Ордонд өрнөх “халуухан” ажлын өдрүүд
2016.08.29

Ордонд өрнөх “халуухан” ажлын өдрүүд

Хичээлийн шинэ жил эхлэх энэ долоо хоногт хотод хөл хөдөлгөөн ихтэй байгаа бол ордонд улс орны ойрын болон хэтийн төсөв, санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр гишүүд ч тун завгүй байх нь.

08/29

Өнөөдөр МАН, АН-ын УИХ дахь бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногийн ажлын өдрүүдийн салхийг хагалж байна. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь энэ өдрийн Хууль зүйн байнгын хорооны гол ажил. Мөн ирэх 4 жилд баримтлах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бол Төсвийн тухай болон Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг өрнүүлж, санал дүгнэлт гаргах юм.

08/30

Маргааш Төсвийн байнгын хорооны хуралдаан 08,30 цагаас эхэлж, гурван багц асуудал хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл тэргүүтэй улс орны ойрын ирээдүйн төсөв, санхүүтэй холбоотой асуудлыг хэлэлцэх төдийгүй Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай, Нийгмийн даатгалын тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хамааралтай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн түүнчлэн нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хөрөнгийн зах зээл, шүүх засаглал зэрэг өргөн хүрээнд хамаарах хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр тов гарлаа.

УИХ-ын чуулган энэ өдөр 10 цагаас эхэлж, үдээс өмнөх хуралдаанаараа Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиудыг өөрчлөх эсэхийг цаашид хэлэлцэх нь зүйтэй, үгүйг шийдвэрлэнэ.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлыг батлах, ямар техник хэрэгсэл ашиглах вэ гэдгийг хэлэлцэх нь энэ өдрийн гол сэдэв. Үндсэн хуулийн цэцийн 4 тодорхой дүгнэлтийг сонсож, авч хэлэлцсэнээр чуулган түр завсарлана.

Цайны цагийн дараа буюу 13,30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг дээр дурдсан нэр бүхий хуулиудад тусган, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр төлөвлөөд байна.

Үдээс хойш Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Эрүүгийн тухай хууль тэргүүтэй 4 хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Үргэлжлүүлээд Монгол Улсын 2016 он хийгээд хэтийн ирээдүйд үйлчлэх томоохон бүлэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Онцолбол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Татварын ерөнхий хууль, Боловсролын тухай багц хууль, Эрүүл мэндийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль зэргийг дурдаж болно.

08/31

Эцэг эх, хүүхэд залуус маргаашийг догдлон хүлээх энэ өдөр 5 байнгын хороод хуралдана. Тэдгээр хороо тус бүр ирэх 4 жилд мөрдөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлд санал дүгнэлтээ өгнө. Байгаль орчныг хамгаалах, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны гол ажил. Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцэрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлэх ёстой.

Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн эхний ажил бол Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь шинэ хүн санал болгож, УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн мэдүүлэх юм. Үргэлжлүүлэн Концессын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Ашигт малтмалын тухай гэсэн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Авлигын эсрэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, санал дүгнэлтэ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх үүргийг Хууль зүйн байнгын хороо хүлээж байна.

Энэ өдөр онцгой ажил хэрэгч байх байнгын хороо бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан гэж болно. Учир нь энэ хороо хүн амын одоо болоод ирээдүйд чухал нөлөөлөхүйц Боловсролын багц хуулиуд, Хүүхэд хамгааллын тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зэрэг хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийх болно.

09/01

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр Төрийн ордонд ачаалал харьцангуй бага байх нь. Өнгөрсөн өдөр хуралдсан байнгын хороод энэ өдөр өнжиж, Төрийн байгуулалт болон Төсвийн байнгын хороо тус бүр 5 багц асуудал хэлэлцэж, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо санхүү, төсөвтэй холбоотой асуудлаар хуралдана.

09/02

Хоёр өдөр өнжсөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн өдрүүдэд байнгын хороодын санал дүгнэлтийг сонсож, нийт 10 багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, санхүү, хөрөнгийн зах зээл, татвар зэрэг салбаруудад хамааралтай хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон өнгөрсөн парламентаар батлагдсан ч хэрэгжиж эхлээгүй байгаа хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх болно.