Мэндчилгээ
Улс орноо батлан хамгаалах их үйлст зүтгэж явсан ахмад дайчид, азай буурлууд тэдний гэр бүл та бүхэндээ олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Хөдөлмөрч бүтээлч цэргийн алба хаагчдын маань амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжиж байна. Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, өргөжүүлэхийн төлөө, хөгжил дэвшлээ урагшлуулан ахиулахын төлөө, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулахын төлөө манай цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид нэр төртэй үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн та бүхний хүч хөдөлмөрийн үр шимийн үргэлжлэл гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Мэргэжлийн Засгийн газрын бүтцэд Батлан хамгаалах яам үндсэн чиг үүргийн яам болж өргөжлөө. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай , Зэвсэгт хүчний тухай , Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай батлан хамгаалахын багц хуулиуд батлагдаж салбарын эрх зүйн орчин шинэ шатанд гарлаа. Мөн манай салбарт цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалалд ахиц гарч, гадаад хамтын ажиллагаа эрчимжиж, Монгол цэрэг эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, иргэн-цэргийн харилцаа өргөжсөн гээд хийж бүтээсэн үйлс арвин байна.
Батлан хамгаалах салбарын үүх түүх, амжилт бүтээл бүхэн ахмад буурлууд та бүхэнтэй салшгүй холбоотой байдаг учраас салбарын удирдлагын зүгээс ахмадуудынхаа орон сууцны асуудлыг шийдэх ажлын хүрээнд ахмад буурлууддаа өргөө цагаан гэр олголоо.
Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно.
Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ