Г.Занданшатар: Өр барагдуулах “Онцгой комисс” байгуулж, оффшор данстнуудыг шалгая
УИХ-ын гишүүн Г. Занданшатартай улсын төсвийн тодотголын эргэн тойронд цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улсын төсвийн хүрээнд зардал танах, татвар нэмэх гэхчлэн олон сэдвээр ярьж байна. Зөв, буруу, шийдвэрлэх арга зам мөн, биш гэдэгт гишүүд байр суурь илэрхийлж байгаа. Таны хувьд юу гэж үзэж байгаа вэ?
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төсөв, мөнгө, сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт хэрэгтэй. Мөнгөний бодлого л гэхэд бодлогын хүүг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийг агшаах, хумих бодлогууд нь хоорондоо уялдах ёстой.
Харамсалтай нь уялдаа байхгүй байгаад байна. Татвар дээр заримыг нэмэх нь зөв. Бууруулах зүйлүүд ч байна. Бүгдийг нь хавтгайруулж нялзааж болохгүй л дээ.
Жишээ нь , Нэмэгдсэн өртгийн албан татварыг миний хувьд эсэргүүцэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж худалдааны татвар болгох нь зүйтэй.
Нийт ард түмэнд хамаатай үнэ өсгөдөг татвар учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Харин татварын бааз суурийг нэмэгдүүлж, түүгээрээ төсвийн гол орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлж болно.
-Татварын бодлогын тухайд юу хэлэх вэ?
-Татварын тогтолцоонд оновчтой бодлого чухал. Ард түмэнд ачаалал үүрүүлж болохгүй. Жишээ нь, 2.5 саяас дээш цалинтай хүн 25 хувийн татвар төлөх ёстой гэх мэтээр Германд зохицуулсан байдаг.
Тэр хүмүүс татвар төлснөөр ядуу буурайгаа харах нэг хэлбэр болно. Нөгөө талаас тэд татвар төлснөөр Хавайд очиж амрах зардлаа л бууруулахаас биш жирийн иргэдэд ачаалал нэмэгдэх юм бол би хоолноосоо хасуулна гэсэн үг.
Тиймээс зүүний чиглэлтэй улс орнууд өндөр орлого олж, нийгмийн баялгаас хүртэж байгаа хүмүүс илүү төлөх ёстой гэсэн татварын чиг баримжаа бий.
Манайх энэ талаар хоёр тийшээ харчхаад байна. Орлого тал нь зөвхөн ашигт малтмалаа, зарлага тал нь нийгмийн халамжаа барьцаалаад байгаа учраас энэ хоёрыг ойртуулж өгөх хэрэгтэй.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмснээр ажил олгогч эзэд цомхотгол хийж байна. Татвараас үүдээд ажлын байраа нууж хаах гээд асуудал үүсэх байх?
-Эдийн засгийн хямралын үед энэ алдаатай бодлого. Харин нийгмийн даатгалын сангийн үр өгөөжтэй ашиглалтыг сайжруулах нь чухал. Ийм бололцоо бий. Харамсалтай нь манайд сангийн юмыг домбоор хутгана гэгчээр үр ашиггүй зарцуулдаг, ашигладаг явдал байна. Үүндээ анхаарч хэмнэхгүй бол нэмэгдүүлэх шаардлагагүй шүү дээ.
Хаана байршуулж байна тэр мөнгийг. “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян “Сохор зоосыг ч гэсэн сэгсэрч бай тэгвэл өгөөжөө өгнө" гэж хэлдэг шиг нийгмийн даатгалын сан барууны орнуудад үр ашигтай хөрөнгө оруулалтууд болж эргэлтэд орж байдаг.
Манайх ямар ч үр ашиггүй ашиглаад байна. Үүнээсээ болж гарын салаагаар урсаж байна гэж шүүмжлүүлээд байгаа юм.
-Сүүлийн үед гаднын банкуудыг оруулж ирснээр өрсөлдөөнийг зохицуулна гэж ярих болсон. Ингэснээр ямар давуу, сөрөг тал үүсэх бол?
-Либералчлалд энэ асуудлыг нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байдаг. Өнөөгийн нөхцөлд гадаадын банк орж ирж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөв. Үүнээс үүдэж бизнесийн орчин сайжирна.
Нөгөө талаас манайд татварын ачаалал биш, татварын байцаагчийн дарамт их байдгийг хэлэх хэрэгтэй. Азидаа манай улс бага татвартай улсын тоонд орно. Татвар ногдуулах, хураах арга нь буруу. Татварын байцаагч очиж дарамталдаг, торгууль бичдэг.
Энэ нь татвараасаа илүү ачаалал болдог. Кадастрын аргад шилжиж, электрон бүртгэлээр бүртгэж, татвараа төлөөд явж болно. Хураах аргаа оновчтой болгож, ногдуулах арга дээрээ өөрчлөлт хийхэд энэ хэцүү биш.
-Гаднын банк орж ирснээр сөрөг тал нь юу байж болох вэ?
-Монголбанк зохицуулалтаа зөв хийж чадвал сөрөг тал гэх зүйл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэх мэт шүүмжлэл гардаг нь манайхан ажиллахгүй байгаагийнх.
-Ажиллаж чадахгүй байна гэсэн нь юутай холбоотой гэж үзэж байна?
-Манай институцууд нэгдүгээрт, авлигад идэгдсэн, хоёрдугаарт ажиллах чадавх дутмаг, чадварлаг боловсон хүчин байдаггүй. Дандаа танил тал, нам улс төрөөр хүмүүсээ авдаг учраас ажиллах чадамж нь сул байгаа юм. Энэ бас хямралын гол шалтгаан болж байна.
-АН-ын үед хэрэгжүүлсэн “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоосон. Ингэснээр төсөв хэмнэж байгаа гэж яриад байгаа. Хэдий хэрийн төсөв хэмнэх юм бэ?
-“Сайн хөтөлбөр”-үүдийг төсөвт суулгахгүй байх нь зөв. Ингэснээр 500 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Мөн тэвчиж болох урсгал зардлуудыг 10 хувиар хэмнэх бололцоо бий.
Үндсэндээ нэг их наяд төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулах бололцоотой гэсэн судалгааг гаргаж дэвшүүлж байгаа. Өнөөдөр зарим гишүүн төсвийн зардлыг үүнээс ч илүү бууруулах байсан юм гэцгээж байгаа.
Зарим нь нэмэгдүүлчихсэн байна гэж шүүмжилсэн. Одоо байгаагаас илүү танах хэрэггүй гэсэн гурван туйл дээр асуудлыг ярьж байна. Хямралын үед нийтэд хамаатай татваруудыг нэмэгдүүлэх нь алдаатай бодлого.
-Танах, хасах тухай хаана хаанаа ярьж байгаа. Энэ догор УИХ өөрсдөө зардлаа бууруулах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг иргэд ихээхэн хэлж байна?
- УИX-ын гишүүдийн таналт гэж шальтай мөнгө гарахгүй. 76 гишүүний сарын цалин 76 сая орчим л болох байх. Төрийн өмчийн корпорациудын 10, 20, 30, 40 саяын цалинтай улс нэг өөр.
Нөгөө талаас шүүгчид, төрийн албан хаагчдын цалинг хасахыг би хувьдаа дэмжихгүй байгаа. Шүүгчдийн цалин л гэхэд 3.2 тэрбум төгрөг л хэмнэгдэнэ. Тэгснээрээ шүүгчдэд та нарын цалинг хасчихлаа, цаанаа байгаа орон сууцны зээл, цалингийн зээлээ өөр эх үүсвэрээс нөх гэх үү. Хаанаас нөх гэж хэлэх вэ.
Энэ 3.2 тэрбум төгрөг улсын төсвийн хэмжээнд авч үзэхэд шүүгч дээр очоод гарах шийдвэртэй харьцуулахад харьцангуй асуудал. Үүний оронд өр барагдуулах Онцгой комисс байгуулах хэрэгтэй. Би ийм санал дэвшүүлж байгаа.
-Тухайлбал, ямар үүрэг чиглэлтэй комисс байх ёстой вэ?
-Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө хаачив. Үүнд шүүх, хууль хяналтын байгууллага, тагнуул, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, цэрэг, цагдаа хамтарч өр барагдуулахаар ажилласан туршлага байдаг.
Өр барагдуулж эхэлбэл орлого орно. Тэр мөнгийг хэн хэн авсан бэ. Зээлээр юм уу, яаж авав. Тэднээр төлүүлж байж төсвийн алдагдлыг нөхөх, цалин, тэтгэвэр, нийгмийн ачааллыг бууруулахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэсэн санал дэвшүүлж байгаа.
Хөдөө аж ахуйн банк дампуурчихсан '‘Хоёр чих авах уу” гэдэг яриа гарч байхад ер барагдуулах комисс ажиллуулж, хариуцлага тооцож ажилласнаар өнөөдрийн ХААН банк хөл дээрээ боссон түүх бий. Улс орны хэмжээнд ч гэсэн өрийн болоод зээлийн менежмент дутмаг байгааг анхаарч үзэх хэрэгтэй.
-Банк, санхүүгийн салбарын асуудал ярьж байна. Өнөөдөр иргэд байрны лизинг, цалин, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй алдангид байдгаа гөвж байна.Энэ асуудалд ямар бодлого хэрэгтэй гэж та харж байна?
-Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр авагчдын бараг 90 хувь нь зээлтэй байна. 2018 он хүртэл тэтгэврийн зээл авчихсан хүн ч байна. Ажилчид нь ч, байгууллага нь ч зээлтэй газрууд зөндөө.
Ингээд улсаараа өртэй, улс нь гадаадад өртэй байна. Цаана нь цөөн хэдэн хүн гадаадад оффшор данстай байх ч юм уу, ийм жишээ байна. Энэ хүмүүсийн буруугаар улс орноороо өрийн сүлжээнд орчхоод байна шүү дээ.
Тиймээс өр барагдуулах нь зүйтэй. Мөнгө аваад гадагшаа, дотогшоо алга болгосныг шалгая. Үүнийг эргэн төлүүлэх замаар нийт эдийн засагт байгаа ачааллыг бууруулъя. Алга болгосон мөнгүүдийг олж ирье.
-Төсөв, хасах тухай ярихад дэд сайд нар хэрэггүй байсан юм биш үү гэсэн шүүмжлэл их өрнөж байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Ажлаа хийж чадаж байвал төрийн яам, сайд, дэд сайдын тоо хэд байх нь чухал биш. Гадаадын элчин сайдын яамдтай уулзаад дэд сайд байх нь хэрэгтэй байна гэж ярьдаг.
Сайд нар эрхэлсэн асуудал олон, нэг сайдын хувьд тэр бүр хүрэлцэхгүй олон салбартай. Тэгэхээр сайд дээр уулзалтын цаг олдохгүй бол дэд сайдтай мэдээлэл солилцоод явна шүү дээ. Ийм учраас дэд сайд байх нь буруу биш.