2009.01.29

Ц.Даваасүрэн: Мэргэжлийн боловсролын тухай хуулийн төсөл найдвар төрүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрээр Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийн гишүүн юм. Ажлын хэсгийнхэн чуулганы завсарлагаар Япон, Солонгост ажиллаад иржээ

-Ажлын хэсгийн гишүүд Япон, Солонгосын мэргэжлийн боловсролын тогтолцоотой танилцсан гэсэн. Тэндхийнхэн манайхаас юугаараа ялгаатай, давуу байна вэ?

-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад Азийн орнуудад сонгомол загвар болж байгаа Япон, Солонгосын мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг хууль эрх зүйн орчин, сургалтын тогтолцоо, бүтэц, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор яваад ирлээ. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд эдгээр загварын ерөнхий зарчим туссан байна. Тухайлбал, хуулийн төслийн гол маргаан болсон мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоо энэ хоёр орны Боловсрол, Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн яамдын аль алинд нь байдаг. Мэргэжил, техникийн боловсрол олгох талаасаа Боловсролын яам, ажлын байр олох талаасаа Хөдөлмөрийн яамандаа сургалтын төвүүд байдаг. Манай ажлын хэсгийн гишүүд хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой түр сургалтуудыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд үлдээсэн нь зөв шийдэл болжээ. Өөрөөр хэлбэл, боломжийн хууль батлах нь гэсэн найдвар төрлөө. Япон, Солонгосын сургалтын төвүүдтэй харьцуулахад багшлах боловсон хүчин, сургалтын баазын хувьд манай улс дэндүү хол хаягджээ.
Манай сургалтын төвүүд оёдлын хэдэн машин, шавар зуурах, шавах багаж, гагнуурын аппарат, хуучирч тоногдсон суурь машинаас өөр техник, хэрэгсэлгүй шүү дээ.

-Үүнийг яаж өөрчлөх ёстой вэ?

-Цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвүүдийг бэхжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгөө олон газар тарааж цацах бус тодорхой хэдхэн чанартай сургалтын төвүүд байгуулахад зориулах хэрэгтэй гэж бодлоо. Тухайлбал, Орхон аймгийн ШУТИС-ийг уул уурхайн чиглэлээр хөгжүүлж, Дархан, Улаанбаатар, Дорнод болон баруун бүсэд барилга, засвар, үйлчилгээний чиглэлээр иж бүрэн тоноглогдсон, бэлтгэгдсэн мэргэжлийн багш нартай төв байгуулах нь үр дүнтэй байх. Одоо ажиллаж байгаа төвүүд аль ч талаасаа болохгүй байгаа учраас түр сургалттай холбоотой маргаан үүсдэг. Мөн шаталсан сургалттай дээд сургуулиудыг тодорхой мэргэжлээр инженер, техникийн ажилтан бэлтгэдэг болгож өөрчлөөд бусад сургалтуудыг хаах нь зөв. Тухайлбал, эхний хоёр жилд техникийн боловсролтой ажилтан бэлтгээд түүнээсээ сайн суралцсаныг нь шигшиж дахин хоёр жил сургаад бакалаврын зэрэгтэй төгсгөвөл сайн инженер бэлтгэж чадна. Чанаргүй инженер, эмч, эдийн засагчдыг нэгэн зэрэг бэлтгэдэг сургуулиуд манайд олон бий. Үүнийг цэгцлэхийн тулд төрийн өмчийн сургуулиудаас эхлэх ёстой болов уу. Боловсролын тогтолцоогоо одоо л цэгцэлж авахгүй бол цаг алдах тусам илүү үнээр алдаагаа засах хэрэгтэй болно.

-Боловсролын салбарт хоёр тал хамтарч ажиллах талаар ярилцсан болов уу?

-Японы Монголыг дэмжих парламентын бүлгийн гишүүд болон Японы боловсролын дэд сайдтай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцсан. Инженер, техникийн ажил-тан бэлтгэх чиглэлээр хоёр орны техникийн сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлд хөнгөлөлттэй зээл авах боломжийн талаар ярилцсан. Мөн хоёр орны холбогдох байгууллагуудтай манай мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвүүдэд шаардлагатай байгаа мэргэжлийн багш нарыг тэндхийн ахмад багш нарын холбооны шугамаар илгээх боломжийн талаар ярилцаж нааштай хариу сонслоо.

-Сургалтын зээлийн талаар тодруулахгүй юу. Хөнгөлөлттэй үнээр Японд боловсрол эзэмших боломж хэр байна?

-Хоёр орны инженер техникийн ажилтан бэлтгэдэг нэг, нэг сургуулийг сонгож аваад харилцан хамтран ажиллах гэрээг байгуулан багш бэлтгэх, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах болон оюутны сургалтын төлбөрт зориулан Японы Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах боломжийн талаар ярилцсан. Японы талаас дэмжлэг авах боломжтой юм билээ. Хэрэв энэ хөтөлбөр хэрэгжвэл, эхний 2-3 жил хамтарсан хөтөлбөрөөр Монголдоо сураад дараагийн хоёр жилд Японы сургуульд суралцаж төгсөх юм. Техник, технологийн өндөр хөгжилд хүрсэн оронтой энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэг том боломж шүү дээ. Ажлын хэсэг энэ талаар холбогдох яамдад саналаа хүргүүлнэ.

-Та тойрог руугаа хэзээ явах вэ. Хөвсгөлийн аль сумдад ажиллах гэж байна?

-Ирэх долоо хоногоос тойрогтоо ажиллана. Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох, Эрдэнэбулган зэрэг өвөлжилт хүндэрч байгаа суманд очно. Мөн аймгийн төвд иргэдтэй уулзахаар төлөвлөсөн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.