Зохион байгуулалтын асуудлаас болж цаазаар авах ялыг халах, эрүүдэн шүүхтэй тэмцэх ажлыг хойшлуулах ёсгүй
Монгол улсын шинэ Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн 2017 оны долдугаар сар хүртэл бараг 1 жил хойшлуулж байгаад Эмнести Интернэшнл сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, энэ шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна.
Эмнести Интернэшнл 2016 оны 9 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Эрүүгийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсныг талархан хүлээн авсан билээ. Шинэ Эрүүгийн Хууль нь цаазаар авах ялыг ялын төрлөөс хасч, эрүүдэн шүүхийн тодорхойлолтыг олон улсын Эрүүдэн Шүүхийн эсрэг конвенцийн заалттай нийцүүлсэн байсан юм. Энэ нааштай алхам цаазаар авах ял, эрүүдэн шүүх гэмт хэрэг Монгол Улсад байх ёсгүй гэдгийг тод харуулсан.
Гэтэл энэ оны 8 сарын 30-нд Монгол Улсын Их Хурал шинэ Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг 10 сараар хойшлуулах хуулийг батласан. Эрх баригчид үүнийгээ хуулийн байгууллагын ажилтнуудыг бэлтгэх сургалт хийх, холбогдох дүрэм, журмыг боловсруулах, шинэ Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах тогтолцоог бэхжүүлэхэд нэмэлт цаг хугацаа шаардлагатай байна гэж тайлбарласан.
Монгол Улс нь олон улсын хүний эрхийн гэрээнд гарын үсэг зурснаар дотоодын хууль тогтоомжоо үүнд нийцүүлэх, хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Үүнд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2-р Нэмэлт Протокол ч мөн багтана.
Эмнести Интернэшнлээс уг шийдвэрээ буцааж, хууль тогтоомжоос цаазаар авах ялыг халж, энэ хооронд цаазаар авах ял оногдуулахгүй байх, одоогийн хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хуулийг эрүүдэн шүүх үйлдлийг хориглосон олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэхийг Монголын эрх баригчдад хандан шаардаж байна.
Шинэ Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан шийдвэр нь 2010 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилан Монгол улсад цаазаар авах ялыг түтгэлзүүлэхээс эхлэн бүрэн халах хүртэл хийгдсэн үйл ажиллагааг дордуулж байна. Цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээг соёрхон баталснаараа эрх баригчид цаашид үүнийг үндэсний хууль тогтоомжоосоо халах, цаазаар авах ял ногдуулахгүй байх үүрэг амлалт авсан хэрэг билээ. Монгол улс цаазаар авах ялыг халсан 104 дэх орон байсан.
Цаазаар авах ялыг халахад чиглэсэн үйл ажиллагаа нь олон улсын хамтын нийгэмлэгүүдэд хүлээн зөвшөөрөгдөж, улс орнуудад туршлагаа хуваалцах боломжийг Монгол Улсад өгсөн, гэвч УИХ-ын гаргасан шийдвэр эдгээр ололт амжилтаас хойш чангааж байна. Парламентийн эргэж буцсан энэ үйлдэл Монгол Улс цаазаар авах ялыг халахаас ухарч буй алхам юм. Эмнести Интернэшнл УИХ-д хандан эрүүдэн шүүхийг хориглож, цаазаар авах ялыг халах зэргээр олон улсын өмнө авсан хүний эрхийн үүргийнхээ хэрэгжилтийг эн тэргүүнд хангахыг шаардаж байна