Бодлогын зээлийг хавтгайруулан, бодлогогүй олгох уршигтай
2016.10.14

Бодлогын зээлийг хавтгайруулан, бодлогогүй олгох уршигтай

Бодлогын зээл гэж юу вэ?

Засгийн газар өөрийн тэргүүлэх зэргийн ач холбогдолтой гэж үзэж буй эдийн засгийн секторуудад зээл (заримдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр) олгох явдлыг бодлогын зээл гэж нэрлэдэг. 1960-1970-аад онуудад захиргаадалтын буюу бодлогын зээл нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлогын үндсэн хэрэгсэл болж байв.

Бодлогын зээл хэрэгтэй юу?

Улс орны хөгжлийн гараан дээр зах зээлийн бүтэц бүрэлдэж тогтоогүй, төлөвшөөгүй, төгөлдөржөөгүй, хувийн салбарын институцуудын хөгжил сул дорой байдаг тул Засгийн газрын оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг, Харин зах зээл нэгэнт хэлбэр дүрсээ олж төлөвшихийн хэрээр Засгийн газрын үүрэг багасдаг. Энэ утгаараа бодлогын зээлийг зөв чиглүүлж, сайтар удирдаж чадвал улс орны хөгжилд дорвитой ахиц авчрахуйц үр нөлөөтэй байдаг. Хувийн болон олон нийтийн эрх ашиг хэт зөрөх, төслийн хөрөнгө оруулалтын эрсдэл хэт өндөр байх, мэдээллийн тэгш бус байдлаас шалтгаалан жижиг дунд бизнес зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа үед бодлогын зээл чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Гэвч бодлогын зээл олгосноор шууд хүсэн хүлээгдэж буй үр дүнд хүрсэн нь ховор байдаг. Амжилттай хэрэгжих эсэх нь олон хүчин зүйлсээс хамаардаг.

Бодлогын зээлийг хэн олгох вэ?

Инфляци болон макро эдийн засгийн тогтворгүй байдлаас зайлсхийхийн тулд бодлогын зээлийг урт хугацаат сангууд санхүүжүүлэх ёстой. Бодлогын зээлийг Төв банкнаас олгож хэрхэвч болохгүйг улс орнуудын жишээ бэлээхэн гэрчилнэ. Зарим улс оронд Төв банк үйл явцыг эхлүүлэх төдий байдлаар оролцож байсан нь инфляци болон макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж болзошгүйтэй холбоотой байв.

Бодлогын зээлийн сул тал

1960-1970-аад он хүртэл улс орнууд бодлогын зээлийг түгээмэл хэрэглэж байсан ч 1980-аад оноос түүний үр ашгийн тухай асуудал хурцаар хөндөгдөх болжээ. Бодлогын зээл нь санхүүгийн салбарын урамшууллын болон татварын гажуудлыг дагуулдаг нь нэгэнт тодорхой болов.

Ийм зээлийг хавтгайруулан, тооцоололгүй олгодог болсноор капиталд тулгуурласан технологи бүхий төслүүд хэт олшрох, зориулалтын бус зарцуулалт, шамшигдуулалт бий болох, тэргүүлэх салбарт харъяалагдахгүй зээлдүүлэгчдийн хувьд эх үүсвэрийн өртөг нэмэгдэх, санхүүгийн сахилга бат суларснаар эргэн төлөлт муудах, чанаргүй болох, төсвийн алдагдал үлэмж хэмжээгээр нэмэгдэх сөрөг үр дагавар бий болов. Үүгээр зогсохгүй бодлогын зээл амь бөхтэй, түүнийг зогсоох нь амаргүй алхам гэдэг нь илт болсон юм.

Эх сурвалж: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төсөл