2010.03.18

Л.Болд: Зэвсэгт хүчний шинэчлэлийн томоохон алхмууд хийгдсэн нь том амжилт

Батлан хамгаалахын сайд Л.Болдтой уулзаж ярилцлаа.

-Өнөөдөр зэвсэгт хүчний 89 жилийн ойн өдөр, танд баярын мэнд хүргэе. Бас энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна...

-Баярлалаа. Эзэн Чингэс хааны байгуулсан Их Монгол Улсын төрийг үргэлжлүүлэн, 1921 оны гуравдугаар сарын 18-нд шинэ үеийн Монгол улсын зэвсэгт хүчин байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр 89 жилийн ойн өдөр. Энэ ойгоороо нийт цэрэг, дайчдадаа болон хилийн чанадад халуун цэгүүдэд үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдадаа баярын мэнд дэвшүүлье. Бас Монголынхоо нийт эрчүүдэд энэ мэндчилгээг хүргэе. Учир нь эр хүн бүр эх орноо хамгаалагчид юм.

-Батлан хамгаалах салбарт гарсан хамгийн том ахиц дэвшлийг юу гэж бодож байна?

-Бид өнгөрсөн богино хугацаанд зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх тал дээр нэлээд анхаарал тавьж ажилласан. Монгол Улс орчин үеийн зэвсэг техниктэй, үүргээ гүйцэтгэх чадвартай армитай байх ёстой гэж боддог. Энэ тал дээр томоохон өөрчлөлт гарсан. Ялангуяа багийн довтолгооноос хамгаалах цэргийг болон цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэх, зэвсэг техникийг орчин үеийнхээр шинэчлэх буюу материаллаг баазыг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшлүүд гарсныг тэмдэглэхэд таатай байна. Мөн монгол цэргийн олон талт үүрэг гүйцэтгэх зорилтод маш том өөрчлөлт гарсан. Ялангуяа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог томоохон 25 орны нэг болсон нь том амжилт юм. Мөн түүнчлэн барилгын инженерийн ангиудыг нээж, улс орны бүтээн байгуулалтаас гадна олон улсын энхийг сахиулах бүтээн байгуулалтын ажилд оролцох энэ чиглэлээр томоохон өөрчлөлт гарна. Цэргийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц өөрчлөлт гаргахаар ажилласан. Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах, нийгмийн баталгааг нь дээшлүүлэх, ирээдүйдээ өөдрөг хандах, улс орны бүтээн байгуулалтад оролцох, цалин орлогыг нэмэгдүүлэх гээд энэ бүх зүйл дээр томоохон амжилтууд олж байгаа. Зэвсэгт хүчний хөгжлийн сан байгуулж, эдгээр өөрчлөлт гарах чиглэлээр ажиллаж байна. Тодорхой болсон асуудлууд гэвэл энэл Цаашлаад мэдээж олон ажил бий.

-Тэгвэл та энэ салбарынхаа ирээдүйгхэрхэн харж байгаа вэ?

-Аливаа улсын батлан хамгаалах салбар чадвартай байх ёстой. Нэг талдаа бүтээн байгуулж болно, улс орон хөгжиж орлого орж, ашиг нэмэгдэж болно. Нөгөө талдаа ололтоо хамгаалах, улс орны аюулгүй байдлыг хангах нь тэргүүн ээлжийн зорилт. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд батлан хамгаалах салбар өөрөө асар хурдацтай, давшингуй хөгжих шаардлагатай. Үүнийгээ бид үнэхээр өөдрөгөөр харж байна. Олон тулгуурт гадаад бодлого, Монголын дотоодын нөхцөл шаардлага, ер нь олон улсын аюулгүй байдлын шаардлага зэрэгт үндэслэсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх бололцоо их ойрхон байна.

-Тантай уулзсаных асуухгүй байхын аргагүй нэг асуудал байна. Хил дээр цэргүүд яагаад буудалцаад бас амиа хорлоод байна вэ. Энэ салбарыг удирддаг хүний хувьд та ямар тайлбар хэлэх вэ ?

-Нэлээн хэдэн жилийн өмнө УИХ-аас Хилийн цэргийн удирдах газрыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалуулах болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Хилийн цэрэг нь зэвсэгт хүчний нэг бүрэлдэхүүн гэдэг утгаараа зэвсэгт хүчинд байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу хамааруулж ярьж байна. Ингэх нь ч зүй ёсных байх, энэ салбарыг хариуцаж байгаа хэнийг ч хамаатуулна. Яг тэр байгууллагын хувьд тэндхийн дүрэм журмыг ярьж, дотор нь орох бололцоо байхгүй. Манай яамны хувьд би сайд болоод хамгийн түрүүн авсан арга хэмжээ бол нийт зэвсэг техникийг тоолж, гарсан бүх зөрчлийг сайдын зөвлөлөөр авч хэлэлцсэн. Маш тодорхой хяналттай, дүрэмтэй журамтай болгоод энэ талаар гарч болох бүх сөрөг үр дагаварт хатуу арга хэмжээ авсан. Нэлээн томоохон шийдвэрүүдийг ч гаргаж байсан. Тийм болохоор бид энэ тал дээр харьцангуй хяналтаа чангаруулж, дүрэм журмаа мөрдүүлж ажиллаж чадаж байгаа. Гэхдээ цэрэг ослоор нас барахаас эхлээд янз бүрийн золгүй тохиолдлууд гарч байна. Энэ бүгдэд тэр хүний буруу гэж хаяж байгаа зүйл ер байхгүй. Маш хатуу хариуцлага тооцож байгаа, тодорхой арга хэмжээ авч байгаа, өөрсдөдөө ч дүгнэлт хийж ажиллаж байна. Ямар ч цэргийн амь нас, эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавин ажиллах болно гэдгийг хэлмээр байна.

-Хилийн цэргийн удирдах газар нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагдах болсон нь буруу юу, зөв үү?

-УИХ-аас шийдсэн асуудал учраас төрийн албан хаагчийн хувьд дүгнэж хэлэх бололцоогүй. Энэ бол УИХ-ын шийдвэрлэх асуудал.

-Хэрэв харьяалал нь өөрчлөгдөөгүй байсан бол хил дээр буун дуу гарах байсан болов уу, эдгээр нь яг юутай холбоотой вэ?

-Цэргийн байгууллагад алдаа дутагдал гардаг. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зөрчил гаргахгүйн төлөө бүхий л зүйлийг хийх ёстой. Цаашид илүү чармайж ажиллах ийм шаардлагыг тавьж ажиллаж байна. Харин харьяаллын тухайд тэгж тааж хэлж болохгүй юм. Хуулиар шийдэгдсэн асуудалд тийм нөхцөлд, ийм байдалд гэж таах нь зарчимгүй хэрэг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.