Багш нар сүлд дуутай боллоо
2016.10.05

Багш нар сүлд дуутай боллоо

Засгийн газрын 2013 оны “Түүхэн ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам батлах тухай” 412 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2014 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр Монголын багш нарын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Уламжлал ёсоор 2016.10.05-ны өдөр “Монголын багш нарын өдөр”-ийг 50 дахь жилдээ УДБЭТ-т ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ. 

Энэ өдөр Ш.Эрдэнэбатын ая,  Ж.Бадраагийн үг  “Багшаа дуулъя”  дууг БСШУС-ын сайдын тушаалаар монголын багш нарын сүлд дуу болгосныг  зарласан юм.

2016 оныг Нэгдсэн үндэсний байгууллагаас “Тогтвортой хөгжил-2030” нэрийн дор ”Багш нарын үнэлэмж, тэдний статусыг дээшлүүлэх” жил болгон зарласан нь  “Дэлхийн Багш нарын 22, Монголын багш нарын 50 дахь өдөр”-ийн арга хэмжээний нэг онцлог болоод байна.   

Энэ жил уламжлал ёсоор “Монголын Багш нарын 50 дахь өдөр”-ийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь “Оны тэргүүний багш, Улсын тэргүүний цэцэрлэг сургууль”-ийг шалгаруулж, шалгарсан багш, байгууллага хамт олны ажлын амжилт, үр дүнг үнэлж, урамшуулах, багшийн шилдэг заах арга зүйг сурталчилсан төдийгүй НҮБ-аас дэвшүүлсэн “Багшийн үнэлэмж, статусыг нэмэгдүүлэх, сайжруулах” зорилттой зайлшгүй уялдаж байгаагаараа онцлог байв.

2015 оны Боловсролын чанар, сургалтын орчин, багшлах боловсон хүчин, бүтээлч хамт олныг төлөвшүүлсэн ажлын амжилтаараа,  

“Оны тэргүүний багш”-аар:

  • Сэлэнгэ аймгийн 4 дүгээр сургуулийн биологийн багш Г.Цолмон
  • Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Боловсрол цогцолбор” сургуулийн бага ангийн багш Б.Ундрал
  • ХААИС-ийн тэнхмийн эрхлэгч Д.Баатархүү
  • АШУҮИС-ийн багш Н.Баясгалан
  • Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс

“Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр:

  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Алимаа эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэг
  • Хэнтий аймгийн хэрлэн сумын Б.Энхтуяа эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэг
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ж.Ариунаа эрхлэгчтэй “Гацуурхан” цэцэрлэг
  • Увс аймгийн Улаангом сумын Ц.Пагмаа эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэг

“Улсын тэргүүний сургууль”-иар:

  • Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори 1 дүгээр сургууль
  • Увс аймгийн Н.Бүрэн захиралтай лаборатори 1 дүгээр сургууль
  • Өвөрхангай аймгийн Н.Энхтуяа захиралтай Орхон цогцолбор сургууль тус тус шалгарлаа.