2016.09.02

Ерөнхий сайд Буянт Ухаа цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, тус сургуулийн захирал н.Болормаа нар болон ахмад багш нар, сурагчид, ард иргэд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээг тус сургуулийн захирал н.Болормаа нээж хэлсэн үгэндээ "2015-2016 оны хичээлийн жилд Буянт-Ухаа" цогцолбор сургууль нь БСШУЯ-ны "Боловсролын шинэчлэлийг манлайлагч шилдэг сургууль"-аар шалгарсан. Олон сурагчид маань бахдам амжилт үзүүлж, сурлага, урлаг спортоороо улсдаа тэргүүлсэн. Нийслэлийн ажил мэргэжлийн аварга багшаар олон багш нар маань шалгарч "Саятан багш"-ийн болзол хангасан байна. Их ажлын төлөө зорилго нэгтэй ажиллаж, эх орноо улам их хөгжүүлэх болно." хэмээлээ.

Үүний дараа Монгол улсын  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдмийн өргөөнд цугласан хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Ерөнхий сайд хуучнаар Ажилчны районы долдугаар сургууль гэж байх үед нь тус сургуульд нэгдүгээр ангид элсэн орж, А үсэг заалгаж байснаа дурсч төрөлх сургуулийнхаа эрдмийн баярт оролцож байгаадаа баяртай байгаагаа уламжиллаа.

"Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж туйлын хүнд байна. Тухайлбал, миний ирсэн “Буянт-Ухаа” цогцолбор сургууль л гэхэд гурван ээлжээр хичээллэдэг.

Гурван ээлжээр хичээлдэг ийм сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, 2-6 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь манай Засгийн газрын нэг зорилго. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэдгээ эрдмийн баярын энэ өдөр та бүхэндээ амлаж байна” гэж  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ 

 Тус сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 62 бүлэгт 2400 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн долоон бүлэгт 303 зургаан настан элсэн орж байна. 

123
123

123