Олон Улсын ахмадын өдрийн мэндийг ахмадууддаа хүргэе
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.09.30

Олон Улсын ахмадын өдрийн мэндийг ахмадууддаа хүргэе

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт ахмад настан, алдар гавьяаны эзэд ээ,

Монгол Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газар улс орныхоо нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр гарт баригдаж, нүдэнд харагдах, үр дүнг нь иргэд хүртэх бодит ажлуудыг 2016-2020 онд хийхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж УИХ-аар батлууллаа.

Улс орны эдийн засаг уруудаж, хөрөнгө мөнгөний хүндрэлтэй байгаа ч бид ахмадуудынхаа нийгмийн халамж, хамгаалалтай холбоотой асуудлыг орхигдуулалгүй хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж эхлээд байна.

Улсын хэмжээнд 300 гаруй мянган өндөр настан тэтгэвэр авдаг судалгаа бий. Монгол Улсын Засгийн газар 70-аас дээш настай ахмадууддаа 100-300 мянган төгрөгийн “Насны хишиг” тэтгэврийг хагас жил тутам, цаашдаа улирал тутам олгох бодлого барьж байна. Үүнээс гадна сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж ахмадууддаа үйлчлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр гээд хийж хэрэгжүүлэх ажил бидний өмнө их байна.

Монгол Улсын Засгийн газар ахмад настнуудынхаа төлөө, амьдралын баталгааг нь дээшлүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ахмадууд та бүхний амьдралын туршлага, мэдлэг, чадвар, үнэт сургаал, зөвлөгөө бидний ажилд ихээхэн тус нэмэртэй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Азай буурлууд Та бүхэн маань урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.