2010.04.15

Монгол цэргүүд Афган орныг илбэн тохинуулахаар хүчин зүтгэж байна

Афганистанд дайны байдалтай байгаа гэсэн дуулиан олон нийтэд түгээмэл байдгийг ирснээсээ хойш мэдэрч байна. Уулзсан хүн бүхэн л "За байдал ямар байна. Буудуулж үзэв үү" гэх янз бүрийн асуултаар булах юм. Төрийн шагналт яруу найрагч З.Дорж 1987 онд энэ улсад очоод ирэхдээ "Душманд буудуулсан нь" гэсэн шүлэг бичсэн байдаг. Афганд сүүлийн гурван сард 52 халдлага болжээ. Нэг сарын дотор 52 зэвсэгт халдлага үйлдэнэ гэдэг бага тоо биш нь ойлгомжтой. Энэ улсад хар тамхины үйлдвэрлэл, ядуурал, омог аймаг хоорондын зөрчил газар авчээ. Дэлхийн хар тамхины наймааны 80 гаруй хувийг Афганистан дангаараа эзэгнэдэг гээд бодоход аймшигтай. Эвслийн цэргийн удирдлагуудын ганц эмээдэг юм нь хар тамхинд цэргүүдээ оруулчих вий гэсэн айдас байх юм. Захын нэг афган нөхөр ирээд л "Хэдхэн доллар аа хө" гээд бүтэн уут героин шиддэг гэж байгаа юм. Манай дайчдын хувьд хүн төрөлхтний айдас болоод байгаа тэр муу зуршлаас харин ч нэг хөндий нь сайхан юм даа. Тэр хар тамхины ургамал нь ямар ч тордлогогүйгээр багсайтал ургадаг болохоор мянга сайхан амьдралын баталгаа амлаад, үнэгүй эмнэлэг, сургууль барьж өгөөд ч хар тамхины наймааг зогсоож дийлэхгүй байгаа гэсэн. Талибанчууд "Ард иргэд болон дэд бүтцийг тэсэлж дэлбэлдэг халдлагаа зогсоож, эвслийн цэргийн эсрэг үйл ажиллагаагаа ихэсгэнэ" гэсэн мэдэгдлийг сүүлийн үед гаргах болжээ. Энэ нь шашин шүтлэг нэгт ахан дүүсийнхээ нөмөр нөөлгийг алдах вий гэсэн болгоомжлол ажээ.

Осама бин Ладений толгойлсон бүлэглэл АНУ-д ихэр цамхгийг дэлбэлсний дараа Ерөнхийлөгч Жорж Бушийн тэргүүлсэн Засгийн газраас Афганистан улсын тухайн үеийн Талибаны засаг захиргаанд таван заалттай тулган шаардлага өгчээ. Энэ тулган шаардлагад Аль-Кайдагийн бүх удирдагчийг барьж, АНУ-д шилжүүлэн өгөх, Афганистаны шоронд байгаа гадаадын иргэдийг суллах, террористуудыг бэлтгэж буй сургалтын хуарангуудыг хаах, террористууд болон тэднийг дэмжигчдийг баривчилж холбогдох байгууллагуудад шилжүүлэх, бүх террорист хуарангуудад АНУ-ын мэргэжилтнүүд шалгалт хийх боломж олгох гэсэн заалтууд багтсан байжээ. Афганчууд америкчуудын үгийг тоолгүй, хатуу чих гаргасан учраас 2001 оны аравдугаар сарын 7-нд АНУ, Их Британи улсууд Талибаны зэвсэгт хүчин, Аль-Кайдагийн байрлалыг агаараас бөмбөгдсөнөөр үндсэндээ дайн эхэлжээ. Ерөнхийлөгч Хамид Карзай сөрөг хүчний дайчдыг энх амьдралд шилжүүлэх талаар багагүй ажил хийж байгаа юм байна. Тэрээр "Аль-Кайда"-тай хамтран ажиллахаас татгалзсан Талибаны дайчдад Засгийн газраас өршөөл үзүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм. Тэр ч байтугай зэвсэгт тэмцлээс татгалзсан Талибаны дайчдад зориулсан олон сая ам.долларын "Итгэлийн сан" байгуулах шийдвэр гаргасан. Харамсалтай нь Талибаны хөдөлгөөнийхөн энэ саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэн, гадаадын цэргийг гаргахаас нааш эвлэрлийн ширээнд суух боломжгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Ийм ч учраас Афганистанд АНУ-ын тэргүүлсэн терроризмын ҮҮР уурхайг устгах зорилго бүхий "Тогтвортой эрх чөлөө", энхийг сахиулах чиглэлтэй Аюулгүй байдлын тусламжийн олон улсын хүчин гэсэн цэргийн хоёр ч ажиллагаа явагдаж байна. НАТО-гийн болон төслийн гишүүн 44 орон цэргээ Афганистанд илгээж хандивласан цэргийнхээ тоогоор Монгол эхний аравт албан ёсоор бүртгүүлээд байгаа нь НҮБ, соёлт хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн баталгаа билээ. Эвслийн цэргийн хүчин 2009 онд 520 хүнээ алдаж, энэ он гарсаар 144 дайчин амь насаа алджээ.

 

Цагийн байдал ороо бусгаа байгаа ийм л үед Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдын Афганистанд хийсэн айлчлал онцлог байлаа. Кабулын нисэх онгоцны буудлын тусгай өрөөнд Афганистан дахь Монгол цэргийн багийн захирагч, үндэсний ахлах төлөөлөгч, дэд хурандаа Д.Жавхланбаяр, АНУ-ын армийн төлөөлөгчид угтсан юм. Тэд бидэнд сум нэвтэрдэггүй хантааз, дуулга авчирчээ. Хантааз нь 12 кг, дуулга таван кг. Эхэндээ ч хүнд оргиод, хөлс цутгаад бэрх л байсан. Хаашаа л явна өмссөөр байгаад харин сүүлдээ дасчихаад тайлахаар салхи сийгэх шиг санагдаж байлаа. Энгийн хүний нүдээр харахад цэргийн амьдрал эрх чөлөөгүй ч юм шиг сэтгэгдэл төрөх юм. Хүн ер нь их сониуч амьтан. Үхэл хажууд байгааг анзааралгүй явсаар хорвоог бардаг байх. "Ийм тайван байхад юун ч сүртэй юм" гээд Улаанбаатарынхаа гудманд байгаа юм шиг гарч зураг дармаар, хүн зонтой уулзмаар санагдана. Нисэх буудлаас Кабулын ногоон бүс болох "Эгтерс" бааз руу долоон км-ийн хөдөлгөөн үйлдэв. Сум нэвтэрдэггүй шил бүхий байлдааны тусгай жийп гаргажээ. Жолооч, машины дарга нар бүгд америк. Урд, хойтох машинуудтайгаа хором бүрт холбоо бариастай. Гар хийцийн тэсрэх төхөөрөмжтэй амиа золиослогч хаанаас ч хамаагүй гарч ирээд бөмбөг тэсэлчихдэг учраас хамгаалалтыг өндөр хэмжээнд байлгахаас аргагүй байдаг биз. Жийпний бүүдгэр цонхны цаана Афганы хувьд жирийн л амьдрал хөвөрнө. Эрс нь урт цагаан цамц, өмд хослуулсан харагдана. Ядуу хүмүүс юм байлгүй нөгөө цагаан хослол бор болтлоо харласан ч байх юм. Хүүхнүүд нь хар, цэнхэр өнгийн гивлүүрээр нүүрээ битүү хулдаад осолдохгүй л нэг л сайхан бүсгүй явж байгаа даа гэсэн сэтгэгдлийг үлдээнэ. Расул Гамзатовын "Миний Дагестан"-д гивлүүртэй бүсгүй авчирч хуримаа хийсний хойно сөхвөл шүдгүй эмгэн гарч ирсэн тухай гардаг. Афганд бол тэр гивлүүрийн цаана шүдгүй эмгэн байтугай тэсрэх бөмбөг ч байж магадгүй л юм билээ. Ер нь эмэгтэй хүний эрхийг маш их "дээдэлдэг" газар л даа. Хүүхнүүд эр нөхрөөсөө өөр хүнд бугуйнаасаа хойших, шагайнаасаа дээших, цээжин тус газраа харуулдаггүй номгой гэх, Сүүлчийн зөнч Мухаммед тэгж айлдсан гээд энэ ёс заншилдаа харин ч нэг хир халдаахгүй дээ, хөөрхий. Зурагтаар энэтхэг кино гарлаа гэхэд цээжин тус газар нь жаахан л ил гарвал дөрвөлжлөөд л жирэлзүүлчихнэ. Кабулын телевизээр Америкийн элдэв янзын кино гарвал ёстой жинхэнэ "дайн" болох байх аа.

 

Л.Болд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бригадын генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Ерөөлцэнгэл нарыг "Эггерс" бааз дээр хүрэлцэн очиход манай цэргүүд төрийн дууллаа эгшиглүүлэн, хүндэт харуул жагсан хүлээж авсан юм. Ер нь АНУ, Герман болон бусад улсын цэргийн удирдах албаныхан "Танай Монгол цэргүүд л жинхэнэ армиар амьсгалах юм аа" гэж ярихыг олонтаа сонсч байлаа. "Цэргийн сүр жагсаалдаа" гэдгийн сонгодог жишээг тэд үзүүлж байгаа болохоор арга ч үгүй л дээ. Цэргийн баяраар монгол цэргүүд маань гардан тулааны үзүүлэх сургууль, жагсаалаа сонирхуулахад гадаадынхны нүд орой дээрээ гарч. Германы сувгаар цацагдан олон нийт нь талархалтай хүлээж авчээ. "Эггерс"-т манай 132 хүнтэй цэргийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Тэд маань тэнд таван сар гаруй болсон ч нүдэндээ цогтой байна. "Эх орон руугаа буцахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Юухан байх вэ" гэж тэд өгүүлж байлаа. Кабулын төвд оршдог "Эггерс" баазыг зүйрлэн хэлбэл хулгана ч юм уу, шоргоолжны үүрийг санагдуулам шигүү байрлалтай. Нарийхан гудмуудтай. Монголчууд маань "Эггерс" цэргийн бааз дотор монгол гэрээ аваачиж бариад, Чингэс хаантай хивс хойморт нь залж, Намсрай бурхнаа гүнгэрваалан тахисан байна лээ. Цагаан сараар бүхий л цэрэг, дарга насны эрэмбэ, ёсны эрхмээр тохой зөрүүлэн золгоцгоосон байна. Цэргүүдийн хоолны хангалт өөрийн сонголттой дээд зэргийн рестораны ангилалд багтана. Дуртай хоол, ундаагаа сонгож авдаг юм билээ. Шөнө дунд ч ресторан нь ажиллаж л байна. Афганистаны "Бурхан" хамгаалалтын албаныхан манай цэргийн багийн гадна талын хамгаалалтыг хариуцах юм. Монгол Улсаас Афганистанд энхийг сахиулж буй цэргийн анхны багийн төлөөлөл болсон ажиллагааны офицер, дэд хурандаа С.Түвшинбаяртай уулзаж ярилцлаа.

 

-Та гадаад улс оронд хэд дэх удаагаа үүрэг гүйцэтгэж байгаа бол?

-Би гадаадад дөрвөн удаа үүрэг гүйцэтгэж байна. Иракт явж байлаа.

НҮБ-ын ажиллагаанд хоёр удаа явж байсан Афганистанд таван сар боллоо. Афганистантай 1979-1989 он хүртэл ЗХУ дайтсан. 1989 онд дайн дууссаны дараагаас иргэний дайн дэгдсэн юм билээ.

 

-Афганистаны байдлыг бусад улс оронтой харьцуулахад ямар байна?

-Дайн болсон Ирактай л төстэй нөхцөл байдалд байна даа. Биднийг ирснээс хойш манай цэргүүдийн харуулын байрнаас 400 метрийи зайтай дэлбэрэлт болсон. Бидний үүрэг баазынхаа тайван байдлыг хангах үүрэгтэй.

 

-Афганд сүүлийн гучаад жил дайн тулаантай байлаа. Эндхийн хүүхэд багачууд хүртэл дайныг энгийн л нэг байдаг зүйл гэж ойлгодог байх. Харин таны хувьд айдас байдаг уу?

-Наад асуулт чинь харьцангуй ойлголт л доо. Бид айдаггүй гэж худлаа яриад яахав Хамгийн хэцүү нь энд шууд улаан нүүрээрээ тулалддаггүй ч гэсэн гэнэт унадаг дугуйтай, мотоцикльтой, машинтай нэг нөхөр хажууд ирээд өөрийгөө дэлбэлчихвэл яах вэ гэсэн сэрэмж байнга бидэнд байдаг. Ийм нөхцөлд амь нас маань өнгөрнө шүү дээ. Манай цэргүүд харуулд ирэх буцахдаа байнга зам хөндлөв гардаг. Амиа золиослогчид дийлэнхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж дэлбэлдэг. Тиймээс цэргүүддээ унадаг дугуй, машин, мотоцикльтонгуудаас болгоомжил гэж байнга захих юм. Нэг аюултай юм нь нөгөө эвгүй нөхдүүд чинь гэдсэндээ тэсрэх бодис зүүгээд эвслийн цэрэг бидний дунд ирээд дэлбэлэх магадлал өндөр байдаг. Иймээс бид ухаантайгаар энэ бүх аюулаас "эмээх" ёстой болдог.

 

-Эх орноосоо гараад таван сар гаруй болж байгаа юм байна. Ар гэрээ санаж байна уу?

-Би таван хүүхэдтэй хүн. Том хүүхэд маань 23, бага маань 12 настай. Бас болоо ч үгүй залуугаараа өвөө болчихсоон. Ар гэртэйгээ сард нэг удаа 10 минут ярих эрх бидэнд байдаг юм аа.

 

-Та энд ямар үүрэг гүйцэтгэж байна?

-Би энэ бааз дахь монгол цэргүүдийнхээ ажиллагааг хариуцдаг. Харуул хамгаалалт, баазын аюулгүй байдлыг яаж хангах вэ, тэсрэх бодистой машины халдлага, пуужин харвалтын үеэр яах вэ тэр бүхнийг л хариуцаж төлөвлөгөө боловсруулж, дээд удирдлагадаа танилцуулах үүрэгтэй хүн.

 

-Монголд бямба, ням гаригт амардаг даа. Энд яах вэ?

-Афганчууд тав дахь өдөр амарч, хагас, бүтэн сайнд ажилладаг. Бидний хувьд амралтын өдөр гэж байхгүй дээ.

 

-Монгол цэргүүд маань зургаан сарын үүрэг гүйцэтгэхдээ дунджаар 3600 ам.доллартай харьдаг юм байна. Офицеруудын хувьд арай илүү цалинтай биз?

-Та мэдэж байгаа байлгүй дээ. Манай цэрэг дарга ялгаагүй яг л адилхан мөнгө авдаг. Үүнийг хойшид манайхан анхаарч байхад илүүдэхгүй юм шиг байна лээ. Бид төрийн төлөө явж байгаа улс. Мөнгө төгрөг нь хамаа байхгүй ээ.

 

-Эх оронч үзэл гэдгийг та юу гэж боддог вэ?

-Манай цэргийн багт гадаадад сургууль төгссөн, үүрэг гүйцэтгэсэн олон хүн багтаж байгаа. Эх орныхоо нэрийг гаргаж дайн байлдаантай ийм бүс нутагт үүрэг гүйцэтгэнэ гэдэг үнэхээр бахархалтай явдал.

 

-Манай эрчүүдийг архичин, амьдралаа авч явж чаддаггүй л гэдэг. Гэтэл гадаадад ажиллах юм уу, үүрэг гүйцэтгэхээрээ магтагдаад байдгийн учир юу байдаг юм бол?

-Би 25 жил цэргийн алба хаасан хүн. Түүх судлах дуртай. Анзаараад байхад их Чингэс хааныхаа нэрийг боддог монгол хүний онцлог гэж байна. Дээр нь байгаль нь ч их эрс ширүүн уур амьсгалтай юм. Амьдрал ахуй ч ний нуугүй хэлэхэд хэцүү шүү дээ. Энэ бүх байдлаас ангижраад өндөр хангамжтай гадаадын цэргийн бааз дээр ирлээ гэхэд амьдрах ухааны хувьд хол тасархай нь анзаарагдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.