хүүхдүүд багтахгүй нөхцөл байдал үүсч байна.
Учир нь, нийслэлд 27 хороо цэцэрлэггүй байна. Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, шуурхай зохион байгуулах ажлыг нийслэл хариуцан гүйцэтгэж байна.
-Нэгдүгээр ангид хүүхэд бүртгэхдээ газрын гэрчилгээ барьцаалж оруулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?
-Газрын гэрчилгээ барьцаалж бүртгэх асуудал байхгүй.
-Сурагчийн дүрэмт хувцас болон сурах бичигт ямар нэгэн өөрчлөлт оруулж байгаа юу. Энэ хичээлийн жилд хэчнээн сурах бичиг шинээр хэвлүүлж байна вэ?
-Дүрэмт хувцасны загварт өөрчлөлт орохгүй. Хуульд заасны дагуу Боловсрол, соёлын газруудын 2013 онд баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг сурагчид өмсөнө.
Бага анги болон амьжиргааны баталгаамих төвшнөөс доогуур орлоготой өрхийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, ерөнхий боловсролын сургуульд гурав болон түүнээс дээш хүүхэд суралцдаг дунд, ахлах ангийн хүүхдийн сурах бичгийг төр хариуцдаг.
Энэ хичээлийн жилд нийт нэг сая гаруй тооны сурах бичиг хэвлүүлж байна. Одоогоор бага ангийн бүх сурах бичгийг сургуулиудад хүргүүлсэн.
Харин дунд, ахлах ангийн сурах бичгийн хүргэлт 80 хувьтай явж байна. ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хүртэлх хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдан авах зохицуулалттай.
Сурах бичгийн зохиогчийн эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эзэмшдэг онцгой эрхийнхээ хүрээнд тус яам сурах бичгийг зах зээлд борлуулах үнийн дээд хязгаарыг тогтоож, худалдаа, борлуулалтад нь хяналт тавьдаг.
Энэ хичээлийн жилийн хувьд ҮI-ХII ангийн сурах бичгийн зах зээлийн үнэ 1200- 4800 төгрөг байгаа бөгөөд дундаж үнэ 2720 төгрөг болж байна.
-Тусгай сургуулиудын хувьд багшлах боловсон хүчин болон сурах бичгийн хүртээмж муу байдаг. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?
-1990 оноос хойш энэ ажил хойш тавигдсан юм билээ. Сүүлийн жилүүдэд тусгай сургуулийн багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэхэд онцгой анхаарч байгаа, цаашид ач холбогдол өгнө. Одоогийн байдлаар МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжлийн ангийг шинээр нээсэн.
Багш мэргэжилтэй хүмүүсийг тусгай хэрэгцээт боловсролын багшаар хөрвөх сургалтыг бас шинээр нээсэн байгаа. Мөн өндөр хөгжилтэй орон болон Унгар, ОХУ-д энэ талаар мэргэжилтэн бэлтгэхэд тэтгэлэг олгож байна.
Сурах бичгийн хувьд 2013 оноос эхлэн оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын хөтөлбөр, арга зүйг шинэчилж, сурах бичгүүдийг зохиож эхэлсэн.
Харааны бэрхшээлтэй хүүхдийн баррел номын хангамжийг сайжруулж байна.
-Өнгөрсөн жилүүдэд дунд сургуульд цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү. Ер нь манай улс боловсролын ямар тогтолцоог хэрэгжүүлэх нь зөв бэ?
-Өнөөг хүртэл бий болгосон боловсролын ололт, амжилтыг цаашид бататгана.
Гэхдээ залруулах шаардлагатай зүйлийг засч, сайжруулна. Манай боловсролын системийн бүтэц, тогтолцоо, зохион байгуулалт дэлхийн нийтийн жишигтэй адилхан.
Бид дэлхийн жишгийг баримжаалж хөгжих ёстой. Тиймээс бид бүрэн дунд сургуулийг 12 жилийн тогтолцоо руу шилжүүлсэн. Мэдээж Монголын онцлогт нийцсэн байх нь зүйтэй.
Ер нь бие бялдар, ёс суртахуун зэрэг хүмүүжил төлөвшлийн цогц арга хэмжээг сурган хүмүүжүүлэгч болон эцэг эхчүүд хамтарч хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна.
Тиймээс салбартаа хэрэгжүүлэх ажлыг тусгахад анхаарч ажиллаж байна. IХ-ХII ангийн сурагчид эзэмших мэргэжлийнхээ дагуу хичээлээ сонгож, гүнзгийрүүлж үзэх боломжтой.
Харин I-IХ ангид нэг стандартаар хичээллэдэг хэвшмэл шинж чанартай. Дэлхийн нийтийн жишиг рүү ойртож, ЕБС- ийг төгссөн хүүхдүүд гадаадын аль ч их дээд сургуульд суралцах хэмжээний бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх стандарт чанар руу дөхүүлэх чиглэлээр ажиллах ёстой.
Сүүлийн жилүүдэд ЕБС- ийн сурах бичгийн талаар нэлээд гомдол гардаг болсон. Тиймээс бид сурах бичгийн агуулгад хяналт тавьж. үнэлгээ өгөх ажлын хэсгийг томилж ажиллуулахаар төлөвлөж байна.
-Шинэ Засгийн газар байгуулагдаж, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудад нэлээд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, танай яамны нэршилд өөрчлөлт оруулсантай санал нэгдэх хүн цөөнгүй байна. Яамны бүтцийн талаар хүмүүс сонирхож байна?
-Манай яамны бүтцийн хувьд нэлээд өөрчлөлт орж байгаа. Учир нь, спортын салбар манай яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжиж ирсэн.
Орон нутаг болон нийслэлийн ЕБС биеийн тамирын танхим, заал болон мэргэжлийн багш нартай. Тиймээс энэхүү нөөц бололцоонд тулгуурлаж, сурагчдыг спортоор идэвхтэй хичээллүүлж, хөгжүүлэх нь манай салбарын анхаарах асуудал.
Хамгийн гол нь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох биеийн тамир, спортын газрыг байгуулсан бөгөөд энэ нь манай яамны дэргэд ажиллах юм.
Харин манай яаманд Биеийн тамир, спортын бодлогын газар давхар ажиллана.
-БСШУСЯ-ыг цаашид ямар бодлогоор авч явахаар төлөвлөж байна вэ. Хамгийн түрүүнд юунаас ажлаа эхлүүлэх вэ?
-Одоогоор бид салбарынхаа ажил байдалтай танилцаж байна. Мөн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт салбарынхаа зорилтыг тусгуулж байна.
Түүнчлэн бид салбар байгууллагын үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн. Тухайлбал, соёл урлагийн байгууллагын удирдах ажилтнуудыг хүлээн авч, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлыг нь сонслоо.
Мөн ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлтэй уулзаж, энэ чиглэлээр ярилцсан. Эдгээр хүний санал бодлыг нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгаж ажиллана.
Би энэ яамны сайд болсон тэр өдрөөс эхлэн хоёр зүйлд анхаарал хандуулсан.
Нэгдүгээрт, иргэдийн аж амьдрал хүнд байгаа өнөөгийн нөхцөлд их, дээд сургуулийн төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх. Тиймээс бид төрийн өмчийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, энэ талаар ярилцаж, энэ жил төлбөрөө нэмэхгүй гэсэн шийдвэрт хүрсэн.
Хоёрдугаарт, одоо байгаа нөөц бололцоонд тулгуурлан нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх.
-Гадаадад суралцахаар төлөвлөсөн оюутан, залуусын хувьд гадаад паспорт олгох асуудал нэлээд хүнд байна. Энэ тал дээр яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?
-Хэрэв гадаадад сурах гэж буй оюутан залууст паспорт- той холбоотой хүндрэл, бэрхшээл гарвал бид хариуцдаг байгууллагын удирдлагатай ярилцаж, үүссэн асуудлыг шуур- хай шийдвэрлүүлэх арга хэмжээ авахад бэлэн байгаа.
-Олимпод манай улсын тамирчид нэлээд амжилттай оролцож, төрийн далбаагаа РИО- гийн тэнгэрт мандуулж байна. Гэтэл тэдэнд олгох мөнгөн урамшууллын асуудал нэлээд хүнд байгаа сурагтай. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд олимпод амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгоно. Биеийн тамир, спортын салбарт амжилт гаргасан хүмүүст урамшуулал олгох журамд цаашид өөрчлөлт оруулж, боловсронгуй болгох чиглэлээр анхаарах ёстой.
Ярилцсан: С.Юмсүрэн