Гишүүд кноп дардаг дуулгавартай хүүхэлдэй болоод байна
УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өмнөх парламент Эрүү, Зөрчлийн хуулийг баталж байхад та Хүний эрхийн том хувьсгал боллоо гэж хэлж байсан. Гэтэл МАН-ынхан олонхиороо энэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байх шиг байна. Түүнийг дагалдаж гарч байгаа таван хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа. Энэ хуулиуд хэрэгжээд явах уу. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэх ёстой биз дээ?
УИХ-аар хэлэлцэнэ. Хуулинд зааснаар 26 гишүүн дэмжээд явбал хоригийг хүлээж авсанд тооцно. Ардын намын хувьд нэг зүйлд харамсаад байна. Олон арван жил төрийн эрх барьсан тулхтай, туршлагатай намын хувьд хүүхэд хуурч байгаа юм шиг хандаж, том алдаа гаргаад байна. Эрүү, Зөрчлийн хуулийг эсэргүүцсэн гишүүд бий. Парламентын хэлэлцүүлгээр оруулж болох байхгүй юу.
Бусад гишүүддээ ч гэсэн өөрийнхөө саналыг үнэн бодитоор хэлээд явах бололцоо нь байгаа. Гэтэл хууль бус, Үндсэн хууль зөрчсөн алхам хийгээд парламентын болоод намынхаа нэр хүндийг хойш нь татаад байгаа нь буруу л даа. Эд нар энэ хуулийг байхгүй болгохыг л хүсч байгаа юм. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхгүй байх, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгоод төрөө мухардалд оруулаад байна. Энэ бол маш хортой.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд хуулиудаа ёсчлоод хэрэгжүүлээд явна гэсэн үг үү? Энэ хуулиуд Эрүү, Зөрчлийн хуулийг дагалдаж, хоорондоо уялдаж гарсан учраас бүрэн утгаараа хэрэгжиж чадах уу?
Хоригоо хүлээгээд авчих юм бол таван хуулиа ёсчилно. Ёсчлох явцдаа өөрчлөлт оруулах асуудлаа шийднэ. Эрүү, Зөрчлийн хуулийг хойшлуулах асуудал байнгын хороон дээр яригдаж байна.
Одоо хугацааг нь тавиад, өөрчлөх ёстой зүйл байвал өөрчлөөд ном ёсоор нь хэрэгжүүлээд явах ёстой. Ерөнхийлөгчөөс өгч байгаа энэ боломжийг яаж зөв хуулийн хүрээнд ашиглах вэ гэдэг нь МАН-аас шалтгаална.
-Ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийг МАН-ынхан зогсоож байгаа. Тухайлбал “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосонд та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. МАН үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явах боломжгүй ажлууд байв уу, эсвэл улс төр хийж байна уу?
Улс төр гэдэг чинь улс төрийн үзэл бодлын тэмцлийг хэлдэг болохоос биш өөрийнхөө танил тал, хамаатан саднуудыг ажилд тавихыг улс төр болгочихсон. Нөгөө талаасаа улс оронд хэрэгтэй, ард түмэнд ашигтай бодитой ажлуудыг зогсоохыг улс төр гээд бодчихсон.
Нэг талд нь эдийн засгаа донсолгоонд оруулах мэдэгдлүүд хийгээд, нөгөө талд нь ямар ч гарц байхгүй. Гарцгүй 100 хоногоо өнгөрөөх юм бол Засгийн газар хэцүү болно. Энэ засгаас болоод бүх зүйл муухай болоосой гэж хүсэхгүй. Улс орон сайхан болоосой л гэж хүснэ шүү дээ.
-Засгийн газрыг огцруулах тухай асуудал зарим хэвлэлээр гарч эхэллээ. 100 хоног ч ажиллаагүй байгаа Засгийн газрыг огцруулна гэж ярих нь зөв гэж бодож байна уу. Засаг төр тогтворгүй байх нь иргэдэд хохиролтой. Тиймээс Засгийн газрыг ядаж 100 хоног дуустал ажиллах боломжоор нь хангах ёстой гэж үзэж байна уу?
Оруулж ирсэн бодлого нь буруу. Үүнийг Их хурал батлаад явах бол дараагийн буруу алхам руу орно. Засгийн газрыг хэдэн улстөрчид огцруулдаг юм биш. Ард түмэн, эдийн засаг огцруулдаг байхгүй юу. Эдийн засаг нь сайхан явж байх юм бол огцордог засаг дэлхийд байхгүй шүү дээ.
Ард түмний дэмжлэг байгаа үед Засгаа огцруулахгүй. Үнэхээр эдийн засаг сөхрөөд, ард түмэн идэх хоолгүй боллоо гэж байгаа нөхцөлд тийм засгийг явуулаад дараагийн бололцоотой зөв бодлого гаргаад, хийж хэрэгжүүлээд, ард түмний амьдралыг дээшлүүлээд явах засгийг гаргах ёстой.
-Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголд МАН-ынхан ч дотроо шүүмжлэлтэй хандаж байгаа. Мэдээж татвар нэмэх асуудлыг дэмжихгүй гишүүн олон байна. Эдийн засагт үүнээс өөр гарц байхгүй болчихсон юм уу?
Эдийн засаг хямраагүй байсан. Хүндрэл бол байсан. Ганц манайд биш, дэлхийн олон оронд эдийн засаг хүнд байгаа. Татвар нэмээд, компаниуд, ард иргэдээ ад үзээд байх юм бол дан ганц Засгийн газрын нэр хүнд биш Монгол Улсын төрийн нэр хүндийн асуудал болох гээд байна. Үүнийг бүх талаараа эсэргүүцэж байна. Энэ нь маш хорлонтой.
Маш олон салбарыг далд эдийн засаг руу түлхэж оруулна, орлогын татвараас нуугдана, архи согтууруулах ундаа гудамжинд гарна, шагийн болон найруулсан архи худалдаалагдана, алтны бүх компани дампуурч, байгаль орчин сүйднэ, нинжа нар үлдэнэ гээд маш хорлонтой нөхцөл байдал бий болно.
Нийгмийн халамжийн бодлого дотор хүүхдийн мөнгийг 60 хувьд нь өгнө гэж байна. 40 хувь нь авахын тулд ядуу бүлэг рүү орох гэж өрсөлдөөн явагдана. Амьдралаа аваад явж байгаа хүмүүсээс орон сууцны татвар, цалин авсны татвар авна. Ер нь тэгээд хүндэтгэж үзэх зүйл алга. Хүн бүрийг өшиглөж, буруу тогтолцоо руу л явж байна.
-Олонхиороо энэ асуудлыг хүч түрээд шийдчихгүй байлгүй дээ. Уг нь үүнийг эсэргүүцэж байгаа цөөнгүй гишүүд байсан?
Намын бүлгийн хаалттай хуралдаан нь саяхан ил болсон байсан. Уг нь үнэн, зөв ярьж байгаа гишүүд байна. Гэтэл чуулган дээр орж ирээд баг зүүгээд худлаа яриад байх юм. Анх мэргэжлийн Засгийн газар нь тусдаа, хяналт тавиад ажиллуулна гэж байсан.
Гэтэл Засгийн газар нь парламентынхаа дээр гарчихсан, намын удирдах зөвлөл шийд гаргаад Засгийн газар хүчээр хэрэгжүүлээд гишүүд ард түмнээс авсан мандатаа хэрэгжүүлж чадахгүй болчихоод байгаа юм. Зүгээр л дуулгавартай кноп дардаг хүүхэлдэй болоод байна шүү дээ.
Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Төсвийн байнгын хороо татвар нэмсэн асуудлыг буцаая гэсэн чинь намын удирдах зөвлөл хуралдаад намаас арга хэмжээ авна гэж айлгаад, бүгд орж ирээд төрийн өмнө, ард түмний өмнө өргөсөн тангарагаасаа няцаад намын даалгавар биелүүлээд кноп дараад сууж байна. Маш аюултай тогтолцоо бий болж байна.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах саналыг МАН-ынхан оруулж ирсэн ч дэмжээгүй. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэх үеэр улс төрийн албан тушаалтнуудын цалинг бууруулахаар оруулж ирсэн ч МАН-ынхан өөрсдөө эсэргүүцээд дэмжлэг авч чадаагүй. Гэтэл дэмжигдэхгүй саналыг МАН-ынхан дахин оруулж ирсэн нь ямар учиртай юм бол?
Хоёр нүүртэй улс төр гэдэг чинь энэ. Хэн ч итгэхээ больж эхэлж байна шүү дээ. Хэлсэн үгэндээ, дэвшүүлсэн бодлогодоо байх ёстой. Ингэж байж улс орон тогтвортой, Хөгжлийн бодлого зөв явна.