Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.09.15

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, УИХ-аар батлуулсан гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд хэлээд хөтөлбөрт тусгасан зарим төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.

 Тэрээр газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгох, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх,  гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, 1072 хувьцааг амилуулах, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн шинжтэй арга хэмжээ гээд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх олон амлалт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлов. 

Хүнд нөхцөлд байгаа эдийн засгаа богино хугацаанд сэргээж тогтворжуулах төлөвлөгөөг ойрын үед боловсруулж гаргана. Энэ ажил маань салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсохоос эхэлж байна.  Ийм уулзалтыг жил бүр зохион байгуулж, үр дүнг дүгнэнэ гээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхаасаа ийм жишгээр ажилласнаа хэллээ.

Хүндрэлтэй энэ үед бие биеэ дэмжих ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг аль болох авч хэрэглэж байхыг уриална гэлээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Итгэлийн зээл” олгож, үйлдвэрлэл эрхлэх бололцоогоор хангана. Ахмад настнууддаа “Насны хишиг” тэтгэврийг  олгохоор төлөвлөж байгаагаа ч тодотголоо.

Үйлдвэр, хөтөлбөр, төслийн тоо замбараагаа алдсан. Эрчим хүчний салбарт гэхэд л 68 төсөл, хөтөлбөр боловсруулсан байна. Бүгдийг нь хэрэгжүүлбэл Монгол Улсын эрчим хүч өнөөдрийн байгаагаас 20 дахин нэмэгдэхээр. Ийм замбараагүй, цаг хугацаа алдсан зүйлд мөнгөө үрэн таран  хийж таарахгүй. Үүнийг цэгцэлж, нэг салбарт 3-5 том үйлдвэр байгуулах саналаа боловсруулж танилцуулахыг салбарын сайд нартаа үүрэг болгосон. Энэ ажлын үр дүнгээр сайд нарын ажлыг дүгнэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Манай улсын 133 мянган аж ахуйн нэгжийн 60 гаруй мянга нь хаалгаа барьсан. Эдгээрийн үйл ажиллагааг сэргээх, хуулийн зөрчилтэй бол түүнийгээ шийдэх боломж олгох зэргээр тэдэнд хандсан арга хэмжээ авч байгааг дуулгалаа.

Ерөнхий сайд өнөөдөр үдээс хойш Цагааннуур, Шаамар суманд ажиллаж,  тариаланч, ногоочидтой уулзалт хийж, зарим компани аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ургац хураалтын явцтай танилцах юм