Төрийн дээд шагналын нэр төрөл, эрэмбийг зохистой болгоно
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Ц.Даваасүрэн, З.Алтай нар Төрийн дээд шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа.
Төрийн дээд шагналын нэр төрөл, эрэмбийг зохистой тогтоож хуульчлах, шагналын нэр хүндийг дээшлүүлэх, шагнах үндэслэлийг тодорхой, оновчтой болгож, ардчилал, зах зээлийн эдийн засгийн бодлого, цаг үеийн шаардлагад аль болохоор нийцүүлэх, монгол төрт ёс, соёл иргэншлийн түүхэн уламжлал, ард түмний сэтгэл зүйн онцлогийг харгалзах үүднээс эрхэм гишүүд ийм хуулийн төсөл боловсруулснаа төслийн танилцуулгад дурьдсан байна.
Долоон бүлэгтэй уг хуулийн төсөлд төрийн дээд шагналын тогтолцоо нь Монгол Улсын цол, төрийн шагнал, одон, медалиас бүрдэж байх, одоогийн олгож буй алдар цол, одонгийн тоог цөөрүүлж зохистой тогтоох замаар шагналын нэр хүндийг өргөх, төрийн дээд шагналд дагалдуулан олгох мөнгөн урамшууллын хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.