Төсвийн тодотгол бол гол асуудал биш
Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч
2016.09.01

Төсвийн тодотгол бол гол асуудал биш

Vip76.mn-ийн редакцийн зүгээс өнөөгийн үүсэн бий болоод буй нөхцөл байдлын талаар экспертүүдийн байр суурийг цувралаар хүргэж байна. 

Ерөнхий сайдын зүгээс 12-18 сарын дараа эдийн засаг тогтворжих байх. Эдийн засгаа тогтворжуулсны дараа нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоо хэрэгжүүлж болох байх гэсэн байр суурьтай байна. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

Эдийн засгийг тогтворжуулах тухайд бол яг одоогийн байдлаар эдийн засгийн өсөлт хасах руу ороогүй байна. Гол тогтворжуулах ёстой асуудал бол төсвийн орлого, төсвийн зарлагын бүтэц юм. Энэ хоёр асуудлыг харьцангуй богино хугацаанд засч, залруулж болох байх. Эдийн засгийг тогтворжууллаа гэхэд зөвхөн төсвийг хэмнэж, төсвийн алдагдалгүй боллоо гээд хангалтгүй. Засгийн газрын өрийг барагдуулахын тулд улс орон мөнгөтэй байх ёстой. Эдийн засгийн өсөлт өндөр байх ёстой. Олон мянган ажлын байрыг шинээр бий болгох ёстой. Ингэхийн тулд Засгийн газрын тэргүүн ямар аргаар шийдэх гэж байгаа юм бэ? Ямар төслүүд хэрэгжүүлэх гэж байна? Эдгээр төслөө ямар үе шат, дэс дараалалтай хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхой болгож, стратеги төлөвлөлт гаргаж, хөрөнгө оруулагч болон олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэж бодож байна.

...Одоохондоо төсвийн тодотгол тойрсон жижиг асуудлын хүрээнд л эргэлдээд байна шүү дээ. Энэ бол чухал асуудал биш...

Цаашид Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ, ямар төслүүдээ хөдөлгөх вэ, ирээдүйн хөгжлийн дүр зураглалд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Төсвийн тодотгол бол эдгээр том асуудлын зөвхөн нэг бүрэлдэхүүн хэсэг, эхний алхам төдий зүйл шүү дээ.

Том агуулгаа зэрэгцээд бариад, боловсруулаад, яриад явсан нь зүйтэй болов уу.
Төсвийн тодотголтой зэрэгцээд яригдаж буй асуудал бол Засгийн газрын үйл ажиллагааны ирэх 4 жилийн хөтөлбөр. Энэ таны хувьд хэр чухал асуудал вэ? Эдийн засгийн хүндрэлийг давах онцгой хөтөлбөр гэж яригдаж байна. “Онцгой” гэдгийг та юу гэж ойлгож байна?

Засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөр гэдэг бол эрх барьж буй намын хувьд, шинэ Засгийн газрын хувьд улс орны ойрын ирээдүйн ингэж хөгжүүлнэ гэсэн албан ёсны баримт бичиг. Энэ хөтөлбөрийн танилцуулгыг би уншсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын үгийг сонсоход урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэсэн, агуулгын хувьд сайн хөтөлбөр гэж дүгнэж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж, батлагдсаны дараа агуулга нь улам тодорхой болох байх.

 “Онцгой” бодлого гэдэг нь бол 18 сарын хугацаанд эдийн засгийн хүндрэлийг давах тусгай арга хэмжээ л дээ. Тухайлбал, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж, олон хүн ажлын байргүй болж байгаа бол энэ хүмүүсийг яаж ажилтай болгох вэ, ажилгүйдлийн тэтгэмж олгох, ажилгүй болсноосоо болж, ядууралд өртөхгүй байхад ямар арга хэмжээ авах вэ зэрэг чухал, нэн тэргүүнд тулгамдсан асуудлууд орох байх гэж найдаж байна.

Төсөв тодотгоно гэдэг бол Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ биш. Төсөв тодотголоо гээд эдийн засаг сайжирна гэсэн үг биш. Эдийн засгийн хөгжлийн салбарууд байна, томоохон төсөл хөтөлбөрүүд байна. Эдгээр том асуудлаа тэрхүү онцгой бодлогодоо тодорхой тусгах хэрэгтэй байх.

Тухайлбал, Стэнд бай хөтөлбөр хэрэгжүүллээ гэхэд ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ нарийн, тодорхой тусгах хэрэгтэй. 

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.