Салааны захирагч нар цахим сургалтад хамрагдаж байна
2016.09.28

Салааны захирагч нар цахим сургалтад хамрагдаж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын албаны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, гурван шатны сургалтын гүйцэтгэл, чанар үр дүнг сайжруулах, объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын цахим сургалтыг Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрууд, маргааш Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв,  Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий Завхан, Архангай аймгийн Онцгой байдлын газрууд тодорхой заасан цагт цахимаар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нар Онцгой байдлын Ерөнхий газрын хурлын танхимд сургалтад хамрагдах юм.

Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын цахим сургалтад зориулан “Томилгоот ээлж халалцах”, “Хорт хий утаанаас хамгаалах багны 1, 2, 3 дугаар шалгалт”, ОБЕГ, ИНЕГ-тай хамтарсан “Агаарын хөлөгт гарсан гал түймрийг унтраах тактикийн сургууль” сэдэвт видео хичээлийг төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад урьдчилан хүргүүлсэн бөгөөд цахим сургалтын үеэр Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүү салааны захирагч нарт хандан ажлын хариуцлага дээшлүүлэн албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.