Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ноён Эрик Прадотой уулзав
2010.06.10

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ноён Эрик Прадотой уулзав

УИХ-ын хаврын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулахтай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос уг хуулийг боловсруулахад Уул уурхайн чиглэлээр туршлага бүхий орны зөвлөх ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ саналаа Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчид тавьсны дагуу Чилийн Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Эрик Прадо өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ч.Улаан нартай Төрийн ордонд уулзалт хийлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлан гаргахад зэсийн үнэ, ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, уул уурхайгаас орсон ашгийг ирээдүйд чиглэсэн алсын хараатай зарцуулах, Ашигт малтмалын баялгийг олон улсын санхүүгийн зах зээл дээр хэрхэн яаж менежмент хийх, Сангийн яам, Төв банкуудын үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох зэрэг асуудлыг судалж, хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байгааг танилцуулав.

Ноён Эрик Прадо нь Чилийн Сангийн сайдын зөвлөхөөр ажиллах хугацаандаа уул уурхайн салбараас олсон орлогыг ашигтай зарцуулахын тулд байгуулагдсан Тэтгэмжийн сан, тогтворжилтын санг удирдаж, ерөнхий менежерээр ажиллаж байснаа манай гишүүдэд дуулгаад, уг хоёр сангийн үйл ажиллагаанд Шинэ Зеланд, Норвеги зэрэг улсын туршлагыг гол баримтлалаа болгосноос гадна олон нийтэд нээлттэй байлгасан нь дэлхийд маш хурдтай ашиг олдог сан болгосныг хэлсэн юм.

Чили, Монгол хоёр улс газар нутгийн хувьд хол боловч байгалийн баялаг, түүнийг дагалдах олон асуудлаар адилхан. Дээр нь энэ хоёр орон зэсийн асар том ордуудтай учраас дэлхийн зах зээл дээр өрсөлдөгчид. Яагаад гэвэл Чили улс БНХАУ-д мөн адил зэс экспортолдог гэдгийг тэрээр онцолж байсан. Ер нь богино хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайгаас олсон орлогыг ашигтай зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж болно.

Учир нь Америк, Европын орнуудынх шиг их хэмжээний өр зээл тавиагүй танай оронд хэт популист талаас нь хандахгүй байх, дээр нь хариуцлагын тогтолцоо өндөр байхад үйл ажиллагаа амжилттай явагдана гэж тэрээр онцолж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.