Хууль зүйн салбарыг бэхжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНСУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун нар
2016.09.15

Хууль зүйн салбарыг бэхжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНСУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд  ноён У Сун БНСУ-ын Парламентын сонгууль энэ оны 4-р сард болсныг дуулгаад Монгол Солонгосын парламентын бүлгийн идэвхтэй гишүүн С.Бямбацогт ХЗДХ-ийн сайд болсонд баяр хүргэв. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Бидэнд хамтын ажиллагааны арвин баялаг туршлага бий. Хоёр орны хууль эрх зүйн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна.

Монгол Солонгосын хооронд хууль зүйн салбарын хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэмт этгээд, ялтан шилжүүлэх, иргэний болон худалдааны салбарт эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг гэрээ хэлцэл байгуулагдан амжилттай хэрэгжиж байна” гэв.

Мөн өнгөрөгч 7 хоногт хаалтаа хийсэн УИХ-ын  ээлжит бус чуулганаар МУ-ын Засгийн газрын Мөрийн хөтөлбөр батлагдсан болохыг дурдаад тус баримт бичигт засаглалын бодлого, хууль эрх зүйн хүрээнд тодорхой зорилт тусгагдсаныг тэмдэглэв. Энэ хүрээнд 2020 он хүртэл гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хариуцлага, ёс зүйг  дээшлүүлэх асуудлаар тодорхой бодлого дэвшүүлсэн гэлээ.

Үүнтэй холбоотойгоор аж ахуй, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжих тодорхой бодлого дэвшүүлсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын талтай үр дүнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэв. Тухайлбал БНСУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр 4 салбарт 44 сая ам долларын төсөл хэрэгжүүлэх санал тавиад байгааг дуулгав.

Төслийн хүрээнд Архивын Ерөнхий Газрын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, ХСИС-ийн 3 мянга гаруй сонсогчдод зориулсан сургалтын лаборатори байгуулж, техник тоног төхөөрөмжөөр хангах, шүүх шинжилгээний байгууллагыг чадавхижуулах, Цахим хяналт удирдлагын төв байгуулах чиглэлээр урьдчилсан тохиролцоонд хүрснийг хэллээ.

Тиймээс дээрх төслүүдийг ойрын хугацаанд ажил хэрэг болгож хурдавчлахад дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд У Сунаас хүслээ.

Түүнчлэн хоёр орны шүүхийн шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэргэд ДНХ-гийн лабораторийг бүрэн шинэчлэх төсөл хамтран хэрэгжүүлэх санал тавив.

Тэрчлэн Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн системийг бүрэн цахимжуулах, хууль зүйн салбарт ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, боловсон хүчин сургах, солилцох тал дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөв. Сайд С.Бямбацогт МУ-д үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын хөрөнгө оруулагчид, ажил бизнес эрхлэгчдийг хууль эрх зүйн хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд У Сун  хоёр талын хамтран хэрэгжүүлэх төслийг БНСУ-ын Экспорт Импорт банк хариуцаж байгааг онцлоод тус банкны төлөөлөгчид ирэх 7 хоногт МУ-д ирэх болсныг дуулгав. Мөн Монголын талаас тавьсан саналаас эхний ээлжинд 2 төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болсныг танилцууллаа. Түүнчлэн МУ-ын хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийг КОЙКА-гийн шугмаар сургах боломж бүрэн дүүрэн бий гэлээ.

Элчин сайд МУ-д ажиллаж амьдарч буй солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарал тавьж байгаад талархал илэрхийлээд гадаадын хөрөнгө оруулагчдын МУ-д оршин суух зөвшөөрөл 1 жил байсныг 3 жил хүртэл сунгасан хуулийн заалтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.  Талууд өнгөрөгч онд 2 талын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон бол энэ онд хоёр орны төрийн тэргүүн харилцан айлчлал хийсэн нь ихээхэн үр дүнтэй болсныг тэмдэглэлээ.