Зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжихээс өөр замгүй
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /уржигдар/ ээлжит хуралдаанаа хийсэн. Бүлгийн зүгээс бүх төрлийн татварыг нэмэхгүй байх шийдвэрийг гаргахаас гадна иргэдийн цалинг ч хасахгүй байхаар тогтжээ. Харин хувь гишүүнийхээ үүднээс үүнд ямар байр суурьтай байна вэ?
Энэ бол улс төрийн их зөв шийдвэр гэж бодож байна. Ганц би ч биш намын бүлгийн гишүүдийн олонх нь дэмжсэн зүйл шүү дээ.
-Нөгөөтэйгүүр Засгийн эрхийг барьж байгаа МАН ард түмнийхээ үгийг сонсож байна гэж ойлгож болох уу?
Тийм ээ, болно.
-Гэхдээ олон нийтийн дунд “МАН иргэдийнхээ үгийг сонсож байна гэх нэрийдлээр УИХ болон Засгийн газарт оруулж ирсэн саналаа байнга буцааж татаад байх юм биш биз дээ” гэх шүүмжлэл, болгоомжлол байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
Орлогыг бүрдүүлэх олон зам бий. Хамгийн гол нь, ард түмнийхээ халааснаас орлогыг бүрдүүлэхгүй. Эдийн засаг хүнд, ард иргэдийн маань худалдан авах чадвар үнэхээр муу байна шүү дээ.
-Бүх төрлийн татварыг нэмэхгүй, цалинг хасахгүй байх шийдвэр иргэдэд таалагдаж байгаа боловч өргөн утгаар нь харах юм бол татвар нэмж, цалин хасвал тодорхой хэмжээнд орлого төвлөрөх байсан юм биш үү. Одоо орлогыг яаж бүрдүүлнэ гэсэн үг вэ?
Бусад арга замаар орлогыг төвлөрүүлэх нь зөв гэж шийдсэн. Гагцхүү тэрхүү боломжоо л зөв харах хэрэгтэй. Мэдээж цалин хасахгүй, татвар нэмэхгүй гэхээр орлогыг хэрхэн, яаж бүрдүүлэх вэ гэх асуулт гарч ирэх нь тодорхой.
Олон нийт ч санаа зовох нь зөв. Бид зардлаа танахаас өөр аргагүй. Энэ нь хэмнэлтийн горимд шилжинэ гэсэн үг л дээ. Ингэхийн тулд ард түмэндээ үнэнийг л хэлэх хэрэгтэй.
-Та ямар үнэнийг яриад байна вэ?
Эдийн засаг үнэхээр хүнд байна. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Монгол Улсын эдийн засаг хүнд байхад МАН үнэмлэхүй ялалтыг авлаа. Үнэхээр бид үнэнийг хэлж байсан учраас л сонгогчид маань 65 суудлыг бидэнд өгсөн байх.
Өөрөөр хэлбэл, бид ард түмний амьдрал хүнд байна гэдгийг алхам тутамдаа ярьж, хэлж байсан. Цаашлаад улс, эх орон маань дампуурлаа, зээл өрөнд орж дууслаа гэдгийг байнга сануулж байлаа.
Үүнийхээ хүчинд ч олонхийн суудлыг авсан гэж бодож байна. Тиймээс одоо ч гэсэн ард түмэндээ зөвхөн үнэнийг л хэлэх хэрэгтэй. Дахин хэлэхэд үнэхээр улс, эх орны маань эдийн засаг хүнд байна.
Ер нь л төсөв мөнгө алга. Бид арай ч ийм хүнд байгаа гэж бодоогүй, төсөөлөөгүй. Монгол Улс нэгдсэн ганц төсөвтэй байх ёстой байтал дөрвөн өөр төсөвтэй явж байсан байна.
Үүнийгээ Ардчилсан намынхан сая л нэг зөвшөөрч байх шиг байна. Яг нэг төсөвтэй болгоод харахаар үнэхээр улсын маань санхүү, эдийн засаг хүнд байгаа нь харагдлаа.
-Одоо тэгээд яг яана гэсэн үг вэ. Ингээд л яриад суух уу?
МАН хэзээ ч хойшоо суухгүй. Өмнө нь ч гэсэн эдийн засаг, санхүү хүнд байхад аваад л гардаг байсан. Тухайлбал, 1992 онд улс маань ямар байлаа.
Нийтээрээ картын бараанд орчихсон байсан шүү дээ. Дараа нь 1996 онд цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч байсан. Тэр бүхнийг давж гарч чадсан.
Тиймээс энэ удаа ч гэсэн манай намынхан зөв гарцыг олж чадна. Үүндээ ч итгэлтэй байна. Энэ ч утгаараа олон шийдлийг ярьж, хэлэлцэж байгаа.
-Тухайлбал?
Салбар тус бүр дээр онцгой эрхтэй Ажлын хэсгийг байгуулах нь зөв. Жишээлбэл, хөдөө аж ахуйн салбарт ямар боломж, бололцоо байна.
Өөрөөр хэлбэл, 70 сая толгой малаа яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг бодох хэрэгтэй л дээ.
Ганцхан хөдөө аж ахуйн салбар ч биш уул уурхай зэрэг бусад салбарыг яах вэ, тэнд ямар нөөц, боломж байна гэдгийг ч харах нь чухал юм.
Цаашлаад банк санүүгийн байгууллага болон гадаад харилцаан дээрээ ямар бодлого барих вэ гэдгээ нарийн тооцож, зөв гарцыг л олох хэрэгтэй байна.
Манай улс зах зээлийн системд шилжээд 20 гаруй жил болж байна. Гэтэл банк, санхүүгийн байгууллага шиг зах зээлд шилжээгүй салбар алга.
Шуудхан хэлэхэд, ломбард маягаар үйл ажиллагаагаа явуулж иргэдийгээ шулж байна шүү дээ. Маш өндөр хүүгээр ард иргэдийг туйлдуулж байна.
-Өөрөөр хэлбэл, гадны банк санхүүгийн байгууллагыг зоригтой оруулж ирэх хэрэгтэй гэж үү?
Тэгэлгүй яах вэ, эдийн засгаа маш зоригтой хөдөлгөх ёстой гэж харж байна. Зарим зүйл дээр жаахан зоригтой алхам хийх цаг нь болсон. Бүсээ чангалах хэрэгтэй гэж л бодож байна даа. Үнэнийг хэлэхэд, Ардчилсан намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн эрхийг барьж байхдаа олон хуулийг зөрчсөн.
Тэр нь өнөөдөр ил болж байна. Өмнө нь бид хэлж байсан, хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр бид Засгийн эрхийг авахад Ардчилсан намынхан олон зүйл дээр хуулийг зөрчиж байсан нь харагдаж байна шүү дээ.