С.Эрдэнэ: Дахин визжүүлэх асуудлыг нааштай хүлээж авсан
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй гишүүд Бүгд найрамдах Солонгос улсад айлчлалаар яваад ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Энхбат, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Д.Одхүү, Х.Хаянхярваа, Д.Тэрбишдагва нар багтсан юм.
Солонгос улсын Үндэсний Ассамблейн урилгаар өнгөрсөн сарын 22-26ны өдөр айлчлаад ирсэн. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан байна. Тухайлбал, уул уурхай, төмөр зам дэд бүтцээр дорвитой ажил хийхээр ярилцжээ. Мэдээж айлчлалын хамгийн чухал нь Солонгос улсад амьдарч байгаа монгол иргэдийн талаар байсан. Тус улсад амьдарч байгаа монгол иргэд ч тэднээс энэ талаар анхаарал хандуулан ажиллахыг хүссэн аж. Мөн томоохон эмнэлэгтэй хамтарч ажиллах талаар ярилцсан байна. Хэрвээ энэ шийдэгдэж чадвал тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч чадах аж. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал монголчуудын төлөө байсан гэж айлчлалын бүрэлдэхүүн хэллээ. Солонгос улстай харилцах манай улсын харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа энэ үед хүний төлөө ажиллах хэрэгтэйг УИХ дарга харуулж чадсан.
Монгол улс уул уурхай, шазар доорх баялагаараа дэлхийн улс орны чихийг хэдийнэ дэлгийлгэсэн байгаа. Тиймээс гадаадын олон улс орнууд энэ салбарт хамтран ажиллахыг хүсэх болсон. Солонгос улс ч уул уурхайн салбарт манай оронтой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа айлчлалын үеэр дуулгажээ. Мөн уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах үүднээс тус улсын 10 томоохон компани нэгдэж манайд тусламж үзүүлэхээр болсон аж. УИХ-ын гишүүн Д.Энхбатын хувьд олон улсын айлчлалд анх удаа явж байгаа аж. Түүний хувьд энэ айлчлал ихээхэн үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цөөн зүйл тодрууллаа.
-Солонгост “хар”-аар ажиллаж амьдарч байгаа монголчуудад дахин виз олгох асуудлыг айлчлалын үеэр тавьсан. Энэ ажил болох боломжтой юу?
-Монголчууд маань ахуй амьдарлаа дээшлүүлэх гэж л тийшээ явж байгаа. Хууль зөрчсөн ч бай нэгэнт тус улсад амьдарч байгаа хүн дуртайдаа лав тэгж амьдрахгүй байх. Эдгээр хүмүүсийг төрөөс анхаарах ёстой. Хууль зөрчсөн гээд тэдгээр хүмүүсийг орхигдуулж болохгүй. Монголын төр иргэдийнхээ төлөө үйлчлэх үүрэгтэй. Тиймээс энэ тал дээр анхаарахаар ажилласан. Айлчлалд явсан төлөөлөгчдийн хувьд УИХ-ын даргад энэ талаар айлчлалын явцад байнга сануулж байсан. Солонгост албан болон албан бусаар ажиллаж байгаа монгол иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн асуудлыг бүх шатанд тавиарай гэж УИХ-ын даргатай ярьж байсан. Монгол, Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Солонгос улсад “хар”-аар ажиллаж байгаа 12 мянган монголчуудад нэг удаагийн виз олгооч гэж санал тавьсан.
-Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн залуусын хувьд эх орондоо ирэхэд ажлын байр хэрэгтэйг хэлдэг. Ажлын байрыг бий болгох, тэднийг мэргэшүүлэх тал дээр хэрхэн ажилласан бэ?
Тус улсад манай 35 мянган монголчууд бүх салбарт нь ажиллаж байна. Солонгос бол өндөр технологи хөгжсөн орон. Гэтэл бид энд техник мэргэжлийн сургууль барина гэж яриад байна. Гэтэл манай 35 мянган иргэн ажиллаад, мэргэжил эзэмшээд, техник технологид мэргэшиж байна. Харин бид үүн дээр анхаарах хэрэгтэй. Ер нь цаашид Солонгосын тал манай улсад их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ингэлээ гэж үзвэл Солонгост ажиллаж байсан бэлтгэгдсэн боловсон хүчин бидэнд байх хэрэгтэй. Үүнийг баталгаажуулахын тулд нэг санал тавьсан. Энэ нь нэг жилээс доошгүй хугацаанд Солонгос улсын аль нэг салбарт ажилласан монголчуудад мэргэжлийн сертификат олгох юм. Энэ нь нэг талаар хувь хүний үнэлэмж өндөрсөнө, эх орондоо ирээд ажиллаж байсан салбартаа ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Нөгөө талаар ирээдүйд Солонгос улс манайд хөрөнгө оруулт хийж, манайд том үйлдвэр бий болвол ажиллах хүчин шаардлагатай. Тэр тохиолдолд Солонгос хэлтэй, мэргэжилтэй хүн шаардлагатай. Харин тэр үед нь сертификаттай иргэд энэ салбарт гарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ чиглэлээр санал тавьсан. Эдгээр асуудлыг шийдэж чадвал, бидэнд их нааштай хандлага гарах юм.
-Монголчуудад дахин виз олгох асуудалд Солонгос улсын тал ямар байр суурьтай байна вэ?
-Солонгос улсын Үндэсний ассамблейн дарга энэ асуудлыг парламентаар авч хэлэлцэж энэ талын бүх дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ амлалсан. Мөн дөрвөн байнгын хорооны дарга нарыг тусд нь хүлээн авч ярилцсан. Уулзалтын үеэр байнгын хорооны дарга нар энэ тал дээр анхаарахаа амласан. Үндэсний ассамблейн гишүүдтэй бид уулзаж байхдаа байнга энэ саналыг тавьж байлаа. Бидэндтэй уулзсан хүн бүр энэ асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан.