Ахмадуудын аялалын тухай тэмдэглэл  /Авто замчдын холбоо
2016.10.03

Ахмадуудын аялалын тухай тэмдэглэл /Авто замчдын холбоо

Манай холбооноос Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 2016 оны 09 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулсан БНХАУ-ын Манжуур хотын аялал амжилттай болж өндөрлөлөө.  Бидний энэ удаагийн аялалд авто зам, гүүрийн 2 хөдөлмөрийн баатар, 2 гавьяат нийт 41 ахмад аяласан.

 Аялалыг "Ар Си Эс Си" ХХК, "Ялгуусан" ХХК, АЗХТөв ивээн тэтгэлээ.

Хэнтий аймгийн Чингисхаан хотод "Харгуй" ХК хүлээн авч, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд "Гашууны гол" ХХК өөрийн хийж байгаа ажлаа танилцуулан, Дорнод аймгийн Чойбалсан хотод  "Дорнод авто зам" ХХК хүлээн авалт хийж ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Манжуур хотод ахмадууд маань 4 одтой зочид буудалд бууж, үзэсгэлэнт газруудаар нь аялан Геннисийн бүртгэлд орсон дэлхийн хамгийн том   “Матрёшка”  шинээр нээгдсэн цогцолбор, арслан зааны  80 хөшөөтэй паркаар зугаалан, манжуур толгой дээр гарч, түүх дурсгалын 3 төрлийн  музей үзэх, 3 улсын тоглолт үзэнгээ  орон орны  оройн зоог барин сайхан аялалаа.

 Аялалын турш уйдах завгүй хөгжилтэй байж бие биендээ ая дууны мэнд дэвшүүлэн, дурсамжаа хуваалцан явлаа. Энэ үед охидын “НАРАН”, хөвгүүдийн “САРАН”, түүх судлаачдын “Дурсамж”, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх  “МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА” бүлгүүдтэй болж  хөгжилдлөө.

Биднийг ая тухтай аялах боломжийг олгож гүн туслалцаа үзүүлэн ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байгууллага, хамт олонд талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсье.

Жил бүр ахмадуудаа аялуулдаг уламжлалтай бөгөөд ирэх жилийн аялалд “Гангүүр” ХХК таван сая, “Мөнхөд ашдын зам” ХХК гурван  сая төгрөгийн хандив өгөхөө аялалын үед амлалаа.

Сайхан мэдээ сонсгосон хоёр компанидаа ахмадууд талархалаа илэрхийллээ.

Авто замын салбарын нийт ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд хүргэе “Алтан шар зам үргэлж ивээж байх болтугай”.