УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардав
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ
2016.08.17

УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардав

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийн байдалд хийж байгаа дүгнэлт, Сангийн сайд, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хийсэн мэдэгдлүүд, мөн өмнөх ЗГ-ын үед хэрэгжүүлж эхэлсэн зарим “ Сайн” хөтөлбөрийг зогсоосонтой холбогдуулан өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Үүнтэй холбогдуулан тус бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандан Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулахад шаардлагатай тогтоол, хөтөлбөрийг батлахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн байна.

Тус албан бичигт “УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын мэдэгдлийг тооцоо судалгаагүй, бодит үнэнд нийцээгүй, хууль зөрчсөн, эдийн засагт сөрөг нөлөөтэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад ноцтой хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.  

Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.42-оос 5.71 болж 5.4 хувиар муудаж, үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөж 5.93-аас 8.41 болж 42 хувиар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан.

Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-иас 2230 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаж байна” гэжээ.